Д.Даваасүрэн: Хүн төрөлхтний мөнхийн эрэл хайгуулын чиг зүг нь театр юм

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

Аливаа улс орны нийгмийг хөдөлгөгч хүч, чиглүүлэн манлайлагч, соён гэгээрүүлэгч салбар бол соёл урлаг. Тэр дундаа театрын урлаг бол хүн төрөлхтний сэтгэл зүрх, оюун ухаан, мэдлэг мэдрэмжид дээдийн дээд цэнгэл, таашаалыг мэдрүүлдэг билээ. Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн захирал, хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Д.Даваасүрэнтэй ярилцлаа.


АРДЫН УРЛАГИЙН ЖИНХЭНЭ МӨН ЧАНАРЫГ ӨРНИЙН ТЕАТРЫН ЦОНХООР ХАЙРЦАГЛАЖ БОЛОХГҮЙ

-Монголын театрын урлагийн үүсэл хөгжил болон ямархан түүх, жаргал зовлонг туулж ирсэн бэ?

-Судлаачдын өмнөх болон одоогийн судалгаанаас харахад, Монголын театрын түүхийг дөрвөн томоохон хэсэгт хуваах дээр санал нэгддэг. Тухайн судалгаанд ямар хэрэглэгдэхүүн сонгон авсан, бас тухайн нийгмийн үзэгдлийг аль өнцгөөс нь харсан зэрэг шалтгаанаар дээрх дөрөв дотор харилцан адилгүй байр суурь илэрхийлдэг. Миний хувьд эргэлзэх, илүү тодруулмаар санагдах, заримдаа илүү дутуу үггүй шууд л хүлээн зөвшөөрөх хандлагууд байдаг.

Тухайлбал, “Монголчуудын уламжлалт театр” гэдэг нэрийн доор түүхэн тодорхой үеийг хамруулаад, түүн дотроо “Ардын харилцаа дууны бичил театр” гэх мэтээр шууд оноогоод явах нь зөв үү, буруу юу гэж бодох жишээний. Миний хувьд их хатуу тулгалт хийгээд, ардын урлагийн жинхэнэ мөн чанарыг, манай үндэстний онцлогтой урлагийн сонин сайхныг өрнийн театр гэх цонхоор, хайрцаглаад, хүчээр театр болгох гээд байгаа юм биш байгаа даа гэж санагддаг.

Хэрэв, миний хардаад байгаа шиг янзын байр суурь зөвийн талтай болбол, үндэстэн үндэстний, тэр бүү хэл нэгэн үндэстэн доторх угсаатны өвөрмөц онцлогийг бүдгэрүүлэхэд хүрнэ. Ингэснээрээ театр судлалд гэм хор гардаггүй байсан ч, Монгол гэх энэ үндэстний хүн төрөлхтний урлаг, соёлын арвин сан хөмрөгт оруулсан хувь нэмэр, өвөрмөц онцлог тодорхойгүй болно. Магадгүй, энэ бүхэн нь Монголын театрын урлагийн жаргал зовлонгийнх нь нэгээхэн хэсэг. Зайлшгүй туулж өнгөрөх ёстой зүйл нь байх л даа.

-Өнөөгийн театрын урлагийн хөгжил ямар түвшинд байна вэ, чиг хандлага нь хаашаа эргэж байна гэж хардаг вэ?

-ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнд, анх Урлаг судлалын тасаг байгуулснаас хойш соёл, урлагаа системтэй судалдаг болоод манай улс 45 жил л болж байна шүү дээ. Тэр тасгийн суурин дээр Монгол Улс 1989 онд Соёл урлаг судлалын хүрээлэн байгуулж, төрөөс санхүүжүүлж, төрөөс захиалж судалгаанууд хийлгэсэн. Үр дүнг нь төр засгийн бодлогод ч тусгаж ажилласан. Үндсэндээ Монголын соёл, урлаг гэх юм уу, их хөөргөн дэврүүн ч байж болохоор шиг хэлэхэд хүн төрөлхтний соёл, урлагийн язгуур соёл, урлагийг судлах, ямар нэг хэмжээгээр шат ахиулах, яаж ийгээд шинэ сонин содон мэдээ баримтыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж ирэх гэх мэт бүхий л ажил зөвхөн судлаачдын зүрх сэтгэл, тэдний халаасанд байх, ихэнхдээ байхгүй байх мөнгө төгрөг дээр тогтож ирлээ гэхэд хатуудахгүй байх. Улсын төсвөөс олгосон бага сага хөрөнгө оруулалт бий бий. Тэр нь манай улсын шинжлэх ухаандаа зарцуулдаг нийт мөнгөний дэгсдүү хэлбэл тэг бүхэл хэдэн мянганых. Байгаль техникийн салбарын шинжлэх ухаанд хуваарилаад, тэндээс үлдсэн нь. Яагаад түвшин асуухаар ийм зовлон тоочоод байгаа юм бэ гэж бодогдож байж магадгүй. Тааруу байна гээд хэлчихээр өчигдрийн С.Дашдондог гуайг, өнөөдрийн Д.Батсайхан, Н.Ганхуяг, П.Батхуягийг ч юм уу юм хийгээгүй юм байна, огт хийдэггүй юм байна, судлахгүй байна гэж ойлгогдохоор хариу болоод байдаг. Тэрнээсээ болоод түвшин ахиулж, дорвитой үр дүнгүүд гаргуулж ажиллах, үүнийхээ төлөө бодлого боловсруулж, түүнийгээ санхүүжүүлэх, тэгээд үр дүнг нь бодлого төлөвлөлтдөө тусгаад явах ёстой тэднээс арай дээр байгаа шийдвэр гаргагчид нэр цэвэр үлдэх гээд байх муу талтай.

Соёл, урлаг судлал, түүн дундаа театр судлал бол хоцрогдонгуй, хөгжихгүй байна. Улсдаа ганц байгаа Соёл, урлаг судлалын хүрээлэнгээ бие даасан бүтэц зохион байгуулалттай байлгаж, төсвөөс санхүүжүүлж, хүний нөөцөө тасралтгүй бэлтгэж, олон талт судалгаа хийх нөхцөл бололцоогоор хангахгүй байна. Оюутны төлбөрөөр амьдардаг их сургуулийнхаа бөөрөнд аваачиж нааж орхиод, тас мартаад байхаар түвшин ярих их хэцүү байна. Гэтэл, дэлхийн хэмжээнд театр судлал хөгжөөд, улам гүнзгийрээд, дангаар нь биш, олон салбар ухааны хам хүрээнд судлаад, судлаачид нь мэргэшээд, тэр хэрээрээ онол, сургалт нь боловсронгуй болоод байдаг. Манайх өнөө л ерөөлч, магтаалч маань жүжигчин байсан байна гэх маягтай, бас тэрэн дээрээ олигтой санаа нийлсэн ч юмгүй л байж байна даа.

Олон Улсын хэмжээнд театрын боловсрол болон судлал аль алинаар шинэ, шинэ арга, хандлагууд гарч байна. Манай сургуулийн багш, оюутнууд ч тэднээс хамтын ажиллагааны хүрээнд, олон улсын хэмжээнд зохиогддог уралдаан наадамд нь оролцож, харж, суралцаж, туршлага хуваалцаж л байна. Хамтарсан сургалт хүртэл боломжоороо явуулж байна. Энэ нь бүр зогсоод үлдэхээс хавьгүй дээр боловч, тэдний адил сургаж, тэдний адил бүтээнэ гэхэд бол мэдээж учир дутагдалтайг энд заавал би хэлэх шаардлагагүй, ойлгомжтой зүйл. Театрын урлагийн сургууль, Соёл урлагийн их сургууль Азийн болон Европын ижил төстэй сургуулиудтай хамтран ажиллаж, бүр мэргэжлийн холбоог санаачлан байгуулалцаж, уралдаан наадмыг эх орондоо зохион байгуулж, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг сургууль дээрээ зохион байгуулдаг. Энэ бүхэн бол урлаг, соёлын одоогийн төлөв байдал, түвшин болон хэтийн чиг хандлагыг олж харах, улмаар өөрсдийн бодлогын суурь чигийг олж тогтооход чиглэдэг гэж хэлж болно.

-Театрын урлаг хүн төрөлхтөнд ямар өгөөж өгч, юуг мэдрүүлэх үүрэгтэй гэж боддог вэ?

