Шүүх хурал. Иргэдийн тэмцэл. Адгасан компани. Том машин, тоос шороо. Энэ бол өдгөө Тост, тосон бумбын нурууны өнөөгийн төрх байдал. Тоост хорвоогийн өнгөнд говь нутгийн эко системийг хамгаалах хувьтай Тост, Тосон бумбын нуруу арав илүү жил нутаг орноо хамгаалах хүсэл, эрх ашгаа хамгаалах ямбатануудын дунд хэрүүл дэгдээсээр өдийтэй золгожээ. Нэг шүүх хурлаас, нөгөө шүүх хурлын хаалга татсан Тост, тосон бумбын маргаан сар хүрэхгүй хоногийн өмнө ашиглалтын лицензтэй компанийн талд шийдэгдэн, хөрсөө хуулуулж, өдий төдий тонн нүүрс БНХАУ-ын хилээр гарсан гэдгийг нутгийн иргэд халаглан ярьж байна.
Ердөө арав хүрэхгүй жилийн өмнө энэ орчимд нэг, хоёрхон л лиценз байсан бол 2016 онд энэ тоо 20-ийн босго давав. Зөвхөн олборлолт, борлуулалтаа бодсон 10 хүрэхгүй компанийн мөчидхөн хүсэл дотор эргэлдсэн Тост, тосон бумба орчим 2017 онд Байгалийн нөөц газарт бүртгүүлэх хүртлээ асар их зүйлийг туулсан юм. Нөөц газарт бүртгүүлэх тухай яриа анхлан гарч байхад 890 мянган га талбай гэж байсан ч эцэслэн батлагдахдаа 147 мянгыг нь лиценз эзэмшигч компанид үлдээжээ. Энэ нь яг одоо Гурван-Тэс орчимд дэгдсэн маргааны үндэс болсон юм. Хэргийн эзэн гэгдэх “Саусгоби Коэл Транс” компанийн лицензийн талбайд хоёр ч баянбүрд үлдэж хоцорчээ.
Харалган төр, хүсэл ихт компаниудын хар гайгаар судлан хамгаалсан зүйл ч үгүй, олборлож олсон юм ч үгүй тоосон дундаа бөртийж байна. Тостын нуруунд дэлхийн улаан номонд бүртгэгдсэн цоохор ирвэсийн өндөр нягтшилтай бүс юм. Одоогоор 20 гаруй бодгаль энэ нутагт амьдарч буй. Түүнчлэн Монгол орны улаан номонд бүртгэсэн 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, долоон зүйлийн шувуу, 10 зүйлийн ургамалтай. Гэтэл бид энэ нутаг орноо өдий төдий нүүрсний төлөө тусгай зөвшөөрөл нэрээр сийчүүлсээр дуусах гэж үү? 20 гаруй баянбүрд, булаг шандтайгаас таваас илүү нь ширгэсэн гэдгийг нутаг орныхон нь баталж байна.
“Ашиглалтын лицензийн талбайд үлдсэн хоёр баянбүрд хэрвээ ширгэх юм бол Тост, тосон бумбын усны систем бүхэл дээ алдагдана гэсэн үг” гэж Өмнөговь аймгийн Гурван-Тэс сумын иргэн, ногоочин Л.Сүрэнхүү ярьсан юм.
Тэгвэл бид яах вэ? Өвгөдийн дурсамж, гэрэл зураг, ном дэвтэрт л Тост, Тосон бумбыг үлдээх гэж үү? Нэг л агшинд олох ашиг биднээс цаана үлдэх байгалийн үзэсгэлэнгээс илүү юм гэж үү? Гэтэл үгүй аж. Бидний туулсныг даван тулаад өдгөө сайн жишиг болгож буй бүс нутаг ч байна.
Австрали 80 гаруй жилийн өмнө бидэнтэй ижил зовлонтой байж. Австралийн зүүн хойд хэсэгт орших Күийнслэнд муж. Нүүрс, нүүрсний давхаргын метан хий, газрын тос, зэсийн үлэмж нөөцтэй энэ газарт 1950-иад оноос эхлэн олборлох компаниуд лиценз эзэмшиж эхэлжээ. Нутгийн иргэдийн эдлэн газар, уугуул Австраличуудын амьдралын хэв маягийг уул уурхайн “тэсрэлт” үндсээр нь өөрчилж орхив. Компани, нутгийн иргэдийн хооронд байнга шахуу маргаан дэгдэж, компанийн ажил ч, иргэдийн амьдрал ч төвөгтэй болов. Күийнслэндийн засаг захиргаа Австралийн Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард сууснаар өдгөө олон улсад жишиг болохуйц шийдэлд хүрсэн юм. Тухайн компани үйл ажиллагаа явуулж буй газар нутагт амьдарч байгаа нийт өрхийн тоог гарган тухайн компани байгаль орчин ашигласны татварыг төлж, өрх бүртэй гэрээ байгуулав. Компани, өрх айл гэрээ байгуулсны дараа тухайн өрх компанийн нөхөн сэргээлтийн ажилд оролцож, мөн дээрээс нь олборлолтын орлогыг ч тухайн өрхөд олгож байхаар тохиролцжээ. Байгаль орчин хамгаалахад өрх бүр хяналттай ажиллаж, нутаг орондоо мэдэгддэг болов. Хорь илүү жил үргэлжилсэн хэрүүл,маргаан ингэж нэг “жигдрэх юмандаа оржээ”. Сүүлд энэ аргыг бидний Казахстан амжилттай нэвтрүүлснээр өдгөө “Нурсултан” болж өөрчлөгдсөн “Астана” хот бий болсон түүхтэй. Уул уурхайн хувьд бидний тоодоггүй Киргизүүд ч Австралийн жишгээр хөгжиж буй.
