Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөхөөр МУ-ын ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Ду.Гантөмөр нарын нэр тодроод байна. Намын даргад нэр дэвшигчид нь бүгд олонд танигдсан хүмүүс бөгөөд нам дотроо ч нэлээд нөлөө бүхий эрхмүүдийн тоонд орох хүмүүс учир өрсөлдөөн ширүүн байх төлөв ажиглагдаж байна. Ингээд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг товч танилцуулъя.
Норовын Алтанхуяг: Монгол Улсын 27 дахь ерөнхий сайд. 1958 оны 1 сарын 20-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. МУИС-ийг физикч мэргэжлээр төгсөж, тэндээ багшилж байгаад 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, 1998 онд Монгол улсын Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайдаар томилогдон ажилласан. 2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайдаар томилогдон ажилласан бол 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008-2012 онд МУ-ын тэргүүн шадар сайдаар ажиллажээ. 2008 онд Ардчилсан Намын 5 дахь даргаар томилогдсон. 2009 оны 10 сарын 28-нд ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дараа ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр 1 хоног ажилласан.
2012 оны Улсын Их Хурлын сонгуульд түүний удирдсан Ардчилсан Нам хамгийн олон суудал авснаар тэрээр 8 сарын 9-нд ерөнхий сайдаар томилогдож Шинэчлэлийн засгийн газрыг байгуулан ажилласан. 2014 оны 11-р сарын 5-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Н.Алтанхуягийг үүрэгт ажлаас нь огцруулсан. Товчхондоо ийм л намтартай хүн. Түүний хувьд Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө хэмээн мэдэгдэж байсан ч энэ удаа Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна. Түүний хувьд орон нутагт дэмжлэг өндөртэй байж болох давуу тал бий. Түүнчлэн түүний толгойлж ирсэн “Алтан гадас” фракц нам дотроо нэлээд хүчирхэг фракцийн тоонд ордог нь хүчтэй нэр дэвшигч болгон түүнийг тодруулж буй. Хэдийгээр сүүлийн үед нэлээд хэл аманд орж, ойр тойрныхон нь хэрэгт татагдаад буй ч Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд хүрээлэл, дэмжлэг сайтайд тооцогдоно.
Жалбасүрэнгийн Батзандан нь 1974 оны 5 дугаар сарын 11-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төржээ. 1982-1992 онд Баруун-Урт хотын 1-р 10 жилийн сургууль, 1992-1993 онд МУИС-ын Хууль зүйн сургууль, 1993-1999 онд Унгар улсын Будапештийн сургуулийг улс төр судлаач, эрхзүйч мэргэжлээр, 2001-2003 онд Мишкольцийн их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн докторантурыг тус тус төгссөн. Тэрбээр АНУ-д судлаач багшаар хоёр жил ажиллаж байсан. 2004-2007 онд ЭНИХ-ний тэргүүн, их сургуулийн багш, 2007 оноос ИХ намын даргаар сонгогдон ажилласан. Мөн Монголын Франчайзингийн зөвлөлийн тэргүүн, гадаадад оршин суугаа Монголчуудын “Цахим өртөө холбоо” ТББ-ын УЗ-ийн гишүүн бөгөөд 2012, 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Түүний намтар иргэний хөдөлгөөний түүхээр арвин. Ж.Батзандан 2002 онд анх иргэний хөдөлгөөн байгуулж байхдаа “Эх орноо эрүүлжүүлэхийн тулд иргэний хөдөлгөөн байгуулъя” гэдэг нийтлэл бичиж интернет, вэб сайтуудаар цацаж байжээ. Тус хөдөлгөөн 2004 оноос албан ёсны зохион байгуулалтад орж, Монголд Эрүүл Нийгэм-Иргэний хөдөлгөөн хэмээх нийгмийн цоо шинэ давалгааг бий болгож байв. Түүний хувьд үе үе дуулиантай мэдээлэл хийж олны анхаарлын төвд ордог. Хот суурин газруудад АН-ын гишүүдийн дэмжлэгийг авах магадлал арай илүү гэж тооцоолон өрсөлдөж байгаа болов уу. Хөдөө орон нутагт гишүүдийн дэмжлэг ямар хэмжээнд байх нь төдийлөн тодорхой бус.
Дондогдоржийн Эрдэнэбат: Олонд танигдсан улстөрчдийн нэг. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Тэрбээр өнгөрсөн парламентад олонхийн бүлгийн ахлагч, Аж үйлдвэрийн яамны сайдаар ажилласан. Автын инженер мэргэжилтэй. Багануурын нүүрсний уурхайгаас ажлын гараагаа эхэлж, 1999-2000, 2008 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч зэрэг албан тушаалаар улстөрийн гараагаа эхэлсэн. Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон дөрвөн жил ажилласан. 2012 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Ардчилсан намын даргад МҮДН фракциа төлөөлөн өрсөлдөж байна. Нам дотроо нэр хүнд сайтай. Хот суурин газарт ч, хөдөө орон нутагт ч дэмжлэг сайтай байж болох хүчтэй өрсөлдөгчийн нэг юм.