-Хүн төрөлхтөн өөрийн орь хүсэл болох сайн сайхан амьдрах, амар амгалан, жаргал цэнгэлийг эдлэхийн төлөөнөө л мэдлэг ухаануудыг бий болгож, түүнийгээ хөгжүүлж, төдийгөөс өдий хүрсэн. Энэ маргаангүй. Тиймээс урлаг тэр орь хүсэлдээ хүрэх арга зам нь, мөнхийн эрэл хайгуулынх нь чиг зүг нь. Тиймээс театраас үзэгчид зөв зүйтэй, шударга үнэн амьдрах арга, зам мөрөө л олж, сайн сайханд тэмүүлэх зориг зүрхээ хөглөж чадаж байвал болох нь тэр. Муу муухайг таньж, түүнийг жигшин зэвүүцэх үзэл ухамсар олж, олгож чадаж л байвал болох нь тэр.

-СУИС-ийн Театрын урлагийн сургууль нээгдсэн цагаас эхлэн хэчнээн уран бүтээлч гараас гарч, яг мэргэжлээрээ ажиллдаг нь хэд бол, боловсон хүчний бодлого, нөөц хангалттай байна уу?

-Жүжиглэх урлаг хөтөлбөрөөр гүйцэтгэгч уран бүтээлч бэлтгэдэг гурван сургууль үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн 10-аад жилийн дунджаар нэг хичээлийн жилд Театрын урлагийн сургуулийг 60-аас цөөнгүй жүжигчин төгсөж байна гэж бодоход, өнөөдөр төвийн болон хөдөө орон нутгийн мэргэжлийн театр чуулгад мэргэжлээрээ ажиллаж байгаа уран бүтээлчдийн дийлэнх олонхыг манай эрдмийн хамт олон бэлтгэж байна. Гэртээ суугаад бидний телевизээр үзэж байгаа цэнгээнт нэвтрүүлгийн зочин, хөтөлж байгаа хөтлөгч, тэр контентуудыг санаачлаад авч яваа продюсер дотор ч, кино театрт шинээр гарч нээлтээ хийж байгаа, олон улсын уралдаан наадамд оролцож байгаа кинонуудад ч манай төгсөгч, мэргэжлийн жүжигчин, найруулагч, тайзны зураачид байдаг.

Сайнтай, муутай сав дүүрдэг гэдэг. Бүгд мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа. Энд, тэр хувь хүний мэргэжлийн ур чадвар дутуу дулимаг хүрэхгүй ч тал байдаг л байх. Ийм гэхээсээ илүү мэргэжлийн урлагийн байгууллагуудын хүрэлцээ, нөгөө талдаа улсын бодлого ч дутаад л байдаг. Урлагийг үзэл суртлын зэвсэг байлгах эсэх нь нийгмийн тогтолцооноос шалтгаалах гэхээсээ илүү, улс улс шиг байх, үндэстний хувьд тусгаар тогтнолын, эдийн засгийн, нийгмийн хөгжлийн хөдөлгөгч хүч нь соёл урлаг гэдэг талаасаа харвал, театр гэлтгүй бусад салбарт ч мэргэжилтнийг бодлогоор бэлтгэх, түүндээ улс мөнгө хаях шаардлагатай юм байна шүү дээ. Ийм нөхцөл бүрдээгүйгээс болоод, хэт олон гэж хэн нэгэн шүүмжилбэл, үгүй ээ тийм биш гэхийн аргагүй тоогоор оюутан элсүүлж, элсүүлсэн юм чинь төгсгөхөөс өөр арга бидэнд олдохгүй л байна.

Өнгөрсөн жилээс найруулагчаар бакалаврын өдрийн ангид өмнө нь жүжигчин, бүжигчин ч юм уу ямар нэг мэргэжлээр бакалавртай, хэдэн жил ажилласан хүмүүсийг элсүүлж, зардал мөнгийг нь тухайн уран бүтээлийн байгууллага, орон нутгаас нь шийдүүлэхээр яриад, ганц хоёр хүнийг элсүүлсэн. Энэ мэтээр тасралтгүй, шат дараатай бодлогын алхмуудыг хийж, ажил хэрэг болгоод, гол нь тэрнийхээ үр дүнг үзээд явбал, хэдэн ч оюутантай байсан хамаагүй, тэр цөөн оюутнуудыг сургахад шаардлагатай суурь санхүүжилтийг төр хариуцаад явдаг болбол манай сургуулийн хувьд л гэхэд оюутны тоотой хөөцөлдөх шаардлага байхгүй.

