Үдэшлэгийн хатан, хаан болоход бэлэн үү?

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Арванхоёрдугаар сарыг үдэшлэггүйгээр төсөөлөхөд бэрх. Тансаг, чамин гоёл юугаа зориглон өмсдөг шинэ жилийн үдэшлэгтээ ямар даашинз, хослол өмсөхөө хараахан шийдэж амжаагүй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Таныг энэ үдэш бусдаас илүү загварлаг, дэгжин харагдуулж үдэшлэгийн хатан, хаан болоход эдгээр загварын хувцаснууд тус болно гэдэгт итгэлтэй байна.

Сүүлийн жилүүдэд дизайнерууд үдшийн гоёлд хэт нүсэр даашинз зөвлөхөөс татгалзах болоод байгаа. Энэ жилийн хувьд ч мөн адил тэд хэт нүсэр биш хэрнээ загварлаг хувцаслахыг зөвлөж байна.

Эрч хүчний илэрхийлэл жампсүйт

 

 

2020 он бүхэлдээ үргэлж хувцасны улирал байсан гэхэд хилсдэхгүй. Энэ чиг хандлага үдшийн даашинзны эрин үед ч мөн давамгайлах хандлагатай байна. Та даашинз өмсөхийг хүсэхгүй байвал энэ төрлийн хувцаслалтыг сонгож болно. Энэ нь таныг илүү эрч хүчтэй, гоёмсог харагдуулах болно. Гялалзсан металл өнгө бүхий материалаар хийгдсэн загварууд сонгох нь хамгийн тохиромжтой.

Улаан хивсний ёслолд бэлэн үү...

 

 

Холливүүдийн одод улаан хивсний ёслолд хэрхэн ирдгийг санаж байгаа биз дээ? Загварлаг бөгөөд эмэгтэйлэг дүр төрхийг бүрдүүлэн ирдэг тэдэнд өндөр оноотой хормой, нарийн мөр бүхий “V” хэлбэрийн энгэртэй даашинз тус болох нь элбэг. Энэ төрлийн даашинз олон жилийн турш трэнд хэвээр байгаа бөгөөд энэ жил ч мөн олны харцыг булаахад тань тус болох нь ээ.

Романтик мэдрэмж төрүүлмээр байна уу...

 

 

Хэрэв та романтик мэдрэмж төрүүлэхийг илүүд үзэж байгаа бол бөмбөгөн хэлбэр бүхий хормойтой торон даашинз танд тусална. Биеийн өнгө давамгай энэ төрлийн даашинз дээр гараар урласан хатгамал байвал тун ч янзтай. Энгэр нь мөн л “V” хэлбэртэй байх нь хамгийн зөв бөгөөд аль болох ханцуйгүй загвар сонгоорой.

Металл өнгийн даашинзаар гялалзаарай

 

 

Та орчин үетэйгээ хөл нийлүүлдэг, мөн олны анхаарлыг татах дуртай бол энэ материалаар хийгдсэн даашинзыг сонгоорой. Алтлаг, мөнгөлөг, сарнайн ягаан зэргээс эхлээд солонгын долоон өнгө хүртэл өргөн сонголт энд бий. Та энэ төрлийн материал бүхий даашинз сонгосон бол нүүрээ аль болох натурал маягаар будаарай.

Төгс харагдах шид!

 

 

Металл трэндтэй төгс хорших энэ төрлийн загвар нь зарим талаараа амьтны арьсыг санагдуулна. Даавуу болон торон материал дээр блястик болон металл утсаар хээ гарган урласан байх энэхүү даашинзны гол онцлог. Загварын хувьд өргөн сонголттой бөгөөд та өөрийн биеийн галбирт зөв тохируулж чадвал төгс харагдуулах шид түүнд бий.

Эрчүүдийн дунд силкэн материал ноёлно

 

 

Эрчүүдийн дунд энэ жил силкэн материал трэнд болох төлөвтэй байна. Тэр дундаа лаванда цэцгийг санагдуулам нил ягаан өнгө хүч түрэн орж ирж байгаа бөгөөд энэ төрлийн цамцыг цагаан өнгийн хослол дотуур өмсөж болно.

Кимоно маягийн хослол

 

 

Өнгөрсөн зун трэнд болж байсан кимоно загварын хослолыг гоёлд өмсөхөд тун ч тохиромжтой. Бүсэлхий хэсгээрээ бүстэй энэ төрлийн загварыг илүү тансаг харагдуулахыг хүсвэл торгон материал сонгож болно. Ингэхдээ алтлаг шар, болон металл өнгийн хээтэй материал сонгох нь хамгийн шилдэг сонголт байх болно.

 

 

Үсний засалтын хувьд энэ жил толгойн гоёлоос илүүтэй олон төрлийн гоёмсог хавчаар танд тусална. Мөн нэг хэвийн байдлаас татгалзаж байгаа бол гетсби стилийн гоёлууд танд шинэлэг бөгөөд тансаг мэдрэмж төрүүлэх болно.

 

 

Мөн буржгар үснээс татгалзахыг эрмэлзэж буй бүсгүйчүүдэд олон төрлийн сүлжээс, мөн хойш чиглэлд самнасан шулуун загварын задгай үс тусална. Гэсэн ч буржгар үс моданаас гарсан гэсэн үг биш ээ. Таны царай төрх болон хувцаслалтад энэ төрлийн үс зохиж байвал татгалзах зүйл нэгээхэн ч үгүй. Харин нүүр будалтын тал дээр илүү натурал хэв маяг давамгайлна.

Эцэст нь гэж хэлэхэд таны биеийн онцлогийг хэнээс ч илүү та мэдэх учир биеийнхээ галбир болон царайныхаа төрхөд тааруулан эдгээр загваруудаас сонголтоо хийгээрэй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top