ХААДЫН ГЭР: Ноосон эдлэл нойрсолтод эерэг нөлөөтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05

Шинжлэх ухаан, технологийн судалгааны дүнд ноос, ноосон бүтээгдэхүүний давуу шинж чанарыг түүний  дотор эмчилгээний болон урьдчилан сэргийлэх чанарыг нь илрүүлснээр үр дүнд хүрч буй талаар олон улсын судлаачид бичих болсон. Тухайлбал Шинжлэх ухааны доктор Д.Энхтуяагийн 2018 онд гаргасан “Ноос, ноолууран эдлэл: Эрүүл мэндийн бүтээгдэхүүн” номонд дурдсан баримтаас цөөнийг дурдвал:
 

  • Ноос хуурай байдлаас хангалттай чийгтэй болох явцдаа 27 калори дулаан ялгаруулдаг. Энэ байдал нь ноосон эдлэл өвлийн улиралд биеийг хайрахгүй, дулаан байлгах нөхцөл болдог. Хүйтэнд дулаан хувцас өмсөж даарахаас сэргийлэх нь судас нарийсахаас хамгаалдаг.
     
  • Ноос ноолууран бүтээгдэхүүний физик, химийн өвөрмөц шинж чанар нь өвчний өвдөлтийн босгыг багагаж, булчингийн чангаралыг багасгадаг ба физик эмчилгээний үед хэрэглэхэд үр нөлөөг нь уртасгадаг.
     
  • Ноосон хөнжил нь өд сөд, синтетик зэрэг бусад хөнжлөөс олон давуу талтай. Тухайлбал, ноосон хөнжилд унтах хугацаанд хүний зүрхний цохилтын хэмжээ хэвийн, харьцангуй тогтвортой байдаг аж.
     

  • ​​​​​​Ноосон дэвсгэр гудас нь дулаан тусгаарлах, дулаан зохицуулах шинж чанартай учир нойрсолтод эерэг нөлөөтэй. Ноосон хөнжил, гудас, дэвсгэрийг биеийн болон сэтгэцийн эмгэгүүдийн үед хэрэглэх нь ач холбогдолтой гэж үздэг.
     
  • Хувцасны ноосон доторлогоо, хүзүүний ороолт, өвдгөвч, нуруувч нь чихрийн шижин, судас хатуурах өвчин, үений үрэвсэл, захын мэдрэлийн саа саажилтын үед нэн чухал байдаг.
     
  • Нэхий өлгийд өлгийдүүлсэн хүүхэд түргэн тайвширч, уйлах нь багасаж, унтах нь ихэсдэг байна. Ингэснээр жин нь ч хурдан нэмэгддэг ажээ. Нэхийний үснээс гарах эрчим нь эхийн эрчим, энергийн хүчтэй адил байдгаас нэхийд өлгийдүүлсэн хүүхэд тайвширч, гүн нойрсож байна гэж эрдэмтэд цохон тэмдэглэжээ.
     
  • Ноосны хайрсанд химийн бодисын болон бусад төрлийн үнэр шингэдэг. Агаарт буй химийн бодис, элдэв үнэрийг шингээж орчноо цэвэрлэдэг чанарыг нь тогтоосноор ноосыг барилгын болон гэр ахуйн тавилгын материалд өргөнөөр хэрэглэж байна.
     
  • Ноосыг будахад будгийн молекулууд нь зөвхөн гадна талын хайрслаг давхаргад бус ширхэгийн дотоод эсийн мембранд шингэдэг учраас угаахад тогтвортой, элэгдэл, гандалт багатай байдаг аж.

Монголчуудын өнө эртнээс амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн ноос нь дээр дурдсан шинж чанараас гадна хорт бодисыг өөртөө шингээж, дуу чимээ багасгахаас гадна агаар цэвэршүүлэх үүрэг гүйцэтгэдэг байгалийн эко бүтээгдэхүүн билээ.

Энэхүү давуу тал, ач холбогдолд тулгуурлан үндэсний үйлдвэрлэгч “Хаадын гэр” компани  монгол хонины ноосны ноолуураар хүний эрүүл мэндэд тустай, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг 100 хувь гар аргаар  хийж, зах зээлд нийлүүлж байна.
 

“Хаадын гэр” нь түүхэн буюу эртний, уламжлалт буюу классик, орчин цагийн гэсэн үндсэн гурван хэлхээс дээр тулгуурлан мод, ноос, шавар гэх цэвэр байгалийн түүхий эдээр бүтээгдэхүүнээ урладаг. Түүний нэг төрөл нь хонины ноосны ноолуураар хийсэн бүтээгдэхүүн юм.

