ҮСХ: Монголын эдийн засаг 6.3 хувиар өслөө

2019 оны 11 сарын 15

Үндэсний статистикийн хороо энэ оны гуравдугаар улирлын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Эдийн засгийн өсөлт оны эхний есөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 6.3 хувийн өсөлттэй гарсан байна. Статистикчдын өгч буй мэдээллээр, Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/  2010 оны ЗЭРЭГЦҮҮЛЭХ  үнээр  оны эхний есөн сард 13.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 804 тэрбум төгрөгөөр өсжээ. Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 368.1 тэрбум төгрөг буюу 6.9%,   аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 242.8 тэрбум төгрөг буюу 6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж тайлбарлалаа.


ДНБ гэж чухам юуг хэмждэг болохыг, хэрхэн тооцоолдог болохыг тодотгоё. 

 

Тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд тайлант хугацаанд дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн шинээр бүтээсэн нийт нэмэгдэл өртгийн хэмжээ юм. ДНБ-ийг дараах 3 аргаар тооцдог.

Үйлдвэрлэлийн арга: Нийт үйлдвэрлэлээс завсрын хэрэглээг хасаж, нэмэгдэл өртгийн нийлбэр дүнгээр тооцох аргыг хэлнэ.

Эцсийн ашиглалтын арга: Эцсийн хэрэглээ, хуримтлал, цэвэр экспортын нийлбэрээр тооцох аргыг хэлнэ.

Орлогын арга: Хөдөлмөрийн хөлс, үндсэн хөрөнгийн хэрэглээ, үйлдвэрлэлийн татвар, ашиг, түүнтэй адилтгах орлого зэрэг орлогын үзүүлэлтийн нийлбэрээр тооцох аргыг хэлнэ.

ДНБ-ий улирлын тооцоо (Үйлдвэрлэлийн арга): Тухайн салбарын жилийн үйл ажиллагааны улирлын өөрчлөлтийг харуулж чадах богино хугацааны шалгуур үзүүлэлтийг ашиглан, тэдгээрийн өсөлт, бууралтын хандлагаар салбарын нэмэгдэл өртгийг тооцно.

 

ДНБ-ий тооцоолол ОНЫ үнээр  2019 оны эхний  есөн  сард 27.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.6 их наяд төгрөг буюу 15.2 хувиар өссөн байна.

Улирлын нөлөөллийг арилган тооцсоноор ДНБ, 2010 оны ЗЭРЭГЦҮҮЛЭХ  үнээр 2019 оны гуравдугаар улиралд  өмнөх  улирлын түвшинд буюу өмнөх улиралтай харьцуулахад өөрчлөлтгүй гарчээ.

Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2019 оны эхний есөн сарын гүйцэтгэлээр 27.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.9 их наяд төгрөг буюу 16.5%-иар өслөө.

Харин эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 13.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 776.1 тэрбум төгрөг буюу  6.1%-иар өсжээ. Энэ  өсөлтөд хөрөнгийн нийт хуримтлал 1.2 их наяд төгрөг буюу 24.5%-иар өссөн нь нөлөөлсөн байна.

ДНБ-д 2019 оны эхний есөн сарын гүйцэтгэлээр эцсийн хэрэглээ 59.8 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 40.1 хувь, цэвэр экспорт 0.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс эцсийн хэрэглээ 2.9 пунктээр, хөрөнгийн нийт хуримтлал 0.7 пунктээр буурч, цэвэр экспорт 3.6 пунктээр нэмэгджээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top