Өнөөдөр бол үүний чанх эсрэг нөхцөл байдалтай байгаа учир сургалтын төлбөрийг нэмж, оюутны тоог цөөрүүлэх ямар ч боломж алга. Их, дээд сургуульд ч гэсэн Монгол Улсын иргэн л ажилладаг, амьжиргаагаа эндээс залгуулдаг. Тэднийг баталгаатай ажлын байртай байлгах хэрэгтэй. Амьдралд нь цалин нь хүрэлцдэггүй. Ер нь цалин хэд байвал амьдралд хүрэлцэхийг ч би хэлж мэдэхгүй. Гэхдээ л авч байгаа цалингаасаа хэд дахин их хичээл зүтгэл гаргаж, түмний хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ ажилладаг багш олон байгаа. Оюутны тоотой хөөцөлдөж байгаа нь нэгд 60 гаруй жилийн түүхтэй сургуулиа, хоёрт багш нараа л бодсон хэрэг. Тиймээс чанарынх нь талыг өнөөх л хэдэн багшдаа даатгаад, тэд маань мэргэжилдээ дуртай, хайртай байдаг. Багш нар ч шавь нартаа мэддэг чаддаг бүхнээ хэлж өгч, ур чадварыг суулгахын тулд хамаг л нөөц боломжоо дайчлан ажилладаг. Энэ тулдаа л төгсөгчид маань төгсөөд бараг зуун хувь ажлын байртай, тэрэн дотор мэргэжлээрээ төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаад, өөрөө өөртөө ажлын байр бий болгоод явж байгаа нь 80 шахам хувь нь ажиллаж амьдарч бүтээн турвиж байна. Энэ сургалтыг улам чанартай болгоё гэвэл, энэ сургалтад төр болон бизнесийн байгууллагуудын үүрэг оролцоо, санхүүжилт үнэхээр чухал байна.

ЭНЭ ЖИЛ ТӨГСӨГЧДИЙНХӨӨ УРАН БҮТЭЭЛИЙГ НЬ ТАЙЗНААС ҮЗЭЭД, ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙГ НЬ ӨРДӨЖ НОЦООЖ ӨГӨӨД ҮДМЭЭР БАЙНА

-Танай сургууль дэлхийн ямар, ямар сургууль болон урлагийн байгууллагатай хамтарч ажилладаг вэ?

-Зөвхөн Театрын урлагийн сургуулиар жишээ авахад ОХУ-ын Москвагийн болон Санк-Петербургийн Театрын урлагийн дээд сургууль, Кемеровын Соёл урлагийн их сургууль, БНСУ-ын Үндэсний урлагийн их сургууль, Чунга-Анг их сургууль, Сингапурын Ласалл урлагийн коллеж, Германы Эрнест Бушийн театрын сургууль, Шанхайн Театрын академи, БНХАУ-ын Бээжингийн Төвийн Драмын академитай хамтран ажилладаг. Бээжингийн Төвийн Драмын академид урлагийн байгууллагуудад дутагдалтай байгаа, орчин үед шинэ тутам бэлтгэж эхлээд байгаа мэргэжлүүдээр 30 гаруй оюутан суралцаж байна. 2019 онд 13 оюутан явуулсан. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгтэй. Эхний жилд хэлний бэлтгэлд суралцаад, үндсэн мэргэжлээрээ суралцах боломжтой. Үндсэн хөтөлбөртөө орохоор найруулах урлаг, тайзны дизайны чиглэлээр мэргэшнэ. Тайзны дизайн нь нүүр будалт, тайзны зураач, гэрлийн дизайн, тайзны менежмент гэх мэтээр задардаг юм билээ.