Хонины ноос гэхээр үнэртэй байдаг гэх нийтлэг ойлголт бий. Тэгвэл “Хаадын гэр” компанийхан бүтээгдэхүүний түүхий эдээ олон жилийн арвин туршлагатай “Могол ноос” компаниас авдаг учраас энэ ойлголтыг  бүрэн халсан байна. Учир нь “Могол ноос” компани нь Монголд анх удаа хонины ноосны ноолуурыг гаргах шинэ инновацийг салбарын эрдэмтэдтэй хамтран гаргасан байна. Тодруулбал, ямааны ноолуур нь 15-16 микронтой байдаг бол, хонины ноосны ноолуур нь 19-21 микронтой, хялгасгүй, үнэргүй, эко түүхий эд гэдгээрээ онцлог.

“Хаадын гэр” компанийнхан энэхүү шинэ инновацийн түүхий эдээр хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь зөвхөн дотоодын зах зээлд төдийгүй гадагшаа  экспортлох боломжтой болсон байна. Хүний бие халууцан хөлөрч эхлэхэд ноос өөрийн жингийн 30 хувьтай тэнцэх илүүдэл чийгийг шингээж авдаг аж.
 


Энэхүү түүхий эдийн давуу талыг ашиглан  монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө өөрсдийн мэдлэг оюунаа дайчлан ажиллаж байна. Тухайлбал,  хонины ноосны ноолууран хүүхдийн дэр, хүүхдийн суудал, машины суудлын бүрээс, иогийн дэвсгэр гэх шинэлэг бүтээгдэхүүнүүдийг  хэлбэр хэмжээ, загвар шийдлийн өргөн сонголттой хийж байна. Хамгийн гол нь хүүхдүүдийн анхаарлыг татахуйц, үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатар, хурц тод өнгийг бүтээгдэхүүндээ ашигласан нь маш зөв маркетинг болжээ.

Төрөл бүрийн дэр, сандлын оронд суух хүүхдийн суудлын хувьд ч дотор нь ямар нэгэн даавууны өөдөс, өд сөд хийлгүйгээр цэвэр нарийн ноосыг нь хийж өгсөн онцлогтой. Ингэснээр хүүхдийн хөлрөлтийг өөртөө шингээж, дулааныг ялгаруулах нөхцлийг нь бүрдүүлж өгч байгаа юм. Үнийн хувьд хэмжээнээсээ шалтгаалаад 50-85 мянган төгрөгийн үнэтэй.
 

Үүнээс гадна тус хамт олон хонины ноосны ноолуураар гар аргаар эсгий хийж хөөмөл, төрөл бүрийн ширмэл ширдэг, дэвсгэр,  буйдангийн бүтээлэг, гудас, хөнжил, ханын зураг, хүүхдийн өрөөний хослол, машины болоод сандлын суудал, иогийн дасгалын гудас, гэрийн углааш, хүүхдийн тоглоомын олбог, бэлэг дурсгалын зүйлс зэргийг хийж байгаа юм.

“Хаадын гэр” компанийн эсгий ширмэл ширдэгнүүдийн хувьд эсгийгээ гараар хийхээс эхлээд 100 хувийн гар ажиллагаа ордог учраас мкв нь 400-600 мянган төгрөгийн үнэтэй гардаг бөгөөд захиалагчийн хүссэнээр өнгө, хээ угалз, загвар хийцтэй хийж өгдөгөөрөө онцлог. Захиалга хэмжээнээсээ шалтгаалаад 7-14 хоногт бэлэн болдог аж.


Нийгмээ дагаад олон нийт минималист хэв маяг руу шилжиж буй учраас “Хаадын гэр”-ийнхэн ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн бүтээгдэхүүндээ минималист шинжийг оруулж байна. Тухайлбал, бяцхан хүүхдүүдийн тоглож наадах нөхцөл байдлыг бүрэн хангахуйц олбогийг нэрлэж болно. Энэхүү олбог нь 4 хэсэг болж хуваагддаг бөгөөд хүүхдүүд тус тусдаа тоглохдоо салгаад, хамтран наадах бол нийлүүлээд тоглоомоо тоглох боломжтой. Газрын чийгийг дээш нэвтрүүлэхгүй, дулаан ялгаруулах онцлогтой.

