Манайхан Ази, Номхон далайн бүсийн мэргэжилтнүүдийг сургаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 09

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба COSCAP олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж буй нисэхийн мэдээллийн үйлчилгээний анхан шатны олон улсын сургалт энэ сарын 7-11-ний  хооронд болж байна.

Анх удаа манай улсад зохион байгуулж, манай иргэний нисэхийн мэргэжилтнүүд багшилж буй энэхүү сургалтад Ази, Номхон далайн бүсийн Малайз, БНАСАУ, Тайланд, Монгол зэрэг орны иргэний нисэхийн салбарын 15 мэргэжилтэн оролцож байгаа аж.

Манай улсын нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага сүүлийн жилүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээндээ орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн, Олон улсын иргэний нисэхийн байгуулага/ИКАО/-аас дэвшүүлж байгаа зорилтууд болон нисэхийн мэдээллийн үйлчилгээг нисэхийн мэдээллийн менежментэд шилжүүлэх концепцыг амжилттай хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд Монголын иргэний нисэхийн салбар нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр Ази, Номхон далайн бүсдээ тэргүүлэгчдийн эгнээнд зүй ёсоор багтаад байгаа юм.2010 онд ИКАО-гаас Монгол Улсын иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаанд хийсэн аюулгүй ажиллагааны өргөтгөсөн аудит шалгалтад манай иргэний нисэхийн байгууллага амжилттай дүн үзүүлэн, олон улсын иргэний нисэхийн мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан. Улмаар ИКАО, COSCAP зэрэг олон улсын байгууллагаас бүсийн төвүүдэд монгол мэргэжилтэн ажиллуулах, USOAP хөтөлбөрт шалгагч авах саналыг манай талд тавиад байгаа аж. Хамтын ажиллагааны шинэ түвшний энэ удаагийн сургалт манай иргэний нисэхийн мэргэжилтнүүд урьд нь гадаадын багш нараар заалгадаг байсан бол одоо гадаадын мэргэжил нэгт хүмүүст зааж сурган, мэдлэг оюунаа түгээж буйгаараа онцлог юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top