Наурызын баярын үеэр архи огт хэрэглэдэггүй. Исламын ёслолд “карам” буюу цээрлэх ёсонд архи дарсыг бусад ариун идээний дэргэд байлгаж болдоггүй бузар зүйл гэж үздэг байна.
Баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгvй нэр төрлийн хоол байх учиртай. Тvvний нэг нь шөл. Сонгино, давс зэрэг долоон төрлийн амтлагчтай, махны шөл ууна. Энэ шөлийг хvн бvр ууна. Баяраар хэчнээн олон айлд шөл уувал төчнөөн сайн байна гэж vздэг.
Каз буюу кеже нь казах түмний үндэсний хоол бөгөөд адууны махыг амтлан чанаж хийнэ. Махаа гал дээр болгож, шөлийг нь уух дуртай байдаг нь нэгт хоолны амт шимтэй холбоотой, хоёрт галыг ариусгах шидтэй, сайн сайхны бэлгэдэл гэж үздэгтэй салшгүй холбоотой юм. Зөөлөн гал дээр болсон амттай шөлөнд нь хөц будаа, хөц будаа байхгүй тохиолдолд орлох өөр будааг хаяж, аарц хийж иднэ.
Өөх, тостой ч шаранд хүрдэггүй хэмээсэн учир казах түмний адил казыг гараараа барин идэж, чанасан шөлөөр нь хийдэг көже буюу аарцтай будаагаар Чилбек буюу жижиг гамбир, бинтэй адил гурилан хоолыг өөд болсон өтгөс, өвгөддөө зориулан хийж ширээ дүүргэн тавина. Чилбек хийхдээ уснаас өөр унд хоолонд хэрэглэдэг юуг ч эс хийнэ. Энэ нь идээ будаа, ургац хадлангаар арвин байгааг илтгэхээс гадна ганц ч амтлагч ордоггүй нь газрын амтыг илэрхийлдэг аж.
Нэгэнт олон айлаас идэх тул нэг айлаас багахан хэмжээний аяганд хийлгэнэ. Мах буулгаж хоол идэхээс өмнө гараа угаагаад, насны эрэмбээр ширээ тойрон сууна. Хамгийн настай, хүндтэй нэгнээр тухайн зоог, ирсэн зочдод зориулан бата- ерөөл хэлүүлэх бөгөөд, бүгд анхааралтай сонсож суун, тухайн ерөөлийн сайн сайхныг шингээж авахыг хичээнэ. Уг ерөөлийн хэлж байхад бүгд алгаа хавсран нүүр лүүгээ харуулж барина. Ерөөл хэлж дууссаны дараа хамтдаа бүгд “Амин” буюу “тэр ерөөл бат оршиг” гэсэн утгатай үг хэлж хавсарсан хоёр алгаа нүүрэндээ хүргэх бөгөөд энэ нь уг ерөөлийг хүлээн авлаа гэсэн утгыг илэрхийлнэ.
Казахуудын хувьд 7-ийн тоо чухал үүргийг гүйцэтгэх бөгөөд баярын хоолны (каз\кеже) орцонд доорх долоон төрлийн бүтээгдэхүүн заавал орсон байна. Үүнд: Ус, мах, давс, гурил, үр тарианы төрөл, сүү, өөх тос болно. Эдгээр долоон бүтээгдэхүүн амьдралын долоон өнгө, утгыг илэрхийлдэг гэж үздэг. Үүнд: баяр баясгалан, аз жаргал, амьдралын ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгаалах юм.
Эмээ, гэрийн эзэгтэй нар өвлийн идэшнээс авч үлдсэн нарийн нандин, дээж хоол болох жамбас-сүүж, жілік-чөмөгний яс, қазы- казы –г зориуд үлдээн Наурыз баярын үеэр хэрэглэнэ. Настай эмэгтэйчүүд «Наурыз баяраар хэрэглэнэ» гэж гүзээтэй шар тос, ааруул, жент зэрэг цагаан идээг зориуд хадгална. Жент нь ээзгий, тос, элсэн чихрээр хийсэн идээ юм.
Хүндэтгэлийн шүүс тавихдаа толгой, шүүс, каз, карда, каяа гээд олон төрлийн махыг чанаж бэлтгэдэг. Гэрт ирсэн хамгийн ахмад хүн нь бусад хүмүүстээ хандаж, ерөөл айлтгана. Үүний дараа ерөөл айлдсан хүн хонины толгойноосоо хэрчин тарааж өгдөг. Ингэхдээ хонины толгойны зүүн чихийг хамгийн бага охинд, баруун чихийг нь хамгийн бага хүүд өгдөг заншилтай. Насны эрэмбээр удаах хүн бэлтгэсэн сүүжээ барьж, сүүжний талыг айлын хамгийн отгон хүүхдэд өгдөг.
Наурызын баярын ширээ идээ будаагаар дүүрэн, хэдий чинээ тансаг байна тэр жилийн амьдрал төдий чинээ өнгөлөг, ажил үйлс өөдрөг байна гэж казахын ард түмэн бэлгэшээдэг.
Сэтгэгдэл ( 4 )
кеже зөв нь көже
карам зөв нь харам :))
Чилбек зөв нь шелпек
каз, карда, каяа зөв нь казы карта жаяа