Айл гэр албан байгууллага бүр шинэ оноо угтан ногоохон гацуураа чимдэг. Жижиг, том өнгө өнгийн гацуураас тэс ялгаатай нэгэн сүлд модыг энэ удаа онцолж байна. Бамбаруушаар зассан мод. Гэрлээр чимж цагаан ягаан өнгөөр хослуулсан энэ модыг засахад 100 ширхэг бамбарууш оржээ. Үнэхээр өвөрмөгц санагдлаа. Харин энэ гоёлыг үнэ цэнэтэй болгож байгаа шалтгаан нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ харан ажил эрхлэх боломжгүй суудаг ээж нар урласанд оршино. Энэ бамбаруушуудыг чихэж, оёсон Ч.Ганцэцэгтэй уулзлаа.
-Ийм өвөрмөгц мод засах санаа яаж төрөв?
-Энэ миний болон бидний санаа бишээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд хамтдаа “Ээлтэй ертөнц” ТББ-ыг байгуулаад гурван жил болж байна. Энэ хугацаанд хүүхдүүдийнхээ сурч, хүмүүжих орчинг ээлтэй болгох, нийгмийн хандлагыг эергээр өөрчлөх зэрэг олон ажлыг бид хийж санаачилсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран гэртээ суугаа ээж нар маань ажил эрхлэх боломжгүйгээс орлогогүй үүнээс шалтгаалан өдрөөс өдөрт амьдрал нь хүнд хэцүү болж байгаа нь хамгийн анхаарал тавих асуудал болсон юм. Энэ асуудлыг шийдэх гарцыг бид удаан хайсан. Бэрхшээлтэй хүүхдээ орхиод гарч чадахгүй ээж нартаа гэрээр хийх ажил байна уу гэж удаан хайсан. Өнгөрсөн жил “Баяр хөөрийн ивээл хүмүүнлэгийн сан”-ийн санаачилгаар “Хайрын холбоос” төсөл хэрэгжиж 500 чихмэл бамбарууш хийсэн. Энэ жил бидэнд Casablanca рестораны хамт олноос захиалга ирж бид урласан юм. Ийм сайхан сүлд мод болно гэж төсөөлөөгүй байсан.
-Ээж нар хүүхдээ харангаа гэртээ хийсэн гэж үү?
-Тийм ээ. Энэ нь маш их хөдөлмөр орох чимхлүүр ажил л даа. Ажиллагаа ихтэй. Бидэнд үнэхээр сайхан байсан. Гарч орохгүй, ажлын цаг гээд л яарч сандрахгүй гараасаа бүтээл гаргана гэдэг сайхан байсан зөөлөн тоглоом хийх сайхан шүү. Заримтай нь ярилцана. Тоглоом гэхээрээ л хөөрхөн.
-Зөөлөн тоглоом монголд хийж байна гэж огт сонсоогүй юм байна?
-Монголд хийхэд хүндрэлтэй л дээ. Гадаадаас илүү сайн эсгүүртэй, сайн материалтай хямд тоглоом орж ирдэг болохоор. Бид материал их хайсан чанар хангахаар үсний олдоц ховор, байсан ч өндөр үнэтэй, бусад зүйлүүд ч монголоос олдохгүй сонголт багатай байдаг. Тийм ч учраас энд үйлдвэрлэхэд хэцүү. Хамгийн гол нь энэ ажилд олон хүн оролцож ажлын байртай болох боломжтой юм аа. Нэг бамбарууш гарахад зургаан хүн ажлын байртай болно. Тэгээд ч жил нэг удаа л хөдөлмөрийн хөлс авдаг учраас үнэлгээ өндөр тавьсан.
-Энэ жил хэдэн зөөлөн тоглоом хийсэн бэ?
-Бид 250 ширхэгийг хийсэн. Мөн чихмэл хурга хийх гэж оролдсон. Илүү их ажиллагаа шаардах юм билээ. Өнгөрсөн жил бамбарууш хийсэн болохоор илүү туршлагатай болсондоо ч тэрүү бамбаруушаараа дагнасан гэх үү дээ. Энэ дашрамд бидний ажлыг дэмжиж бамбарууш худалдан авсан хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байнаа. НАЗХолбооны залуучууд тэр дундаа СБД-ийн 5-р хорооны ИХТ Оюун-Эрдэнэдээ үнэхээр их баярлалаа. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Хаянхярваа, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нартаа бидний ажлыг үнэлсэнд баярлалаа.
