Эрх мэдлийн төлөө ичих нүүрээ элгэндээ наачихсан задарсан бас даварсан эрхмүүдийн үнэн дүр төрхийг илчлэх “Масктай Матар” булан танд хүрч байна. Нэгэнтээ албан тушаал, эрх мэдлийн үзүүрээс атгаж үзээд, амташчихсан, илүү лавшруулан базаж авахыг хүсэгчид нь хамгийн худал зүйлийг хамгийн гоёор өнгөлөн ярьж, хамгийн бүтэхгүй зүйлийг хамгийн хялбараар сэтгэж, бусдыг залилж чаддагийг сонгуулиас сонгуулийн хооронд амьдрах болсон бидний монголчууд эрхбиш мэддэг болоод байна. Ерөөс улс төр бол өөрсдийн ашиг сонирхол, шаардлагыг хэрэгжүүлэх гэсэн хүмүүсийн зорилго чиглэлтэй үйл ажиллагаа байдаг нь нотлогдсон үнэн билээ. Тиймээс ч хамгийн их худлаа ярьдаг, иргэдийг хулхиддаг хүмүүс бол улстөрчид байдаг гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Ямартаа л Английн баруун хойд зүгийн Сэнтон Бридж тосгонд жил бүр болдог худал яригчдын тэмцээнд улс төрчид болон хуульчдыг оролцохыг хориглож байхав. Учир нь тэд худал ярих урлагийг дэндүү сайн эзэмшсэн байдаг учраас худал яригчдын хааны титмийг дандаа улстөрчид авчих нь гэхээс зохион байгуулагчид нь эрхгүй болгоомжилсон шинжтэй байдаг. Энэ нь инээдтэй мэт боловч эмгэнэлтэй зүйл л дээ.
Тиймээс ч бид монголын улстөр дэх хамгийн худалч “Масктай Матар”-уудыг нэгийг нь ч үлдээлгүй нэрлэхээр шийдсэн юм. Худалч улстөрчийн нүүрнээс маскийг нь хуу татаж, худал хэлсэн бүхнийх нь төлөө нийтийн эрх ашгийн өмнөөс матарлахаар болсон юм. Харин улирал бүрт хамгийн шалгарсан худалчийг шалгаруулж “Масктай Матар”-ын титмийг зүүж өгөх болно. Ингээд эхний “Масктай матар”-ыг нэрлэе. Тэр бол Нийслэлийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр юм.
Хотын мэрийн суудлаас буусныхаа дараа баахан хэрүүл хийж, шүүхээр зарга хийж явсан Ц.Батбаярт Баянзүрх дүүрэгт нэр дэвших боломжийг нам нь найман онд олгосон билээ. Харин тэмцлийнхээ үр дүнд тойрогтой болоод авсан Ц.Батбаяр түшээгийн суудалд суухын тулд ёстой л түмний хулхин дээр хэчнээн арван цэцгийг өөрийнхөө гараар ургуулсан юм. Энхрий хайрт намаасаа тараасан нэг сая таван зуун мянган төгрөгийн батламжийн хамт,өөрийн амлалт болох “Амьдралын босго” гурван өрөө байрны анкетийг тойргийнхоо өрх бүрийн тэргүүнүүдээр бөглүүлж, хашааны газраа гурван өрөө байраар солиорой хэмээн шүлсээ үсчүүлэн ярьж явсан хүн бол тэр. Мөн тэрээр “Монгол өрхийн амьжиргааны доод босго гурван өрөө байр түүнтэй адилтгах орон сууцны нөхцөлтэйгээр байх бүхий л бололцоог бүрдүүлэхийг зорино” гэсэн урт өгүүлбэр бүхий батламжийн цаасыг тарааж явахдаа лав МАСК-аа зүүсэн байлгүй дээ.Тэрнээс улаан нүүрээрээ бол арай ч тэгж увайгүй зүйлийг угсруулан ярьж, инээд алдаад сууж байхгүй л байсан болов уу. Хэдийгээр тэрээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Ургах наран” хорооллыг өөрийнх нь амлалтын нэгээхэн хэсэг гээд сууж байж болох ч, тус хорооллын чанарын асуудлаас гадна оршин суугчид нь өөрсдийгөө Ц.Батбаярт хууртагдсан хэмээн нийтэд мэдээлж байсан. Ер нь бол Ц.Батбаяр “Амьдралын босго” гэх гурван өрөө байрны амлалтаа улстөр, бизнесийн хослол болгосон гэсэн үг л дээ.