Содномзундуйн Эрдэнэ намтар зузаантай улстөрч хэмээн түүнийг тодорхойлдог. 1963 онд Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой. Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжил эзэмшсэн, хууль зүйн ухааны магистр цолтой. Удирдлагын академийн хууль зүйн ухааны докторант юм. 1989-1990 онд МХЗЭ-ийн хорооны дарга, Багануур дүүргийн Монголын Ардчилсан намын хорооны дарга, 1991-1995 онд Монголын Үндэсний Ардчилсан намын ерөнхий зөвлөлийн гишүүн, 1992-1995 онд Молор-Эрдэнэ ХХК-ийн захирал, 1995-2000 онд нийслэлийн МYАН-ын хорооны дарга. МYАН-ын ерөнхий зөвлөлийн гишүүн, 1996-2000 онд Нийслэлийн Баянгол Дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цөөнхийн бүлгийн ахлагч, 2000 оноос одоог хүртэл Баянгол дүүргийн Ардчилсан намд дарга, 2000 оноос одоог хүртэл Гурван тамир дунд сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн, 2002-2005 онд Монголын ардчилсан Холбооны дарга, 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга, 2002-2005 онд Монголын Ардчилсан Холбооны дарга, 2005 оноос одоог хүртэл Нийслэлийн ардчилсан намын дарга, 2007-2008 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2012-2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажилласан. 2008 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2016 оноос УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдсон. С.Эрдэнэ Шонхор фракцийг төлөөлж Ардчилсан намын даргад өрсөлдөж буй.
Лувсаннямын Гантөмөр: Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг 1991 онд төгссөн. Япон улсад Сэндай Коллежийг Цахилгаан холбооны инженер мэргэжлээр 1991-1996 онд, Нагаока технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр 1996-1999 онд суралцан төгссөн. Сэтгэшгүй трейд ХХК-ийн захиралаар 2000 – 2004 онд, Ардчилсан Залуучуудын Холбооны Дэд Ерөнхийлөгчөөр 2000 – 2007 онд, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчөөр 2007 – 2008 онд ажиллаж байсан.
Монгол Улсын Их Хурлын Гишүүнээр 2004-2012 онд сонгогдон ажилласан. УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны Даргаар 2006- 2007 онд, Монгол Улсын Засгийн Гааын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдаар 2012-2016 онд тус тус сонгогдон ажилласан. Ардчилсан намыг фракцгүй нам болгохын төлөө “Нэг ардчилал” фракциа татан буулгасан. Хот суурин газарт болон орон нутагт нэгэн адил дэмжлэг сайтайд тооцогдох хүчтэй нэр дэвшигчийн нэг юм.
Д.Долгион
Сэтгэгдэл ( 7 )
ЗӨВ ШҮҮ
Хэвлэл мэдээлэл нь мэдээллээ хүргэхдээ хэн нэгнийг хэт дөвийлгөн, даран бичих нь ямар ч муухай юм бэ дээ. Батзанданг доош хийж 2012 оноос УИХ-ын гишүүн байхад бүтэн 4 жилийг нь үлдээж, Хууль зүйн ухааны доктор гэдгийг нь албаар бичихгүй үлдээсэн сэтгэгдэл төрж байна. Булавч бултайна гэгчээр инээдтэй юм аа. Шар хөдөлгөөд байгаа нь улам дэмжээд өгмөөр санагдуулах юм. Батзанданг дэмжинээ.
”Ямар нэг нам нь сонгуульд олонх болж, торийн эрхийг барьж бодлогоо хэрэгжуулэхийг ТОРООС ХУЛГАЙ ХИЙХ БОЛОЛЖ” гэж уздэг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын бутэхгуй нохдуудээс болж АН нь СУЙРЛИЙН ИРМЭГТ ирсэн. Ийм хэцуу цаг уед ”хуний хуучин, дээлийн шинэ нь дээр” гэдэг Монгол Ухааны дагуу Н.Алтанхуягийг АН-ын дарга болгох нь ашигтай байлгуй яахав дээ. Ядаж энд нэр дэвшсэн хумуусийн дотор АН-ыг дампууруулах гээд байгаа Ц.Элбэгдоржийн оодоос ХУЦ гээд хэлж чадах хун нь Н.Алтанхуяг л байна даа. Бусад нь даана ч АН-ыг аварч чадахгуй.