-Таньтай ярилцаж байхад УИХ-ын 76 гишүүнд мэссэж явуулсан гэж байсан?
-Тийм ээ. Бидэнд 78 бамбарууш үлдсэн байгаа. Шинэ жилээр ганцхан удаа хөдөлмөрийнхөө хөлсийг өвдөг бидний хувьд бүгдийг нь борлуулахад цаг зав их орох юм билээ. Тэгээд ярилцаж байгаад гишүүддээ хандсан юм. Заримд нь хоёр ч удаа хандсан. 76 гишүүнээс гуравнь л бидэнтэй эргэж холбоо барьсан даа.
-Бамбарууш ямар үнэтэй вэ?
-15 000 төгрөг. Бид материал, хөдөлмөрийн хөлсөө багтаагаад 11 000 болсон. Энэ жил найман ээж хамтран ажилласан юм. Бүгдээрээ ярилцаж байгаад үнээ тогтоосон. Нэг бамбаруушаас гарч буй дөрвөн мянган төгрөгөө нийлүүлж байгаад зайлшгүй гэж хэлж болохоор хэрэгцээндээ зориулахаар шийдээд ёолкгүй айлууддаа мод авч өгсөн юм. Манайхны олон жилийн бодол л доо. Нийт зургаан айлд мод авсан. Хүүхдүүд маань ямар их баярласан гээч. Хэлж ярьж чадахгүй ч нүдэнд нь тодорсон тэр их баярыг хүн бүртэй хуваалцмаар санагдсан.
-Би ч бас хамт байсан юм шиг мэдэрч байна. Үнэхээр сайхан санагдлаа.
-Баярлалаа. Хүүхдүүд модтой болохыг олон жил хүлээсэн байх. Тэгээд л тэгж баярласан байхаа. Зурагтаар ёолк зассан айлууд, баярын нэвтрүүлгүүд гарч байхад хүүхэддээ мод авч өгөх нь битгий хэл өдрийн хоол, түлээ нүүрсний мөнгө гэж зовж суугаа айл өрх, тэр дундаа хүүхэд нь бэрхшээлтэй олон айлууд, өрх толгойлсон ээжүүд байдаг. Энэ бамбарууш оёсон ээж нар маань ч бас өөрсдөө хөдлөөд түүнийгээ үнэлүүлж, хүүхэддээ эм, тариа пампарс авахдаа үнэхээр баяртай байсан.
-Миний сэтгэл хөдөлж байна аа. Та бүхний ажлыг хүмүүс дэмжээсэй гэж хүсч байна. Та хэлсэн жилд нэг удаа хөдөлмөрийн хөлсөө авдаг гэж. . .
-Тийм шүү. Нэг бамбарууш хийхэд материал дээрээ зурах хайчлах, эсгэсэн зүйлээ оёх, шалгах, хамгийн сүүлд нь нүд хамар хийх, чихэх, холбох гээд зургаан хүний хөдөлмөр орсон байгаа. Энэ бүгдийгээ нэг бүрчлэн үнэлсэн л дээ. Гэхдээ байнгын биш түр ажлын байр болохоор. . . Гэхдээ бид баяртай байгаа.
-Та бүхэн үлдсэн бамбаруушаа хаана борлуулж байгаа вэ?
-Тогтсон лангуу, дэлгүүр байхгүй ээ. Бидэнтэй утсаар холбоо барьж тоогоо хэлэхэд хүргэж өгөх болноо.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье!
Уншигч таньд энэхүү ярилцлагыг уншаад ямар сэтгэгдэл төрөхийг би мэдэхгүй. Гэхдээ миний хувьд баяраар дүүрэн байна. Амьдрал хүнд гээд алгаа тосоод суугаагүй тэсвэр тэвчээртэй эдгээр эмэгтэйчүүдийг бага ч гэсэн дэмжмээр тийм л сэтгэгдэл төрж байна. Шинэ оны анхны бэлгээрээ “Хайрын бамбарууш”-ийг сонгож яагаад болохгүй гэж...
Таньд боломж байвал тэдний урласан бамбаруушийг сонгоорой. Авахыг хүссэн хүн 8830-2278, 99191331 утсаар холбогдоорой.
Сэтгэгдэл ( 0 )