“Авто худалдааны цогцолбор” өнөөдөр нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 04

 Замын  ачааллыг бууруулах зорилгоор СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт “Авто худалдааны цогцолбор” байгуулж байгаа. Тус цогцолборын эхний ээлж  өнөөдөр нээлтээ хийж,  30.4 га газарт  авто зогсоол ашиглалтад оруулах гэж байна.

Авто худалдааны цогцолборыг таван жилийн хугацаанд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ жил 14 мянган автомашины талбай бүхий газрыг хатуу хучилттай болгож ашиглалтад оруулахад бэлэн болсон байна.

“Авто худалдааны цогцолбор” нь сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11 324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай байх юм. Түүнчлэн авто эскпо явагдах цогцолборын нэг барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1 438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 40-өөд га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд автомашины туршилтын талбай байхаар төлөвлөсөн байна. Мөн хөдөө орон нутгаас орж ирж байгаа автозамын сүлжээ шинээр төлөвлөж байгаа Авто худалдааны цогцолборт шууд хүрэх учраас хотын төвийн замын ачаалал буурна гэж тооцжээ. Авто худалдааны төв орчим нийтийн тээврийн хөдөлгөөний чиглэл одоогоор байхгүй бөгөөд 22-ын товчооноос 1,3 км зайд нийтийн тээврийн эцсийн зогсоолыг ч байршуулахаар болсон. Түүнчлэн цогцолбороор үйлчлүүлэх иргэдэд зориулан Улсын дугаарын тоо бүртгэлийн газрыг Авто худалдааны төвд барих оффисын барилгад байршуулахаар төлөвлөжээ.

Өнөөдөр нээлтээ хийх “Авто худалдааны цогцолбор”-ын зогсоолыг аж, ахуйн нэгж иргэдэд тогтоосон төлбөртэйгээр эзэмшүүлэх бөгөөд зогсоолын хэмжээнээс шалтгаалан иргэн, аж ахуйн нэгжүүдэд худалдах үнэ нь 4-9 сая төгрөг байх аж. Одоогоор “Авто худалдааны цогцолбор”-ын 6357 зогсоолын 30 орчим хувийг 800 гаруй хүн худалдан аваад байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян хурах, Сутай буянт ХХК гэсэн есөн зах ажиллаж байна. Ойролцоогоор 8000 орчим түрээслэгчтэй эдгээр захаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг гэсэн тооцоо байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top