“Хан-Уул дүүргийн шүүхэд өчигдөр Филиппин улсын иргэн Тереси Эвангли Бендо болон Монгол улсын иргэн Э.Алтантуяа нарт холбогдох хар тамхи хилээр нэвтрүүлсэн хэргийг хэлэлцлээ. Тереси Бендо 2012 оны тавдугаар сарын 14-ний 22.00 цагт Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд “Корейн эйрлайнз” компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхдээ 5 килограмм 450 грамм героин авчирч, манай улсын иргэн Э.Алтантуяад дамжуулах гэж байгаад хууль хяналтын байгууллагынханд баригдсан юм. Тэдэнд НПГ мансууруулах бодис их хэмжээгээр хилээр нэвтрүүлсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Хан-уул дүүргийн шүүх Тереси Бендо, Э.Алтантуяа нарт чанга дэглэмтэй хорих ангид 18 жил хорих ял шийтгэлээ” гэх мэдээлэл өчигдрөөс эхлээд л цацагдав. Яахав хууль хяналтын байгууллага хуулийн дагуу асуудлыг шийдэж хэргийг цэглэжээ. Гэхдээ манай улсын хууль гомдмоор юм гэх үгийг цухалзуулах нэгэн ч байв. Яагаад гээч. Хятадад 0,6 грамм мансууруулах бодис тээвэрлэсэн тохиолдолд ямарч өчиггүйгээр цаазын ял оноодог. Гэтэл манай улсын хууль түүнийг нь хэд дахин нугалсан бүр килограммаар яригдах хэмжээний их хар тамхи тээвэрлэчихээд байхад ердөө л 18 жилийн ял оноолоо. 5кг 450 гр героин шүү дээ. Дэгсдүүлэн хэлбэл Хятадад бол баригдсных нь маргааш л цаазлах хэмжээний хар тамхи.
Монголчууд бид өдөр тутмын сонин, сэтгүүл, телевиз, цахим хэвлэл, амнаас ам дамжсан яриа гээд л ер нь хаанаас л бол хаанаас мэдээлэл авч чадаж байгаа. Дотоод үйл явдал ч тэр, гадаад нь ч тэр яг адилхан. Тэгэхээр хэдэн жилийн өмнөөс эхлэн урд хөршид хар тамхины хэргээр баригдсан Монгол улсын иргэдийн хувь заяа хэрхэн шийдэгдэж байгааг лав мэдэж байгаа байх. Ихэнх нь насаараа хоригдох ял сонссон. Бас цаазын ял сонссон нь ч бий. Гэхдээ хэдийд хаана хэрхэн цаазалсан бэ гэдэг нь тодорхой бус байдаг. Угаас хятадын хууль чанд хатуу. Тийм ч учраас цаазын ял сонссон нь байтугай сэжигтэн этгээдтэй уулзахад ч бэрх гэдэг. Гэмт хэргийн золиос болсон Ц.Байгалмаа гэх эмэгтэйн гунигт хувь тавилан хэрхэн шийдэгдлээ дээ. Түүнийг “ашиглаж” ээлжит золиосоо болгосон Л.Гантуул, Ё.Оюунбилэг нар 12 жилийн хорих ял сонсож байхад Ц.Байгалмаа хятадын шүүхээс насаараа хоригдох ял сонссон. Гэтэл түүнийг эмгэлэнт хувь тавилан руу түлхсэн Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт тус бүр 12 жил хорих, Ц.Оюун-Эрдэнэд 6 жил 8 сар 10 хоног хорих ял оноож билээ.
Л.Гантуул гэх найрагч эмэгтэй Ё.Оюунбилэгтэй урьдчилан үгсэж тохиролцон, бүлэглэж 2009 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Малайз улсаас БНХАУ руу Л.Байгалмаагаар 201 ширхэг үрэл буюу 2004 грамм героин хууль бусаар тээвэрлүүлэх үйлдлийг зохион байгуулсан, мөн 2008 оны 10 дугаар сараас 2009 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Л.Байгалмаагаар Вьетнам, Малайз зэрэг Азийн орнуудаас удаа дараа мансууруулах бодис хууль бусаар тээвэрлүүлсэн гэмт хэргийг үйлдсэн байдаг.
Түүнчлэн мөн Ё.Оюунбилэгтэй урьдчилан үгсэж тохиролцон, бүлэглэж Ц.Оюун-Эрдэнээр 2009 оны 6 дугаар сард Малайз улсаас БНХАУ руу 31 капсул мансууруулах бодис хууль бусаар тээвэрлүүлэх, П.Алтансүхээр 2009 оны 3 дугаар сард Вьетнам улсаас БНХАУ руу, 2009 оны 6 дугаар сард Лаос улсаас БНХАУ руу мансууруулах бодис хууль бусаар тээвэрлүүлэх үйлдлүүдийг тус тус зохион байгуулсан хэрэгт холбогдсон байна.
Үүнээс гадна Л.Гантуул нь 2009 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Цагдан хорих байранд хоригдохоор очих үед биед нь үзлэг хийж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан Д-г зодож, нүдний шилийг хагалан, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг тсу тус үйлдсэн байдаг. Зөвхөн эл хэргийн жишээн дээрээс авч үзэхэд монгол улсын хуулт гууль, хятадын хууль хууль юм гэдэг тодорхой харагдаж буй. Бас өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхээс Филиппин улсын иргэн Тереси Эвангли Бендо болон Монгол улсын иргэн Э.Алтантуяа нарт холбогдох хар тамхины хэрэгт оноосон ялаас харахад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт оноох ял хэт “хөнгөдөөд” байгаа юм биш биз.
Н.Энэр
Сэтгэгдэл ( 0 )