Түүнчлэн тус компанийн шинэ бүтээгдэхүүний нэг иогийн дэвсгэрийн тухайд хөлсийг өөртөө шингээж, тайвшруулах бөгөөд ард талд нь гулсдаггүй материалыг оёж өгсөн учраас ямар нэгэн аюулгүй гэж ойлгож болно. Энэ дэвсгэрийн тухайд 180 мянган төгрөгийн үнэтэй. Үүнийг зөвхөн иогийн дасгалдаа хэрэглэхээс гадна хөдөө амралт зугаалгаар явахдаа ганц хүний гудас болгоод хэрэглэсэн ч болох юм.
 

“Хаадын гэр”-ийнхэн амьдралынхаа ихэнх цагийг хотын түгжрэлд өнгөрөөдөг жолоочдоо ч мартаагүй. Жолоочдын хувьд түгжрэлд удаан суухад нуруу орчмоор хөлөрч, чийг татах тохиолдол элбэг. Тиймээс үүнийг бодолцон үзэж, өөрсдийн хийдэг гурван цагийн хэлхээс дээр тулгуурлан төрөл  бүрийн загвартай суудлын дэвсгэрийг санал болгож байгаа юм. Мэдээж өөрийн хүссэн загвараар захиалж хийлгэх боломжтой. Хийцийн хувьд л өөр өөр  болохоос эрүүл мэндэд нөлөөлөх үйлчлэлийн хувьд адилхан гэдгийг компанийнхан онцолж байсан.  Нэг машины суудлын бүрээс 200-220 мянган төгрөгийн үнэтэй  гардаг аж.

Үүнээс гадна “Хаадын гэр”-ийнхэн орчин үеийн орон сууц, тавилга хэрэгсэлд таарахуйц буйдангийн болоод ширээний бүтээлэг, хүүхдийн өрөөний хослолыг урлаж байна. Онцолбол, мөнхийн хөдөлгөөн, аргын ба билгийн ухааныг бэлгэддэг “Арга билэг” загварын буйдангийн бүтээлэг, дэртэйгээ, орчин үеийн загвартай, уламжлалт хээ угалзтай гэх мэт өргөн сонголттой хийж байна.
 

Эсгий ширмэлийг хүүхдийн өрөөнд дэвссэнээр дороосоо даарахгүй дулаан байх бөгөөд, харшил өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай юм. Ийм хослолууд нь нян устгах онцгой ач холбогдолтой учраас бага насны хүүхэдтэй гэр бүл хэрэглэхэд илүү тохиромжтой ажээ. Дээрх эко бүтээгдэхүүнүүдийг хийхдээ хонины ноосны ноолуурыг уламжлалт аргаар буюу зөвхөн ус, ноос хоёрыг холин эсгийрүүлдэг бөгөөд өнгө оруулахдаа хүний эрүүл мэндэд ээлтэй эко будгийг ашигладаг байна. .


 “ХААДЫН ГЭР” АЛБАН ЁСНЫ ГАЛЕРЕЙ ДЭЛГҮҮРЭЭ НЭЭЛЭЭ
 


Олны хэлж заншсанаар 19 дүгээр хороолол, “Таван богд” группийн цаахна, цахилгаан тээврийн эцсийн буудлын наахна орших “Алтаргана” хотхоны худалдааны төвийн 2  давхарт байрлах шинэ салбараар зочлоход дэлгүүр гэхээсээ илүү ямар нэгэн музей үзэж буй сэтгэгдэл төрж байсан юм. Монголчууд монголдоо үнэхээр үйлдвэрлэл хийж чаддаг болжээ. Түүний тод жишээ нь энэхүү “Хаадын гэр” нэрийн галерей дэлгүүр юм.

Хаадын гэр компанийн хувьд түүхэн буюу эртний, уламжлалт буюу классик, орчин цагийн  гэх үндсэн гурван хэлхээсийг баримтлан байгалийн эко түүхий эд болох мод, ноос, шавраар бүтээгдэхүүнээ урладаг бөгөөд энэхүү галерей дэлгүүрээ ч яг тэрхүү гурван цагийн хэлхээсийнхээ хүрээнд тохижуулжээ.

“Хаадын гэр” компанийн Ерөнхий захирал Д.Болор-Эрдэнэ “Бид энэхүү галерей дэлгүүртээ өөрсдийнхөө хийсэн бүтээлийг дэлгэсэн маань өдөр тутмын хэрэглээ, гэр орон, аялал жуулчлалын бааз, хаус, орон сууцныхаа интерьерт үндэсний хэв шинжийг агуулсан тавилга, десор, ширмэл бусад эдлэлийг хэрхэн зохицуулж тавих вэ гэх санаа өгөх зорилготой. Дэлгүүрт маань интерьерийн түвшинд байх ёстой бүх загвар бий” хэмээн ярьж байв.
 



