"Хэрэглээний зээлийн хэсэг хугацааны өсөлт том эрсдэлийг бий болгохгүй гэж үзэж байгаа"

2019 оны 03 сарын 15

 Хэрэглээний зээлийг хумих Төв банкны шийдвэр энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа. Тэгвэл бодлогын шийдвэрийн үр нөлөө хэрхэн харагдаж байна вэ, зээл хумигдсанаар эдийн засгийн тэлэлтэд нөлөө үзүүлсэн үү? гэдэг асуултад Төв банкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир дараах байр суурийг илэрхийлж байна.

- Макро зохистой бодлогын шийдвэрийн хүрээнд хэрэглээний зээлийг хязгаарлах хоёр шаттай арга хэмжээ авсан. Эхлээд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоох шийдвэрийг 2018 оны 6 дугаар сард гаргасан. Үүний дараа иргэд сарын төлөлтөө багасгахын тулд илүү урт хугацаатай зээл авах эрсдэл бий болсон. Тийм учраас есдүгээр сард хэрэглээний зээлийн хугацааг дээд хязгаарыг 30 сараар хязгаарлах шийдвэрийг гаргасан. Эдийн засгийн шинжлэх ухааны хувьд бид өрхийн өрийг бий болгохгүй байх, санхүүгийн эрсдэлийг бууруулах замаар ард иргэдийнхээ амьжиргааг  хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс эдгээр арга хэмжээг авсан юм. Гэтэл ард иргэдийн хувьд тухайн хязгаарлалт үйлчилж эхлэхээс өмнө илүү ихээр зээл авах эрмэлзэл өндөр байлаа. Улмаар 9-12 дугаар сард хэрэглээний зээл маш хурдтайгаар өсөх үр дагаврыг бий болгосон. Бидний хувьд макро зохистой бодлогын арга хэмжээг гэнэт хэрэгжүүлбэл, хүмүүсийн ирээдүйн төлөвлөлтөд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн. Мөн 2019 оны эхнээс төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байгаа. Энэхүү орлогын өсөлттэй нийцүүлж, шилжилтийг аажмаар хийх нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл энэхүү хязгаарлалт хэрэгжиж эхлэхээс өмнө хүмүүс зээлээ маш хурдацтайгаар тэлэх үйл явц ажиглагдсан. Гэхдээ бид энэхүү зээлийн тэлэлт нь санхүүгийн том эрсдэлийг богино хугацаанд бий болгохгүй гэж үзэж байгаа. Тэр утгаараа өрхийн хэрэглээ өслөө. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, өрхийн хэрэглээ өсөхийн хэрээр эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулж байгаа. 2018 оны хувьд эдийн засаг, зээл тэлэлттэй, өрхүүд санхүүгийн хэрэгцээгээ хангасан он болж өндөрлөлөө гэж дүгнэж байна” гэв.

-Мөнгөний бодлогын хорооны зүгээс энэ чиглэлд ямар шийдвэрүүд гаргах вэ. Мөнгөний бодлогын хорооноос энэ онд гаргах шийдвэрүүд эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх бол? гэдэгт:

- Сая дурдсан макро зохистой бодлогын арга хэмжээнүүд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байгаа. Тэгэхээр хэрэглээний зээлийн өсөлт зохистой түвшинд хүрч, буурна гэж үзэж байна. Зээлийн өсөлт зохистой түвшинд хүрэх нь нэгдүгээрт, санхүүгийн эрсдэлийг бууруулж байгаа, хоёрдугаарт макро болон санхүүгийн тогтворгүй байдал бий болохоос сэргийлж байгаа юм. Мөнгөний бодлогын хороо энэ оны 3 дугаар сард ээлжит хурлаа хийнэ. Хороо нь бие даасан статустай 6 гишүүнээс бүрдэж байгаа. Мэргэжлийн зүгээс бид бүхний харж байгаагаар мөнгөний бодлогын шийдвэрт харгалзан үзэх гол хүчин зүйл нь инфляци, түүний өрнөл  байна. Энэ оны төсвийн тэлэлт, цалин тэтгэврийн өсөлтүүд нь инфляци руу хэр шилжих вэ гэдэг дээр нэлээд анхаарал хандуулах байх. Мөн бидний өмнө өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас бий болсон нэг эрсдэл нь дэлхийн худалдааны дайн, түүний дэлхийн зах зээл дэх түүхий эдүүдийн үнэд үзүүлэх нөлөө байна. Тэгэхээр төлбөрийн тэнцэл, түүний дотоодын валютын захад үзүүлэх нөлөөг зайлшгүй авч үзэх ёстой” гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top