Мичин жилийн өвлийн дохио нэг л өглөө гэнэхэн ирэв. Хүйтэн жавар, цас шалбааг энэ бүхэнтэй зэрэгцээд нийслэлчүүдийг явгалж залхаалаа. Автобус компаниудын гэнэтийн зогсолт ажил албандаа яарсан хотынхныг хоосон буудал дээр хэдэн цагаар бөмбөрүүлэв. Толгойтой бүхэн уур бухимдлаа том оврынхонд гаргаж байх шиг харагдсан. Арай гэж ажил дээрээ ирээд учир байдлыг мэдэх санаатай юуны түрүүнд Нийслэлийн тээврийн газрын сайт уу орж үзлээ. Тэнд нийтийн тээвэр саатсан талаархи ямар ч мэдээлэл алга. Нөхцөл байдал, учир шалтгааныг тэд хамгийн түрүүнд иргэддээ мэдээлж, уучлал эрэх ёстой байгууллага биш гэж үү. Ажил хаялт хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа ч энэ байгууллага өнөө ч дүлий дүмбэ царайлсан хэвээрээ байна. Ажил хаялтын хоёр дахь өдөр ердөө 37 чиглэлд 396 автобус үйлчилгээнд гарчээ. Уг нь 140 орчим чиглэлд өдөрт хамгийн багадаа 1000 гаруй автобус үйлчилгээнд гардаг гэх мэдээлэл байдаг. Хотынхны хөл дүүжлэх ганц унаа нь автобус. Нийслэлийн оршин суугчдын 60 гаруй хувь нь энэ нийтийн тээврээр үйлчлүүлдэг.
Ажил хаяснаараа автобус компанийнхан буруудаж байгаа ч яг хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь гэвэл Нийслэлийн нийтийн тээврийн газрынхан байж таарах гээд байна. Учир нь эдний бодлого зохицуулаалт дутсан, алгуурласан, холбогчийн үүргээ гүйцэтгэж чадаагүйтэй холбоотой. Ажил хаясан автобус компанийн захиралууд нөхцөл байдлынхаа талаар телевизээр мэдээлсэн. Тэдний хэлж буйгаар компаниуд ашиг орлогоо авч чадахгүй байгаа, үүнээс үүдээд ажилчдынхаа цалин хөлсийг тавьж чадахаа больсон, эцэстээ бензин шатахуун авах мөнгөгүй болсноос түр зогсолт хийж байгаагаа учирлана билээ.
Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн шинэчлэлийн хүрээнд нэг автобусны цагийн зардлыг 34500 төгрөгөөр тогтоожээ. Гэтэл нэг цагийн орлого нь бүр 15000 төгрөг болтлоо буурсан гэцгээж байна. Ингэхээр алдагдалтай ажиллаж байна гэсэн үг. Хамгийн гол нь смарт картыг нэвтрүүлсний дараа автобус компаниудын орлогыг тэндээс хуваарилж олгодог болжээ. Ингэхдээ 10 хувийг нь авч үлддэг гэх. Смарт карт төсөл хамтран хэрэгжүүлэгчийн нэг гэгдэх ХХБ-аар автобусны үйлчилгээний бүх орлого дамжиж байгаа. Гэтэл тус банк орлогыг нь өдөр бүр шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлэхгүй байна гэж буруутгаж байна билээ. Асуудал энэ мэтээр үргэлжилж байна. Ер нь бол гээнэдээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг аль аль талдаа л байгаа байх.
За энэ бүхэн ч яахав. Байгууллага хоорондын яриа тохиролцоо. Смарт картыг буруутгах арга байхгүй, үнэхээр дэвшил. Хувийн компаниудын хувьд смарт картын үйлчилгээг буруутгаагүй, харин ч дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ систем нэвтэрснээр нийтийн тээврийн үйлчилгээнд оролцогч байгууллага нэмэгдсэн, хоорондын уялдаа зохицуулалт илүү шаардах болсон нь тодорхой. Тэр бүх зангилаан дээр сууж байгаа нь Нийслэлийн нийтийн тээврийн газар. Гэтэл нэр хаяг томтой энэ агентлагт зангараг дутав уу, аль эсвэл хурд хүч хүрсэнгүй юу, одоо ниргэсэн хойно нь хашгираад явж байна. Тус газрын хийж төлөвлөсөн зарим нь түрүүчээсээ хэл ам татлаад байгаагийн нэг нь автобусны чиглэлийн шинэ маршрут. Энэ “шинэчлэл” юу авчирсан билээ?
Иргэн Дорж гэрээсээ ажил хүртэл нэг автобусаар 500 төгрөгөөр зорчдог байсан бол маршрут өөрчлөгдснөөр унаа дамжиж 1000 төгрөг зарцуулдаг болсон. Аль эрт мартагдаад байсан автобус хүлээхийн хэцүүг ахин дахин мэдрэх болжээ. Автобусанд орсон хойноо бол олны буянаар хөл хөндий явдаг болсон гэж байна. Ингэтлээ чихцэлдэж байна гэсэн үг.
Энэ бүхний нэхэл бол хариуцлага. Иргэдээ хэдэн өдрөөр явгаруулж ажил амьдралыг нь цалгардуулж байгаагийн хариуцлага хэнд хаяглагдах ёстой вэ. Ажил хаяснаараа автобус компанийхан уу, аль эсвэл ийм нөхцөл байдалд хүртэл асуудлыг хүндрүүлсэн, сэргийлж чадаагүй Нийслэлийн нийтийн тээврийн газар уу.
Хэрэв ёс суртахууны хэмжүүрээр авч үзвэл ийм тохиолдолд хэн буруутай нь олон нийтээсээ уучлалт гуйж огцрох нь шударга ёсонд нийцэх биз.
Сэтгэгдэл ( 3 )
Er ni ene heden avtobusnii komfaniin nuhduud shantaaj hiij mungu tsohisoor baigaad surchihaj 11 terbum oldog baisan nuhun olgovoriin 10 terbum ugsun geed suuj baihiim ugsun munguu golood baigaa bol uur biznes hiigeech idej hanadaggui lalaruud ymaa ta nar
ЯМАР Ч ДАРГА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ Л ШИНЖТЭЙ БАЙНА ДАА, ИЙМ БАЙЖ Л АРДЧИЛАЛ, ШУДРАГА ЁС гээд олон юм ярих нь БАЙЖ БОЛОМГҮЙ ЗҮЙЛ
shine yum saijirna daa