Дэлгүүрийн хойморт 6 дм-тэй, бүрэн сийлбэртэй, Хүннү гэр байх бөгөөд энэхүү гэрийг судалгаа шинжилгээний баримтуудад тулгуурлан, гар аргаар модон дээр нь ухан сийлэхийн зэрэгцээ, авдар бусад тавилгуудыг углуурагдан хийж  тохижуулсан байна.

Энэхүү гэрийн тойргийн хэмжээнд тааруулан 2000 жилийн тэртээх Хүннүгийн үеийн үнэт олдвор болох ширмэлээс иш аван бүтээсэн ширмэл ширдэгийг дэвссэн нь тухайн үед очсон мэт сэтгэгдлийг бүрэн төрүүлэхүйц болжээ.

Тэрхүү гэрийн хажууд байх таван ханатай гэрийг бүрэн бүрхэх хүннү ширмэл ширдэгийн дээр уран сийлбэрчдийн ур ухаанаар бүтсэн авдар тэргүүтнийг байрлуулсан байна. Дүүрэн билэгтэй, түвшин жаргалтай, буян хурааж, эд баялаг дууддаг гэж өнө эртнээс бэлгэшээж ирсэн авдарыг түүхэн, уламжлалт, орчин үеийн гэх гурван загварт оруулан, өнгөний хувьд ч өвөрмөцөөр шийдэж урласан нь олны анхаарлыг аргагүй татах ажээ.
 


Сүүлийн үед хөгшид гэлтгүй залуу гэр бүл ч авдарыг гэртээ залах дуртай болсон ч хэлбэр хэмжээ, хийц донжийн хувьд орчин үеийн тавилгатай төдийлөн зохицдоггүй гэх асуудал гардаг байв. Тэгвэл энэ асуудал аль эрт ард үлдсэн байна.

“Хаадын гэр” компани олон нийтийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан 7-8 төрлийн загвар хийц, өнгө үзэмж, хэлбэр хэмжээ өөр авдар урласан бөгөөд урлан дэлгүүрт тэдгээрийн төлөөлөн болгон тавьсан байна. Тухайлбал, Хүннүгийн үеийн дүрслэх урлагийн сор болсон дүр бүхий бүрэн сийлбэртэй, дээд зэрэглэлийн хүннү авдар. Ашид арвижихын бэлгэдэл хүннү авдарыг тайвшрал төрүүлэх, бат бөхийг илтгэх хүрэн өнгөөр чимж, нүүрэн дээр нь ноцолдож буй хандгай, домгийн шувууг сийлж өгчээ.
 


“Домгийн ганц эвэрт” номин ногоон авдар. Авдрын нүүрэнд мөнхөд оршихын бэлгэдэл, шим ертөнцийг илтгэх ногоон суурин дээр цэвэр ариун, сайн сайхан, онгон дагшны бэлгэдэл “Бэлгэт гөрөөс”-ийг сийлж өгсөн онцлогтой. Энэхүү домгийн амьтан нь төлөв түвшний бэлгэдэл болохын сацуу нигүүлсэхүй сэтгэл, буян хишиг, хүн хүнээ хайрлахыг, нэгдмэл улс байхын бэлгэ ёс болдог ажээ.
 


Бугын алтан чимэглэл бүхий цилиндр авдар. Сяньбигийн үеийн чимэглэх урлагт модон сийлбэр чухал байр суурь эзэлдэг. Тэд уран сийлбэрээ нимгэн хуудас алтаар бүрж, улам гоёмсог болгодог байж. Алтан эвэрт шидэт буга нь зөвхөн ариун зүрх сэтгэлтэй нэгэнд л үзэгддэг, дээд зэргийн хүч, энергитэй амьтан хэмээгддэг. Тэрхүү бугийн машид зөөлөн хайр нигүүсэл дүүрэн харц нь бурхны мэлмий мэт асрал энэрлийг айл гэрт түгээн байдаг. Энэхүү авдар нь эрдэнийн чулуун шигтгээ, алтадмал цүү, өнгөний гайхалтай нийлэмжтэйгээрээ онцлог юм.
 



Орчин үеийн минималист хэв шинжийг агуулах дүбэн авдар. “Хаадын гэр” компани чөлөөт уран бүтээлчдийг дэмжин ажилладаг. Тэр ч утгаараа зураач М.Отгонтуултай хамтран ажиллаж, нэлээд олон уран зургийг бүтээлдээ ашигласны нэг нь энэхүү дүбэн авдар юм. Минималист хэв шинжийг эрхэмлэх болсон өнөө үед загвар хийц, өнгө үзэмжний хувьд хэзээ ч гологдохгүй энэхүү бүтээл гэрт тань өнгө нэмэх нь гарцаагүй.
 


“Талын хөг” дугуй ирмэгтэй авдар. Уламжлалт авдрын хэв маягийг эвдсэн онцгой хэлбэртэй энэхүү бүтээлийн нүүрэн дээр зураач М.Отгонтуулын “Талын хөг” зургийг буулгажээ. Ингэснээр өвөрмөц өнгө төрхтэй, шинэлэг, давтагдашгүй бүтээл болж чадсан байна. Мөн авдрын цүүг урлахдаа гол хэсэгт нь өлзий хээг уран нарийнаар хийцлэн алтадсан нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэ цэнэ нь улам нэмэгдэх бүтээл болгожээ. Деталь бүрт нь монгол ур ухаан шингэсэн энэхүү авдар таны гэрт өнгө нэмж, сайхан энергээр гэрийг тань дүүргэнэ. 

Хаадын гэр”-ийн модон эдлэлийн түүхий эд нь нарс, царс. Технологи нь 100 хувь гар аргаар, ухаж сийлдгээрээ онцлог. Үнийн хувьд хэлбэр хэмжээ, хийц донжоосоо шалтгаалаад 600 мянган төгрөгөөс эхлэж байгаа ажээ.

Тус хамт олон зөвхөн өнөө маргаашаа харсан бус хойч үедээ  үндэсний биет өв соёлоо өвлүүлэн, өнөд үргэлжүүлэх эрхэм зорилготой. Энэхүү эрхэм зорилгынхоо хүрээнд үнэт өв болох бүтээлүүдийг урлан бүтээж, үлдээн хадгалж байгаа юм.
 


Галерей дэлгүүрээс онцлох бас нэгэн зүйл бол “Эрдэнийн шигтгээт хамбан хөшиг”. Алтан устаар шаглаж болор, оюу, хаш, анар эрдэнийн шигтгээгээр чимж, гоо үзэсгэлэн, үнэнч сэтгэлийг бэлгэдсэн Сяньбигийн үеийн буган хээг хатгасан энэхүү хамбан хөшигийг мөн л 100 хувь гараар урласан онцлогтой. Тэр ч утгаараа цор ганц үнэт өв юм.

Түүний хажууд байрлах тюлийг мөн онцлохгүй өнгөрч болохгүй. Орчин үеийн загвар хийц бүхий хөшиг дээр монголын нүүдэлчин ахуйг харуулсан зургийг, монгол зураач хүний биед ямар ч хор нөлөөгүй эко, урсаж арилахгүй зориулалтын даавууны будгаар зурж, цор ганц хувь үйлдвэрлэсэн байна. Энэ мэт зөвхөн цор ганц загвартайгаар хөшиг, тюлийг тус хамт олон хэрэглэгчдийн захиалгад нийцүүлэн хийж байгаа ажээ.
 


Эсгий урлал, модон эдлэлээс гадна “Хаадын гэр”-ийнхэн гурван хэлхээсээ агуулсан керамик урлалыг хийж байна. Хүннүгийн үеийн олдворын судалгаа, шинжилгээ, зурагнаас санаа авч урласан лааны суурь, чихрийн таваг, аяга, ваар зэргийн өвөрмөц сонин загваруудыг тус галерей дэлгүүрт дэлгэн тавьжээ. Монгол хүний уран сэтгэмжийг агуулсан, дахин давтагдашгүй энэхүү керамик эдлэлүүдээс авч, захиалга өгч гэрээ чимэх болон дотны хүмүүстээ бэлэг болгон барих боломжтой юм.

Эцэст нь өгүүлэхэд “Хаадын гэр” компанийн албан ёсны галерей дэлгүүр “Алтаргана” хороололд байрлаж байгаа бол салбар нэрийн дэлгүүр “Зайсан хилл” цогцолборын дөрвөн давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн 2020 оны босгон дээр шинэ загварын бүтээгдэхүүнүүдээ худалдаанд гаргаад байгаа гэсэн шүү. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
7777(122.201.21.192) 2019 оны 12 сарын 06

76665

1  |  0
Top