Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Дэлхийн банк болон “Олон улсын худалдааны төв” ТББ-тай хамтран “Монголын өв соёлын өдөр” арга хэмжээг Дэлхийн банкны төв байранд энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд монголын үндэсний үйлдвэрлэгч арав гаруй компани оролцсон бөгөөд тэдгээрийн дундаас “Хаадын гэр” компанийн бүтээл илүүтэй олны анхаарлыг татаж байсан юм. Тодруулбал, түүхэн, уламжлалт, орчин үеийн гэх гурван консепцоор бүтээгдэхүүнээ урлан, бүтээдэг тус компанийн стенкний ард байрлах түүхийн гурван үеийг харуулсан эсгий зураглалыг үзэсгэлэнд оролцогчид илүүтэй сонирхож байв.
Энэхүү зураглалд нар, сарыг хүндлэн дээдлэж, шүтэн биширдэг Хүннүгийн үе, XIII зууны тэрэгт гэрээр хийж буй их нүүдэл, өнөө цагийн эрийн гурван наадмыг тус тус үзүүлсэн бөгөөд тэр бүгдийг 100 хувь гар аргаар урлан бүтээсэн онцлогтой юм.
“Олон улсын худалдааны төв” ТББ-ын санаачилсан “Монгол Улсад үйлдвэрлэв” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан энэхүү соёлын арга хэмжээг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Стратеги, үйл ажиллагаа хариуцсан Захирал Шяочин Ю нар үг хэлсэн байна.
Мөн уг арга хэмжээг АНУ-ын Төрийн департамент, Батлан хамгаалах яам, Дэлхийн банк, ОУВС болон Монголын компаниудтай бизнесийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй гадаадын иргэд, АНУ-д оршин суугаа монгол иргэд зэрэг 300 гаруй хүмүүс үзэж сонирхжээ.
Сэтгэгдэл ( 0 )