Богд Хан Уулын “Цэцээ Гүн”-ний оргилоос 01 дүгээр сарын 06-ны өдөр гараад буцаж явсан иргэн Э /35 настай эрэгтэй/ 18:00 цагийн орчим төөрч, хаана яваагаа мэдэхгүй тухай утсаар ОБЕГ-т мэдэгджээ. Үүний дараачаас түүний утас нь холбогдохгүй болсон байна. Улмаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрэн хайх, аврах салбар, Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид “Цэцээ Гүн”-ний чиглэлд “Манзушир”, “Төр хурх”, “Хүрхрээгийн ам”-ны чиглэлд бүлэг болон хуваагдан эрэн хайх, аврах ажиллагааг явуулж хурандаа Ж.Ганзоригт ахалсан бүлэг “Төр хурх”-ын амны “Их халзан” гэдэг газраас төөрсөн байдалтай байсныг 22:50 цагт эсэн мэнд олсон байна.
ОБЕГ-ын удирдлагуудаас гаргасан хүсэлтийн дагуу үүрэн телефоны “Мобиком” корпарацийн ажилтнууд төөрсөн иргэний хамгийн сүүлд утсаар ярьсан газрын байршлийг нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын автобусны буудлын ойролцоо гэж тодорхойлсон байна. Ингэж байршлийг тогтоосноор 5-30 км-ийн радиуст тодорхойлох боломжтой байдаг аж.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )