Кувейтын Шейх Нассер өнгөрсөн оны зун Монгол улсын Хэнтий аймагт зочлож, амрах үеэрээ өөрийн санаачлагаар тус аймгийн нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн зарим тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар олгохоор болсон билээ. Үүний мөрөөр өнгөрсөн оны 10 дугаар сард кувейтын төлөөлөгчид тус нэгдсэн эмнэлэгтэй газар дээр нь танилцаж, зарим судалгааг хийсний эцэст зөөврийн рентген, нярайн инкубатор, нойрсуулах аппарат, эхо аппарат болон түргэн тусламжийн автомашин зэргийг тус эмэнлэгт олгохоор шийдсэн аж.
Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал Кувейтын Шейх Нассер Сабан Ал Ахмад Ал Сабины биет төлөөлөгч Мутлаг Ал Жиян болон Улаанбаатар дахь Кувейтын Элчин сайдын яамны холбогдох албаны хүмүүсийг Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзлаа. Н.Удвал сайд буцалтгүй тусламжийн тоног төхөөрөмжийг олгохтой холбоотой асуудлуудыг Эрүүл мэндийн яамны зүгээс дариу судлан үзэж, шаардлагатай арга хэмжээг авч, дэмжлэг үзүүлэн ажиллахаа тэмдэглэж, Шейх Нассераас буцалтгүй тусламжаар олгох тоног төхөөрөмжнүүд нь Хэнтий аймгийн ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ үзүүлнэ гэж үзэж буйгаа хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )