Нартын хүмүүсийн сэтгэл тэнийж, Наурызын баяр өлзийгөө хайрлаг

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 22

Хүн ард эрүүл байг

Хүүхэд бүхэн жаргалтай байг

Ерөөл айлтгал биеллээ олж

Ертөнц даяар аз жаргалаар дүүрч

Нартын хүмүүсийн сэтгэл тэнийж

Наурыз баяр өлзийгөө хайрлаг аа!

Тиймээ, Наурызын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр юм. “Наурыз” гэдэг үг анх персийн сурвалж бичигт манай эриний хоёрдугаар зуунд бичигджээ. Наурыз бол шинэ жилийн эх нь бөгөөд хаврын өдөр, шөнө тэнцсэн өдөртэй давхацдагаараа онцлогтой.

Наурыз гэдэг нь иран хэлний Ноу-“Шинэ”, Руз-“Өдөр” гэдэг үгээс бүрдэж оны эхний өдрийг илэрхийлдэг. Казах хэлэнд наурыз гэдэг нь жилийн эхэнд тэмдэглэгдэх өргөн олон түмний баяр, байгаль орчин, ан амьтан нойрноос сэрж амь ордог өдөр шөнө тэнцдэг цаг үе. Ийм учраас гуравдугаар сарыг казах хэлэнд Наурыз гэж нэрлэдэг байна. Наурызын өглөө ургах нарнаар эрэгтэйчүүд гартаа хүрз, жоотуу авч гол горхи, булгийн эхийг нээж, мод, цэцэг суулгаж, эмэгтэйчүүд сүү цагаан идээ ундааныхаа дээжийг барьж нар мандахад мэндчилдэг уламжлалтай аж.

Казахын ард түмэн Наурыз тохиож буй энэ өдрийг “Улыстын Улы Күны” гэж нэрлэдэг. Энэ нь нийтээрээ хүндэтгэх тэнгэрийн ивээлт өдөр буюу “Зон олны алдарт өдөр” гэсэн утгыг илэрхийлдэг байна. “Зон олны алдарт өдөр” манай цаг тооллоор гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үеэс эхэлнэ. Учир нь нар дэлхийн бөмбөрцгийн дорно зүгээс өглөө зургаан цагт мандах үе нь дундад Азийн улс орнуудын хувьд шөнийн гурван цагтай давхацдаг. Иймээс эдгээр ард түмэн Наурызыг гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үед угтаж ирсэн уламжлалтай.

Ард түмний дунд тархсан домгоор бол гуравдугаар сарын 21-ний шөнө ивээлт өвөө Кызыр даян дэлхийг хэсдэг гэнэ. Иймд энэ шөнийг “Кызырын шөнө” гэж нэрлэдэг аж. Кызыр гэдэг нь хүмүүст эд баялаг, аз жаргал, баяр баясгалан хайрладаг, өндөр настай өвгөн буурлын дүрээр дүрслэгдсэн гайхамшигтэй дүрс болой. Өөрөөр хэлбэл, нарны гэгээгээр илэрдэг аз жаргалыг элчийг “Кызыр” гэж ойлгож болох гэнэ. Наурызын нэг онцлог нь эхний өдрийг угтахаас эхэлдэг. Казахууд үндэсний болон цэвэрхэн хувцсаа өмсч хоорондоо золгож бие биедээ баяр хүргэж мэндчилэн, шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байж, амжилт бүтээл арвин байхын ерөөлийг дэвшүүлдэг. Эрчүүд хоёр гараараа барилцан цээжээ хүргэж мэндэлж золгодог. Эмэгтэйчүүд тэврэлдэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс цээжээ зөрүүлж мэндэлнэ. Хоёр гараараа барилцан цээж мөргүүлнэ гэдэг нь амьдралын тулгуур эрхтэн цээж минь, амьдрах эх булаг болсон хоёр гар минь эсэн мэнд байг гэдгийг илэрхийллэг ажээ.

Наурызын баяраар архи хэрэглэхийг хатуу цээрлэдэг

Наурызын баярт зориулж чанасан толгойг настай буюу цугларагсдын ахмад нь эхэлж зүсэх учиртай. Хонины толгойн эрүүний хуйхнаас зүсэж эхлээд гэрийн эзэнд, дараа нь насны эрэмбээр нь бусад хүмүүст амсуулна. Баярын хамгийн гол хоол бол “Наурыз-көже” хэмээх хоол юм. Энэ нь “Наурыз-шөл” гэсэн үг. “Наурыз-шөл” нь амьдралын долоон элементийг илтгэдэг долоон төрлийн бүтцээс бүрдэнэ. Энэ нь: ус, мах, давс, өөх, гурил, будаа /цагаан будаа, улаан будаа, шар будаа/, сүү зэрэг болно. Энэ бүтэц бол баяр баясгалантай бах, азтай байх, цэцэн байх, эрүүл байх, элбэг дэлбэг байх, хурдан шаламгай байх, өсч үрждэг байх, бурхнаас өршөөлтэй байх зэргийг илтгэдэг. Казахын ёсонд Наурызаар будаатай шөл хийдэг. Үр удам нь олон байхыг бэлэгшээсэн хэрэг юм.