-Цар тахлын үед цахимаар хичээллэх хүндрэлтэй байна уу, хичээлийн арга барил хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Хүндрэлтэй байна. Ганц бидэнд биш, бүх нийтэд тохиосон саад бэрхшээл учир яаж ийгээд хор хохирол багатай давах юм сан гээд мэрийж л байцгаана. Холимог сургалтын хэлбэр рүү сургалтаа шилжүүлэх, үүнтэй холбоотой сургалтын хэрэглэгдэхүүн, баазыг бий болгох олон ажил ар араасаа гарч байна. Өвлийн оюутны амралтаар шаардлагатай ном, сурах бичгээ цахим руу шилжүүлэхтэй холбоотой ажлыг хийцгээлээ. Багш нараа зөөврийн компьютертой болгох ажлыг өмнө нь ч хийж байсан, одоо ч тийм шаардлага байна. Багшийн хэрэглэх гарын авлагын хувьд Ази-Номхон далайн бүсийн орнуудад хэрэгжүүлж байгаа туршлагыг эмхэтгэсэн “Холимог сургалт-Чанартай дээд боловсрол” номыг төв сургуулиас орчуулж, манай сургууль бүх багш нартаа үнэгүй тарааж, сургалтад нь хэрэглүүлж байна.

Хамгийн хэцүү байдалтай байгаа нь төгсөлтийн уран бүтээл. Өнгөрсөн жил Хөгжимт театрын жүжигчний нэг ангийн уран бүтээлийг тайзан дээрээс үзэж чадалгүй төгсгөсөн. Энэ жил дөрвийн дөрвөн ангийн 80 гаруй төгсөх оюутан байна. Эднийгээ сургалтын тайзан дээр нь гаргаж, уран бүтээлийг нь үзээд, сайн жүжигчин болох хүсэл мөрөөдлийг нь өрдөж ноцоож өгөөд үдмээр байдаг. Энэ л санаа зовоож байна. Их сургуулиудаа танхимаар хичээллэхийг хориглож, номын сангуудаа лацдах нь холгүй болчихоод, нийтийн цэнгээний газар, уушийн газруудыг чинь, хөл хориог нь цуцлаад байдаг. Заримдаа ч огтоос ойлгохгүй юм гарч л байна шүү.

-Боловсролын салбарт театрын урлагийг хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ?

-Сургалтын баазыг бэхжүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх, суралцагчдыг тэтгэлэгт хамруулах гээд чамгүй дэмжлэг бий. Хамгийн сүүлд гэхэд 2017 онд БСШУСЯ-ны дэмжлэгээр, улсын төсвөөс санхүүжүүлж, 2020 онд “Яруу зохист” гэдэг лаборатори тохижууллаа. Энд бид кинонд дуу оруулах, камертай ажиллах хичээл орно. Хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх шаардлага тавигдаж байгаа энэ цаг үед маш том хөрөнгө оруулалт энэ мөн. Өмнө өмнөх асуултын хүрээнд яригдсан бодлогын түвшинд шийдэх, шууд авч хэрэгжүүлэх олон талт дэмжлэг үгүйлэгдэж байгаа ч, Соёл урлагийн их сургуулийн хэмжээгээр төр засгийн дэмжлэг сүүлийн арван жилээр авч үзэхэд, өмнөх жилүүдтэй харьцуулшгүй их хөрөнгө оруулалтыг хийж, дэмжлэг үзүүлж байгаа. Чамлахаар чанга атга гэж үг бий.

УРЛАГ, БУРХАНЫ ШАШИН ХОЁРЫН ЭЦСИЙН ЗОРИЛГО НЭГ

-Та шашны чиглэлээр төгссөн бас яруу найрагч хүн. Урлагт шашны үзэл хандлага шингэхдээ үзэл санаагаараа хүний сэтгэхүй, сэтгэл зүй, итгэл үнэмшилд ямар ямар нөлөө үзүүлж ирсэн гэж боддог вэ?

-Баярлалаа. Намайг яруу найрагч мөн, бишийг бусад хүмүүс л үнэнээр нь хэлэх байх. Минийхээр бол, би яруу найрагч биш, харин шүлэгч. Тэгээд ч өсвөр насандаа шүлэг бичиж үзээгүй монгол хүн гэж бараг байдаггүй байх. Тэр болгоныг яруу найрагч гэж хэлж болохгүй биз дээ. Өсвөр насныхаа тэр нэг дур хүсэлд өнөө хэр нь дуртай, сонирхолтой байсаар л байгаа нэг шүлэгч гэх нь үнэнд илүү ойр биз.