Бидэнд авч хэрэгжүүлэх сайн жишиг, өөр бусдын туулсан түүх хангалттай их байна. Хэзээ хэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй ч Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 он хүртэл батлагдсан. Энэ үзэл баримтлалд нэг сүржин зорилт бий. “Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр 2030 гэхэд Экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн эхний 30 орны нэг болно” гэж. Гоё уу? Мэдээж гоё гэхдээ яаж? Үзэл баримтлалын 2.3-т “Байгаль орчны тогтвортой хөгжил нь байгалийн нөөцийг үр өгөөжтэй ашиглан, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, үр шимийг урт хугацаанд хүртэх боломжийг бүрдүүлэн хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой хөгжлийн суурь, хүний амьдралын чанарыг сайжруулах үндэс болно” гэж заагаад “Байгаль орчны тогтвортой хөгжлийг хангахад нутгийн иргэд, олон нийтийн оролцоог хангах” гэж тунхагласан байна. Хувь заяаны шоглоомоор Тост, Тосон бумба аль хэдийнээ шороонд даруулаад байх тэр цаг үед буюу 2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” батлагдаж байжээ. Эрхэм уншигч та дээрхээс нэг зүйлийг анзаарсан байх. Чухам хэн, хэзээ, хаана, хэрхэн яаж хэрэгжүүлэх нь тодорхойгүй тэдэн онд тийм болно гэсэн мөрөөдөл л “үзэл баримтлал” гэх өнгөт хөшигний цаана оржээ.
Хэзээ хэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй ч Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 он хүртэл батлагдсан. Энэ үзэл баримтлалд нэг сүржин зорилт бий. “Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр 2030 гэхэд Экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн эхний 30 орны нэг болно” гэж. Гоё уу?
Мянганы хөгжлийн сангаас мөнгө гуйх гэж байхдаа ч, Олон улсын валютын сангаас мөнгө гуйх гэж байхдаа ч, Азийн хөгжлийн банк болон бусад томоохон хамтын ажиллагааны байгууллагаас мөнгө гуйх болгондоо бид биологийн олон янз байдлыг хамгаалж, экосистемийг хангана гэж “Шрекийн муур шиг” царайлдаг. Гэвч бид мөнгө авсныхаа дараа, донор орнуудын хөтөлбөрт багтсаны дараа үүнийгээ мартдаг болсоор Тостын нурууг тоосонд даруулж, мэгшихэд хүргэжээ. Мэгшихийг хэн тайлж, тоосноос хэн салгах вэ?
“Үзэл баримтлал” гэх өнгөт хөшигний цаана лоозон хашхирсан улстөрчид үү? Нутаг орноо гэх хүсэлтэй ч агшин төдий орлогын төлөө улайрсан компанийн хүсэлд боогдсон ард иргэд үү? Нутаг орон, хууль тогтоомжийн дээр зайдалсан том нэрт компаниуд уу?
Сэтгэгдэл ( 3 )
IIm saihan nutgiig suitgej yaj chadaj bnaa Choililsuren. Zogsooh heregtei
Ирвэс хамгаалагч хүүгийн үхлийн шалтгааны ар эзэн ил болжээ . Энэ нуруунд нүүрс ухах гэж улайрсан хүн хогнуудын ашиг орлогын золиос болжээ.Хайран сайхан залуу.
БИД ДЭЛХИЙД ДАНСТАЙ УУРХАЙНУУДААС АШИГ АВАХ НЬ БҮҮ ХЭР ӨРӨНД ОРЖ БАЙХАД ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ ГАНЦ ХҮНИЙГ БАЯЖУУЛАХ ЗОРИЛГО БҮХИЙ УУРХАЙГААС СОХОР ЗООС Ч ОЛЖ АВЧ ЧАДАХГҮЙ...ЕР НЬ ТЭГЭЭД АЖИЛЧДАД ЦАЛИН ХӨЛС ӨГЧ,ҮЙЛДВЭР ЯВУУЛАХААД ГАРСАН ЗАРДАЛАА ӨГЛӨГ ГЭЖ ХАРДАГ КОМПАНУУДЫГ ХААХ ХЭРЭГТЭЙ...УУЛ УУРХАЙН САЙД ҮҮНИЙГ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ ГЭЖ ХАРЖ БГАА НЬ МОНГОЛЧУУДЫГ ЭЛСЭН ТОЙРОМ,ЦӨЛӨНД ҮЛДЭЭХ ГЭСЭН АЙМШИГТ БОДЛОГО...