"Ам.долларын шилжүүлэг ба олон улсын байгууллагуудын шаардлага" сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба болон Монголын банкны холбоо хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид гадаад төлбөр тооцоотой холбоотой асуудлуудыг ярилцаж, тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар санал солилцов.
Хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан илтгэлүүдийг цувралаар хүргэж байна. Монголын Банкны Холбооны дэд ерөнхийлөгч, Хас банкны Эрсдэл хариуцсан захирал Торстен Клайн Бойнинг “Комплаенс: Гадаад төлбөр тооцоог хамгаалах” сэдвээр илтгэл танилцуулахдаа, манай улсын нөхцөл байдлыг дараах байдлаар тодорхойлжээ.
Комплаенс нь сайн дурын бус, заавал хэрэгжүүлэх шаардлага бөгөөд санхүүгийн байгууллагын засаглал, дотоод хяналт, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зах зээлд төлөвшүүлэхэд ихээхэн нөлөөтэй. Үүний дотор мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, зогсоох тогтолцоог үр дүнтэй бүрдүүлэхэд чухал шаардлагатай үйл явц болохыг Санхүүгийн зохицуулах хорооны /СЗХ/-ны дарга С.Даваасүрэн хэлж байсныг дашрамд сануулъя. Санхүүгийн салбарын аж ахуй нэгжүүд комплаенсыг нэвтрүүлээгүй, аль эсвэл холбогдох ажилтан томилоогүйгээс шалтгаалан байгууллагын төдийгүй зах зээлийн нэр хүндийг унагах сөрөг үр дагавар авчирч болзошгүй нь, зөвхөн тухайн байгууллагын үйл ажиллагааг доголдуулаад зогсохгүй санхүүгийн системийн тогтвортой байдалд муу нөлөө үзүүлэх, олон талын уршигтай аж.
Тэгвэл Монголын Банкны Холбооны дэд ерөнхийлөгч Торстен Клайн Бойнинг илтгэлдээ энэ асуудлыг хөндлөө.
Комплаенс- Бүрэлдэхүүн хэсгүүд
ХАРИЛЦАГЧИЙГ ТАНЬЖ МЭДЭХ
Банк нь харилцагчаа таньж мэдэх үр дүнтэй арга хэмжээ авах хэрэгтэй. Харилцагч хэн болох, урьд өмнө санхүүгийн гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаар нотлох баримт байх шаардлагатай.
ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ
Компанийн эцсийн өмчлөгч буюу хяналтаа хэрэгжүүлж буй этгээд эсхүл гүйлгээг хийж буй иргэний талаар банк тодорхой ойлголттой байх ёстой. Хуулийн этгээд, байгууллагын хувьд нэгэн адил үйлчилнэ.
ХӨРӨНГИЙН ГАРАЛ ҮҮСЭЛ, ЗОРИЛГО
Банк нь хөрөнгийн гарал үүсэл, гүйлгээний зорилгыг шалгах, нотлон баримтжуулах үйл ажиллагаа, системтэй байх хэрэгтэй. Зорилго: Санхүүгийн системийг санхүү, эдийн засгийн гэмт хэрэгт ашиглахаас сэргийлэх.
СЭЖИГТЭЙ ГҮЙЛГЭЭ
Банк нь бүх гүйлгээнд хяналт тавьж, сэжигтэй гүйлгээний талаар тайлагнах үүрэгтэй. Банк нь эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах үүрэгтэй.
Олон улсын жишээ
Томоохон мөнгө угаах гэмт хэргийн нэгэн жишээ бол Danske банкны хэрэг юм.
Danske банкны Эстони дахь салбар нь 2007-2015 оны хооронд бохир мөнгийг ОХУ, Азербайжан болон Молдав руу дамжуулж байсан нь илэрсэн. Эстони дахь энэхүү жижиг салбараар 200 тэрбум еврогийн бохир мөнгө 2007-2015 оны хооронд эргэлдсэн бөгөөд дийлэнх хувь нь мансууруулах бодис болон оффшортой холбоотой байсан. АНУ-ын Хууль зүйн яамны шалгалтын үеээр энэхүү мөнгө угаах гэмт хэргийг илрүүлсэн. Уг гэмт хэрэгтэй холбоогдуулан 4.7 тэрбум ам.доллараас 315 сая ам.доллар хүртэлх торгууль ногдуулж болох ба судлаачид дунджаар 670 сая ам.долларын торгууль ногдуулна гэсэн хүлээлтэй байгаа. Danske банкны 10 ажилтныг түр саатуулсан бөгөөд хэрэг одоогоор хаагдаагүй байна.
Тэгвэл Гадаад төлбөр тооцоог хамгаалах чиглэлд дараах асуудлуудад анхаарахыг дурдлаа.
ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ
ХЯНАЛТ ШАЛГАЛТ
БАНК
ХАРИЛЦАГЧ
Сэтгэгдэл ( 0 )