Солонгосын хойгийн нөхцөл байдлыг зөөлрүүлэх, Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох, хоёр Солонгосыг нэгтгэх асуудал анхаарлын төвд байдаг. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудалд Төрийн тэргүүнээр сонгогдсон цагаасаа эхлэн анхаарсан. Түүний энэхүү хүчин чармайлтыг судлаачид янз бүрээр дүгнэдэг. Тухайлбал, өчигдөр “Blue Sky” зочид буудалд болсон “Солонгосын хойгийн нэгдэл-2019” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон судлаачид Трампын үйлдлийг өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагаас илүү гарах гэсэн өрсөлдөөн, иргэддээ хэн болохоо харуулах гэсэн хүсэл гэж үзэж байсан юм. Учир нь Барак Обамагийн үед Солонгосын хойгт нөхцөл байдал хурцадмал байсан ч тэрбээр Солонгосын хойгийн асуудлыг зөөлрүүлэхэд нөлөө үзүүлэх алхам огт хийгээгүй. АНУ болон Хойд Солонгосын удирдагч нар цөмийн зэвсэггүй болох асуудлаар нийт гурван удаа уулзаад байгаа билээ. Гэвч асуудлын шийдэл олдоогүй хэвээр.
Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форум
Солонгосын хойгийн нэгдлийн асуудлаарх олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр Ардчилал, Энхтайван нэгдлийн зөвлөлийн Зүүн Өмнөд Азийн умард бүсийн Холбооны Монгол Улс дахь салбар зохион байгуулсан юм. Тэдний санаачилгыг БНСУ-ын ЭСЯ дэмжин оролцож, Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдал, стратегийн хүрээлэнгийн Монгол дахь салбар зөвлөлийн гишүүд, Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форумын төлөөлөгчид, эрдэмтэн, судлаачид оролцлоо. Эрдэм шинжилгээний хуралд оролцсон судлаачид Хойд Солонгосыг хатуу хүчний бодлогоор зорьсондоо хүрсэн улс гэж хэлж болохыг онцолж байв. Тус улсын Ерөнхийлөгч Ким Жон Ун АНУ-тай хэлэлцээрийн ширээний ард сууна гэж мэдэгдэж, Доналд Трампаас “гуйлгасан” нь Америкийг сөхрүүлж чадсан гэлтэй. Трамп, Ким нарын Сингапурт хийсэн анхны уулзалтаас эхлэн тэднийг Монгол Улсад уулзах санал тавьсан, Солонгосын хойгийн асуудлаар яриа хэлэлцээ хийхэд хамгийн тохиромжтой газар бол Улаанбаатар, тэд дараагийн уулзалтаа Монголд хийнэ гэх зэргээр яригдсан.
Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форумын Ерөнхийлөгч, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат “Солонгосын хойгийн нэгдлийг аль болох хойш нь татахгүйгээр, хүмүүнлэгийн харилцаагаар дамжуулан зөөлөн бодлогоор дэмжих хэрэгтэй” гэв. Солонгосын хойгийн нэгдэх үйл ажиллагаанд Монгол Улс оролцож иржээ. Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форумын судлаач, шинжээч нар Солонгосын хойгийн нэгдэл Монгол Улсад маш ашигтайг хэлж байлаа.
Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форумыг үндэслэн байгуулагч, ерөнхий зохицуулагч, доктор Б.Лхагваа энэ талаар “Дэлхий ертөнц улам даяаршиж байна. Дээр нь улс орнуудын харилцан хамаарал их боллоо. Монгол Улс Солонгосын хойгийн талаар яагаад анхаарал тавьдаг вэ гэвэл, Солонгосын хойг оршдог бүс нутгийн таван орны нэг нь Монгол Улс. Тэр дундаа Монгол Улс тухайн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангах талаар хамгийн их санаачилгатай явж ирсэн. Энэхүү бүс нутагт олон талт аюулгүй байдлын механизм бүрдээгүй байхад Монгол Улс 1970-1980-аад оноос эхлэн дээрх асуудлаар НҮБ-ын шугамаар, хоёр талын харилцааны шугамаар, бүс нутгийн хүрээнд гээд байнга санаачилга гаргаж, их идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ бол манай улсын гадаад бодлогын гол зорилтын нэг байсаар ирсэн юм. Бүс нутаг хямрал ихтэй байна. Үе үе хямарч байна. Бид хямралыг энх тайван, эв зүйгээр зохицуулахын төлөө явж байна” гэв.
Хуралд түүнчлэн БНСУ-ын Аюулгүй байдал, стратегийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, ахлах судлаач Чүэ Юн Хуан оролцож, Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах арга замын талаар санал бодлоо хуваалцлаа. Тэрбээр БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах алхмыг эрчимжүүлэх хэрэгтэйг хэлэв. Солонгосын хойгийн нэгдлийн асуудлаарх олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан Ардчилал, энх тайван нэгдлийн зөвлөлийн Зүүн Өмнөд Азийн умард бүсийн Холбооны Монгол Улс дахь салбар нь БНСУ-ын Ардчилсан энх тайвныг бий болгох шаардлагатай, үндсэн улс төрийн бодлого боловсруулж, тус улсын Ерөнхийлөгчид санал оруулан хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Энэ нь Үндсэн хуулийн, Ерөнхийлөгчийн зөвлөх байгууллага аж.