Зөвхөн театраар бодоход л, дундад зуунд Христийн шашин театрын урлагт нөлөөлж, хөгжүүлэхдээ ч хөгжүүлж, хааж хорихдоо ч хааж хорьж л байсан. Урлаг, тэр дундаа театрын урлаг өөрөө нийгмийн толь, нийгмийн үзэгдэл учраас өөрөөр байх боломжгүй. Манайд бас, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн “Саран хөхөө намтар”-ыг тоглож байсан “Намтар дуулах дацан” ч юм уу, зүүн аймагт То ван, баруун аймагт Лувсандондов жанжин, Мичин ван гээд тухайн үеийн дэвшилтэд үзэлтэй нэр нөлөө бүхий хүмүүсийн гавьяа зүтгэлээр Монголын гэх театрын эх суурь тавигдаж, түүнд монголчуудын ертөнцийг үзэх үзэл болох Бурханы шашны гүн ухаан, сургаалын нөлөө тусгалаа олж байжээ. Үүнийг өнөөгийн зарим хүмүүс шүүмжилж үгүйсгэх л байх л даа. Мухар сохорт нь хүрэх л байх. Гэхдээ энэ нь үнэндээ мухар сүсгийн явуулга гэхээсээ илүү урлаг, Бурханы шашин хоёрын эцсийн зорилго нэг. Хүнийг үзэх мэлмий, бодох оюун тархиар нь дамжуулж зөв амьдралын дадал хэвшилтэй болгож, сайн сайханд тэмүүлж илүү их дайчин, илүү их бүтээлч амьдрах уриа дуудлага болох хүсэл нь нэг учраас л урлаг бол шашны гүн ухаан, сургаалыг уран бүтээлдээ авч, түүгээр чин санаагаа хүнд хүргэж ирсэн гэж үзэх нь зөв л дөө.

-Шашны сургаал, номлолд амьдралыг үзэх үзлийн юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлдэг вэ?

-Бурханы шашинтай учирсандаа би үнэхээр их баярладаг. Амьдрал тэр чигээрээ хүн өөрөө өөрийгөө танихын төлөөх орон зай, цаг хугацаа юм гэж ойлговол, алхам мөч бүрээ би бурханы шашинтай учирсан тулдаа л үр дүнтэй, үнэ цэнтэй болгох замаа олсон. Бусдыг ойлгох гэхээсээ илүү би өөрийгөө л ойлгохыг хичээдэг. Харилцаанд бусдын буруутайг олж харахаасаа илүү, өөрийнхөө гаргасан алдаа дутагдлаа л олж харахыг хичээдэг. Мэдээж, бүх тохиолдолд гэж хэлж чадахгүй ч, минийх л зөв гээд муйхарлаад, бусдыг буруутгаад өнгөрч болох арван тохиолдлын тэн хагасаас илүүд нь би өөр рүүгээ эргэж хардаг. Энэ бол миний хувьд том дэвшил. Бурханы шашинтны нэг онцгой өнгө төрх бол минималист хэв шинж. Үүнийг шунал гэгч сэтгэлийн гэмээс татгалзах замаар Бурханы шашинтнууд олж авдаг гэж би итгэдэг. Өнөөдөр нийгмийн болохгүй бүхний цаад үзүүрт шунал л байгаа. Алдар нэр, ашиг орлого юу юунд ч юм шунасан шунал. Тэр л бүхэлдээ хүний ертөнцийг доройтуулах томоохон шалтгааны нэг мөн. Хүний төрлийн үнэ цэн, урсан өнгөрч буй цаг хугацааг хоосон, хий дэмий өнгөрөөвөл, түүнийг дахин нөхөж чадахааргүй алдаж байгааг нь ойлгуулах, хүнийг өөрөөр нь өөрийг нь сэнхрүүлэх аргаар энэ насны хэрэгтэй гэхээсээ илүү хэрэггүй олон зүйлд шунаж автахаас Бурханы чөлөө учралын, үхэл мөнх бусын тухай сургаал надад тусалж санамж сэрэмж болдог. Олон гайхамшигтай сургаал, гүн гүнзгий онол сэтгэл зүрхийг татдаг. Даанч харамсалтай нь хэрэгтэйд цагаа зарцуулж чадахаа нэгэнт байсан олны нэгэн адил хэрэгтэй гэхээсээ илүү хэрэггүйтэй хөөцөлдөөд л хайран цагаа барах юм даа.

-Монголд бурхан шашны үйл ажиллагаагаа явуулдаг сүм хийдүүд нийгэмд чиглэсэн соён гэгээрүүлэх ямар, ямар ажлуудыг хийдэг вэ?

