Жолооч нарыг хэлмэгдүүлэх бас нэгэн арга

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 09

 

Манай улсад ижил маркийн тэгсэн хэрнээ ижил улсын дугаартай автомашин  3000 гаруй байдаг юм байх. Гэхдээ энэ тоон дээрээ Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яамныхан итгэлгүй байдаг юм байна лээ. Сүүлд найзан дундаа ороод асуухад 3111 байдаг гэж байсан. Тэгэхээр үүнийг буруу талаас нь харъя л даа. Таньтай ижил маркийн ижил улсын дугаартай машины жолооч “үймүүлсэн” бол горыг нь та амсах магадлал өндөр болчихоод байгаа юм. Хохирлын хэмжээ ямар ч байж болно. Хоёр жилийн өмнө минийхтэй ижил дугаар, маркийн маин хотын гудмаар явдаг байсан бололтой юм.  Тэр нөхөр ядаж байхад дүрэм их зөрчинө. Тэр бүрт нь цагдаа ах намайг саатуулж дүрэм зөрчлөө гэж загнаж, торгохыг завддаг байв.  Аргаа барж, үгээ хэлж явтал ашгүй камерт би хэрэг үйлдсэн биш, харин “амьдаа” дугаартай машины эзэн  болох нь бичигдэн үлдэж нэрээ цэвэрлэсэн. Улмаар унаагаа солихоос өөр аргагүйд хүрсэн.  Энэ бол хамгийн наад захын энгийн жишээ.  Одоо арай өөр хүнд төрлийн нэг жишээг хүргэе. Одоогоос хэдэн сарын өмнө УБН 64-64 улсын дугаартай “Соната” маркийн автомашин хөлөглөсөн залуучууд Сонгинохайрхан дүүрэгт дээрэм хийсэн. Тиймээс цагдаагийнхан улсын дугаараар нь эрэн сурвалжилж, УБН 64-64 улсын дугаартай “Кровон” автомашин эзэмшигчийг баривчлан саатуулсан ч тэрбээр дээрэм хийсэн этгээд биш байсан нь нотлогдож, бөөн зарга болж байв. Хамгийн наад зах нь улсын дугаар давхардуулж өгсний улмаас ийнхүү гэм зэмгүй ажлаа хийж явсан хүний эрхэнд халдсан явдал болж байлаа. Харин над шиг хааяа нэг хэлмэгдсэн хүн цөөнгүй байдаг юм билээ.  Үүнээс ч хүнд төрлийн гэмт хэрэг гарах магадлал өндөр. Ийм үйлдлээс сэргийлэхийн тулд таны машинтай ижил марк, дугаартай машин тааралдвал шууд л Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яаманд хандаж өөрийнхөө дугаарыг баталгаажуулж, нөгөө нөхрийн дугаарыг  үгүйсгэх хэрэгтэй болж байгаа юм.  

Тэгвэл дугаар давхардах явдлын “жонхуу”-г замын цагдаагийн газар зуурсан байх юм. Өөрөөр  хэлбэл дугаар олгох ажил  ЗЦГ-ын харьяанд байх үед дугаар олголтыг хүн хийж цаасан дээр архивладаг байсан. Тиймээс дүүрэг, аймаг зэрэг газруудад дугаар дав­хар олгогдох явдал гарч байсан гэнэ. Одоо харин тийм зүйл байхгүй болгохын төлөө өнгөрсөн хугацаанд 500 машины зөрчлийг арилгасан.  Цаана нь 3000 үлдээд байгаа юм байх.  

Үүнд нөлөөлж байгаа өөр нэг зүйл бол машины марк, моделийн тэмдэглэгээ манай улсад замбараагүй байдагтай шууд холбоотой. Дэлхийд Hyundai, Toyota, Ford гэх мэт 400 хүрэхгүй марк байдаг. Гэтэл манай  тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд 1026 марк байна.  Гэхдээ зарим нэг нөхдүүд  Монголд 200 гаруй маркийн машин байгаа гэсэн судалгааг хийчихсэн байгаа.  Маркаас гадна модель гэж бий. Toyota гэхэд Land Cruiser, Camry, Prius гэх мэт моделиуд байдаг. Дэлхийд ойролцоогоор 3000 хавьцаа модель өдөр тутам ашиглагддаг. Гэтэл манай бүртгэлийн санд 7500 гаруй модель бүртгэлтэй байх жишээтэй.

Тэгэхээр өөрийнхөө төлөө бусдыг “хохироох”-оос өөр аргагүйд хүрч байгаа юм.  Эс бөгөөс  бусдын өмнөөс хохирч, хэлмэгдэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ.  Жолооч нараа ижил  марк, ижил улсын дугаартай машин байвал  шуурхай мэдэгдэж, дугаараа хадгалж үлдээрэй.  Харин хур хөрөнгөтэй ижил маркийн ижил дугаартай нөхдүүд ухамсараараа дугаараа солиулна бизээ. Үгүй бол ард түмэн нь Зам тээврийн яаманд хошуу хүргэнэ гэдгийг санаарай.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top