Хурлын үеэр Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форумыг үндэслэн байгуулагч, ерөнхий зохицуулагч, доктор Б.Лхагваатай цөөн хором ярилцлаа.
-Стокхольмд хэдхэн хоногийн өмнө болсон АНУ, Хойд Солонгосын БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох асуудлаарх ажлын хэсгийн уулзалт ямар үр дүнд хүрэв?
-Стокхольмд АНУ, Хойд Солонгосын ажлын хэсгийн уулзалт долоон сарын дараа боллоо. Өнгөрсөн тавдугаар сард Панмүнжомын цэрэггүй бүсэд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гурвын уулзалт болсон. Яриа хэлэлцээ зогсонги байдалд орсныг сэргээе гэж тохиролцсоны дагуу Стокхольмд хоёр талын уулзалт боллоо. Цаашдаа үргэлжлэх төлөвтэй байна.
-Өнөөдрийн хурлын талаар?
-Энэ удаа БНСУ-ын Аюулгүй байдал, стратегийн хүрээлэн, П.Очирбат Ерөнхийлөгчтэй Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форум, Солонгосын нэгдлийг дэмжих үндэсний зөвлөлийн Монгол дахь салбарын гишүүд бас БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтраад Солонгосын хойгийн энхийг процессыг урагш нь ахиулах, хоёрт, Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох талаар эрдэм шинжилгээний олон улсын хурал зохион байгуулж байна. Долоо хоногийн өмнө бас олон улсын хурал зохион байгуулагдсан. Сүүлийн үед Улаанбаатар хот ийм хурлууд хийх хамгийн тохиромжтой газар болж, анхаарал татаад байна. Олон улсын хурал Бээжин, Токио, Москва, Пеньянд болж болох байсан. Гэтэл хурал Улаанбаатарт жил бүр болж байна. Манай улс Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаар Засгийн газрын шугамаар жил бүр хэлэлцүүлэг явуулдаг. Үүнийг Улаанбаатарын диалог гэж хэлдэг. Энэ диалог маш ач холбогдол өгч байна. Сүүлийн үед оролцогч орнууд нэмэгдэж байна, Умард Солонгос өөрөө оролцож байгаа. Энэ диалог бол жилд нэг удаа болдог. Өнгөрсөн зургаадугаар сард болсон. Үүнийг төрийн бус байгууллагууд болон эрдэм шинжилгээний байгууллага нэмэлт арга хэмжээ болгож, асуудлыг цааш нь нарийвчилж авч үзэж байна. Улаанбаатар яагаад анхаарал татаж байна гэхээр Монгол Улс Зүүн хойд Азийн орон, хоёрдугаарт, Улаанбаатар хотод жил бүр Засгийн газрын шугамаар ийм хурал болдог. Энэ жил тав дахь удаагаа Зүүн хойд Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаар олон улсын хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа. Үүнийг дагалдаад эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагууд, холбогдох газрууд нэмэлт арга хэмжээ болгож хурал зохион байгуулж байна. Улаанбаатарт хурал хийх санал маш их ирж байна. Улаанбаатар яагаад онцлог болж байна вэ гэхээр Зүүн хойд Азийн таван улсаас Монгол Улс улс төрийн, газар нутаг, түүхийн ямар нэгэн хурц маргаан байхгүй, бүгдтэй нь найрсаг харилцаатай байгаа цорын ганц улс. Ийм учраас Улаанбаатарыг сонгож байна. Жишээлбэл, Япон, Хятадын хооронд, Япон, Оросын хооронд Курилын арлуудаас эхлээд маргаантай асуудал бий.
Солонгосын хойгийн энхийн процесс бол дандаа түгшүүртэй. Монгол Улс Зүүн хойд Азид Европын холбоо, Хойд Америкийн холбоо шиг, худалдаа-эдийн засгийн интеграцын бүтэц бүрдээгүй байх үеэс санаачилгатай явж ирсэн. Солонгосын хойгийн нэгдлийг хэлэлцэх хэрэгцээ шаардагдаж байгаа учраас үүнийг урагшлуулах нь хэлэлцүүлгийн утга учир. Монгол Улс үүнд маш идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг, төвийг сахисан байр суурьтай учраас Улаанбаатарт хуралддаг. Зүүн хойд Азид хямралын гол цэг нь Солонгосын хойгийн асуудал байна.
-Доналд Трамп, Ким Жон Ун нарын дөрөв дэх уулзалт Монгол Улсад болж магадгүй гэсэн яриа байна...
-Ийм санал олон бий. Тэдний анхны, Сингапурын уулзалтаас эхлээд Монголд уулзах санал тавьсан талаар яригдсан. Одоогийн уулзалтыг хийх боломж байгааг ч үгүйсгэхгүй.
Сэтгэгдэл ( 0 )