30 сая ам.долларын хөрөнгөтэй нууц ноёнтнууд хэн бэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

1990-ээд он гарснаас хойш гахай үүрч, тарваган малгай, жинсэн өмдний бизнес эрхлэн үхэхээс бусдыг үзсэн бизнесмэнүүдийн зарим нь хөл дээрээ босч өдгөө утаа, хүйтэн хоёроос дайжин халуун дулаан оронд өвөлжиж, ээлжний солих хувцасаа авахаар гадагшаа нисч байхад зарим нь байснаа баран гудамжинд гарсан гашуун түүх бий. 

Харин 2000 оноос хойш баян ядуугийн ялгаа тодорч нийгмийн гэрэл гэгээтэй хийгээд бараан сүүдэртэй хоёр тал эрс ялгарч тэнгэр газар шиг л харагдах болсон. Энэ хэрээрээ зааг, ялгаа тогтож нийгэмд баттай байр сууриа олчихсон гэхэд хилсдүүлсэн болохгүй. Эл ялгаралтыг иргэд бүгдээрээ харж байгаа.

Хэдийгээр Засгийн газар хийгээд Төрийн өндөр албан тушаалтны суудалд суугаа нөхдүүд амьжиргааны түвшинг эрс дээшлүүлж, айл өрхүүдийг жигд “хөрөнгөлөг” болгоно гэх нь холгүй ярьж байгаа ч шинэ цагийн цээж баячуудын хурд гүйцэгдэхээсээ нэгэнт өнгөрсөн. Хамгийн гол нь шинэ баячууд, хөрөнгөлөг эрхмүүдийг үгүйсгэж байгаа биш, харин баян хийгээд хоосны ялгааны талаар ярьж буй гэдгийг ойлгох буй за.

Саяхан Английн алдарт BBC агентлаг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээллийг үндэслэн нэгэн сонирхолтой судалгааг гаргасан байна. Энэ нь цалингийн шатлал. Улс орны хөгжлийн түвшин, иргэдийн амьжиргааг шууд утгаар нь харуулах эл шатлалд хэт ядуу улс орнуудыг оруулаагүй гэж байгаа. Харин хөгжингүй буюу хөгжиж буй 72 улсыг хамруулсан байна.

Гэхдээ хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэгчээр улс орон болгоны иргэдийн амьжиргааны түвшин өөр учраас татварын өмнөх цалинг сарын 1480 ам.доллараар тооцжээ. Гэтэл дундаж орлоготойд тооцогдох манай улс 72 улс орноос 65 дугаар байр буюу сүүлээсээ 7-д бичигджээ. Энэ нь сүүл мушгисан 227 ам.долларын орлоготой Тажикстаныг бодвол бас ч гэж яахав дээ гэмээр. Гэхдээ л эхний 10-т бичигдсэн тэргүүлэгч улс орнуудын цалингийн орлогын дэргэд өчүүхэн юм. Тодруулбал, Америк, Норвеги, Англи, Австри, Люксембург зэрэг их гүрнүүдийн иргэдийн татварын өмнөх цалин нь 3000-4800 ам.доллар гээд бод доо.

Хамгийн сонирхолтой нь цалингийн шатлалаар 72 улс орноос 65-д бичигдэж адгийн сүүлийг мушгих шахсан манай улсад дэлхийн хэмжээний тэрбумтан 40 байдгийг та мэдэх үү. Эл тоо баримтыг дэлхийд нэр хүндтэй Олон улсын санхүүгийн зөвлөх компани болох “Wealth-X proudly” жил бүр гаргадаг. Энэ жилийн шинэчлэн гаргасан “World ultra wealth report”-д манай улс Ази тивдээ 19 дүгээр байранд орж байгаа юм. Баячуудын жагсаалтын  20-д багтсан манай улсад 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй эрхэм 40 байдгийг тогтоожээ.

30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй эрхмүүдийн хөрөнгийг тооцохдоо үл хөдлөх хөрөнгө, компани, машин, онгоц, урлагийн бүтээлийн цуглуулга, банкин дахь хадгаламж зэргийг “Wealth-X proudly” компани үнэлэн гаргаж жагсаалтад хэнийг бичих, хэнийг хасахаа мэддэг.

Манай улсын 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 40 эрхмийн нийт хөрөнгө нь 6 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгааг дээр дурьдсан. Эл зургаан тэрбумыг яг тэнцүү хуваалаа гэхэд нэг эрхмийн ам.доллараар үнэлэгдэх хөрөнгө нь 150 сая ам.доллар болж байгаа юм. 150 сая ам.долларыг Монгол төгрөгт дундажлан шилжүүлбэл 208 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэсэн үг. Энд бас нэгэн зүйлийг дурьдах нь зүйтэй байх. Манайхны сурсан зан нь хөрөнгө мөнгөө нуун далдалж үгээгүй ядуугийн дүр эсгэх. Ямар ч байсан эл байгууллагад хөрөнгө мөнгөнийхөө хэмжээг тодорхой гаргаагүй нөхдүүд 40 баяны тоонд орж дэлхийд Монголын нэрийг гаргалаа. Харин үнэн зөвөөр гаргаагүй нуугдаж үлдсэн нууц ноёнтон цаанаа хэд ч байгаа юм билээ хэн мэдлээ. Үүнээс гадна “Wealth-X proudly” компанид хөрөнгөө тоочсон 40 эрхмийн хэн хэн нь хөрөнгө мөнгөө үнэн зөв мэдүүлсэн бол гэдэг ч бас сонирхолтой. Бүр хэн хэн бэ гэдэг нь бүүр ч их сонирхол татаж байна.

Ямартай ч өнгөрсөн хугацаанд АТГ газар хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХОМ/ өгсөн Төрийн өндөр албан тушаалтнууд дотор ийм хөрөнгөтөн байхгүй. Бүр насаараа төрийн өндөр албан тушаал хашиж төр, түмнийхээ төлөө зүтгэчихээд хөл дүүжлэх унаагүй, паартай байшин, паалантай 00-гүй эрхмүүд хөлсний байр дамжин явдаг хэмээн ичих ч үгүй хэлж байсныг уншигчид санаж буй байх. Тэгэхээр манай улсын тэрбумтнууд аль салбарт байж болох вэ гэдэг нь бараг л таавар болж байгаа ч зарим эх сурвалжийн хэлж буйгаар уул уурхай, улстөр хоёроос л ихэнх тэрбумтнууд төрсөн гэх.

Таамаглахаас сүүлийн үед хүчээ аваад буй уул уурхайн салбараас цөөнгүй тэрбумтан төрсөн нь лав. Бас төрөөс төрсөн тэрбумтан гэдэг шинэ нэр томъёо сүүлийн үед гарч ирсэн. Тэгэхээр уул уурхай, төр хоёроос л мэндэлсэн тэрбумтнууд байж таараад байгаа биз.

Н.Энэр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top