Түүний бас нэгэн амлалт бол эрчим хүчний V дахь эх үүсвэрийг барих явдал байв. Үнэндээ бол хөөрхий нэг гишүүний хийж дийлээд гарчих юм биш л дээ. Мань эр ичихгүй худалчдаа л ийм амлалт өгсөн болохоос биш, Ц.Батбаяр байтугай Монгол Улсын Засгийн газар нь гүрийгээд ч ард нь гарч дийлэхгүй байгаа асуудал. Бүр станцыг барьж босгох газрын асуудал нь хүртэл хулхи маягаар шийдэгдсэн байж байгаад өнгөрөгч оны сүүлээр нэг юм Засгийн хуралдаанаар тодорхойлогдлоо. Тэр нь ч бас үлгэр болж жаргахыг үнэндээ хэлэхэд хэцүү. Тэгэхээр Ц.Батбаяр эрхэм тийм л багцаагүй, баримжаагүй худалч болж таарч байгаа юм л даа.
Уг нь Ц.Батбаяр гуай шинэ эх үүсвэрийг л барихгүй бол улсын хөгжил 5-10 жилээр хоцрох болно гээд байсан. Гол нь тэр энэ амлалтынхаа төлөө хэдэн ширхэг хүчтэй үг амнаасаа унагасан бил үү. Иргэн та сонссон уу?
Түүний амлалтуудын нэгээхэн хэсэг нь Баянзүрхийн Есөн хороонд цэцэрлэг, дөрвөн хороонд сургууль барьж өгөх байсан. Уг нь зарим сүйхээтэй гишүүдийг хараад байхад төсөвт яаж ийж байгаад тойргийхоо сургууль цэцэрлэгийн асуудлыг хавчуулчихсан байдаг.Харин Ц.Батбаярын тухайд бол үлгэр. Тэр анхнаасаа худлаа хэлсэн болохоор ч тэр үү, хийж хэрэгжүүлье гэдэг талаас нь яваагүй, сэтгэл гаргаагүй гэж гомдоллох хүмүүс экс тойрогт нь олон байдаг юм билээ. Уг нь манай “Масктай Матар” өрөвч юм шиг байгаа юм. Учир нь тойргийнхоо хэд хэдэн цэцэрлэгийн аж байдалтай танилцах үеэрээ жигтэйхэн уулга алдаж “Би гишүүн болвол есөн хороонд хүүхдийн цэцэрлэг барина” гэсэнсэн. Гэвч бараагүй дээ, зайлуул.
Мөн Баянзүрхийн товчооноос Налайх хүртэл хурдны зам тавина гэсэн амлалтаа өөрөө бол санадаггүй юм шиг байгаа юм.
Ер нь бол Ц.Батбаяр эрхэмд хийж гавьсан зүйл тун бага юм билээ. Ямартаа л Багахангай дүүргийн даргаар ажиллаж байхдаа дүүргээ хоёр ч удаа хөлдөөсөн “арчаагүй” удирдлага гэгдэж байхав. Харин хотын даргаар 24 сар суухдаа эфирийн өмнө хүүхэд шиг зан гаргаж, түмний хайрыг нэг татахаа шахаж билээ. Гэвч тэр нүүрээ халхалсан худалч нэгэн гэдэг нь тодорхой болсон. Арванхоёр онд Баянзүрхчүүдийг орхиод, Хан-Уул руу гүйсэн ч гарч чадаагүй. Түүнийг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээллийг албаныхан өнөөдрийг хүртэл үгүйсгээгүй байгаа юм.
“Масктай матар” цувралаар танд хүрэх болно..
Сэтгэгдэл ( 0 )