Казахууд Наурызыг тэмдэглэхэд “7” гэсэн тоо заавал ордог. Учир нь энэ бол долоо хоногийн нийт гарагийн тоо юм. Үүгээр гараг бүхнийг ижилхэн сайн хүмүүст ивээлтэй хэмээн үзэж, хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм. Наурызын заншил ёсоор алс хол газар яваа болон настай буурлуудад идээнээс хувь хүртээж хадгалах уламжлалтай. Хүндэтгэлийн энэ өдөр спиртийн төрлийн ямар нэгэн ундаа уухыг хатуу цээрлэнэ. Харин бэлэг гэж сүйд болоод байдаггүй. Нас өндөр болсон хүмүүст, аав, ээждээ хүүхдүүд нь бэлэг өгөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ Монголын цагаан сарын баяр шиг хүний тоогоор бэлэг өгдөггүй. Заншил ёсоор ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, наурызын шөлийг цадталаа идэх ёстой. Үүний учир нь жилийн турш гэдэс өлсөхгүй, цатгалан амьдрахыг бэлэгшээдэг явдал юм. Наурыз көжег 40 айлд орж амсах ёстой гэж үздэг. Яагаад гэвэл казахууд 40-ийн тоог эрхэмлэдэг. Тухайлбал, казахууд 40 настай эр хүнийг эрийн цээнд хүрсэн гэж үздэг, 40 хоргол буюу чулуугаар мэргэлдэг, хүн нас барсан хүнд долоо хоногт 40 гэрэл асааж хүндэтгэл үзүүлдэг, нас барагсдын 40 хоног дээр нь ёслол үйлдэж ном уншуулдаг гэх мэт ёс баримталдаг байна.

Наурызын шөлийг том тогоонд бэлтгэдэг. Энэ бол учиртай. Дээр үед улс гүрний хаан, ноёдууд ард түмнийг эв нэгдэлтэй байлгахын тулд том тогоонд хоол хийлгэн хүн бүхэнд амсуулах ёс байжээ. Нэг тогооноос хоол иднэ гэдэг бол эв нэгдэл, нөхөрлөлийн илэрхийлэл болдог аж. Жилд нэг удаа ийм байдлаар хоол иддэг ёс байсан байна.

Наурызыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвд бүртгэсэн нь..

Наурызыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвийн материалын бус төрөлд дэлхийн бусад 76 төрлийн хамт 2009 онд бүртгэн авчээ. 2010 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн НҮБ-ын Ерөнхий чуулганы 64 дүгээр хуралдаанаар “Наурызыг Олон улсын өдөр” хэмээн тунхаглаж тогтоол гаргасан байна. НҮБ-ын Ерөнхий чуулганы тогтоолд,

гуравдугаар сарын 21-нийг Наурызын олон улсын өдөр хэмээн хүлээн зөвшөөрөх болно. Наурызыг тэмдэглэдэг улс орнуудад Наурызтай холбоотой соёл ба ёс заншлыг хамгаалах ба хөгжүүлэхэд гаргаж буй хүчин чармайлтад баяр хүргэсэн байна. Эдгээр улс орнууд Наурызын тухай мэдээллийн түвшинг дээшлүүлэхэд хүчин чармайлт гарган, шаардлагатай гэж үзвэл энэ баярыг таниулан сурталчлахын тулд жил бүр арга хэмжээ зохион байгуулж байхаар заажээ. Наурыз тэмдэглэдэг улс орнууд Наурызын өвийн тухай мэдлэгийг олон улсын хүрээнд дэлгэрүүлэхийн тулд энэ баярын түүхэн сурвалж болон уламжлалыг судлахаар заасан байна. Наурызыг сонирхож буй гишүүн орнууд, НҮБ болон түүний холбогдох мэргэжсэн комиссууд, сан болон хөтөлбөрүүд, ялангуяа НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын асуудал эрхэлсэн хороо, сонирхож буй олон улсын болон бүсийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд Наурыз тэмдэглэдэг орнуудаас зохион байгуулж буй арга хэмжээнд оролцож, дэмжиж байхыг тус тус уриалжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ккк(122.201.25.241) 2023 оны 03 сарын 22

Туурга тусгаар улсын минь эс ширхэг казах түмэндээ баярын мэнд хүргье Монгол эх орон үүрд мандан бадрах болтугай.

0  |  0
Top