-Нэг судалгаа харж байсан. Тэнд Бурханы шашин бол олон ламтай, Христийн шашин бол олон сүм хийдтэй гэсэн байсан. Ер нь аливаа юм олон болохоороо л сайн гэсэн үг биш. Цөөн байгаа нь муу ч гэсэн үг биш. Тиймээс тоо бол чухал биш. 1990 оноос хойш сэргэсэн, цоо шинээр байгуулсан Бурханы шашны сүм хийд чамгүй олон тоотой биз. Одоо харин тэр болгон үйл ажиллагаа явуулж байна уу гэвэл өөр тоо гарна. Гол нь сүсэгтнээрээ дамжуулж, нийгэмд аль хэр эерэг хандлага, зөв нөлөөллийг үзүүлж байна вэ гэдэг нь л чухал. Тиймээс ч таныг нийгэмд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлуудыг нь сонирхож байна гэж ойлгож байна. Нэг үеэ бодвол, Бурханы шашны сүм хийдийн үйл ажиллагаа олон төрлийн болсон. Уламжлалт хурал хурах зан үйлийн зэрэгцээ үндэсний гэж нэрлэж болохуйц мэдлэг боловсролтой залуус гарч ирж, яриа таниулга хийх боллоо. Ганц төвөд биш, дэлхийн бусад хэлнээс Бурханы шашны сургаалыг эх хэлнээ орчуулж, уншигчдад хүргэх боллоо. Шинжлэх ухааны мэдлэг бүрээр залуу лам хуврагууд орж суралцаж, Бурханы шашны мэдлэг ухааныг харьцуулж, зэрэгцүүлж судлах боллоо. Бусдын л адил хэвлэл мэдээллийн бүхий хэрэгслээр үйл ажиллагаагаа, гүн ухаанаа сурталчлах боллоо. Нийгэм рүү хандсан хүмүүнлэгийн олон арга хэмжээг санаачлан хийдэг, сүсэгтэй сүсэггүй гэж ялгахгүйгээр зовсон зүдэрсэн олонд тусламжийн гараа сунгаж байна. Одоо нэг үеэ бодвол, хүн л өөрөө хичээвэл Бурханы шашны талаар өргөн, бас гүнзгий мэдлэг эзэмших, түүний онол, сургаалын охиор сэтгэл оюунаа судлах бүрэн боломжийг Бурханы шашны сүм хийдүүд, лам хувраг нар маань бий болгож чадлаа. Улам ч сайжирна, энэ нөхцөл. Гол нь одоо хэрэглэгчийн, миний өөрийн хичээл зүтгэл л мэднэ.

-Монголын уламжлалт зан үйл, ёс заншил яндашгүй баялаг. Үүнийг урлагт үзүүлэхээс илүү амьдралд мөрдөж явах талаар ард түмэндээ хандаж хэлэхэд?

-Олдохоороо өлдөх гэдэг нэг үг байдаг даа. Бид яндашгүй, гайхамшигтай л гээд байхаас биш, дор бүрнээ тэр яагаад гайхамшигтай юм, ямар учраас ийм арвин их өв санг өвгөд дээдэс минь бий болгов гэж тэр бүр бодохгүй л байх шиг, өөрөөрөө л жишээлэхэд. Уг нь тэгдэг бол, хамгийн наад зах нь энэ цар тахлын айдастай үед хүн бүр өөрийн аягатай, халбагатай, уут савтай байсан соёл гэх үү, хэрэглээ гэх үү тэрийгээ сэргээсэн айл хэд байгаа бол... Бид нийгмийн чанартай, нийтийг хамарсан өвчин тахал гарахаас өрхийн түвшинд сэргийлж чаддаг л ард түмэн байсан байна шүү дээ.

"Ниргэсний хойно нь хашхирав" гэдэг шиг энэ гуравдугаар сарын дундуур болсон байгалийн онц гамшигт үзэгдэл байна. Байгалийн даван дийлдэшгүй хүчин зүйл, үзэгдэл болгоод л өнгөрсөн. Юунаас болж тэр гамшиг болсон бэ, бидний л буруутай үйлдлийн үр дагавар шүү дээ. Мод тарих дээд буян гээд хэн ч, хэзээ ч хэлсэн юм бүү мэд. Гэхдээ энэ суртал ухуулгыг улам хүчирхэгжүүлээд, цар хүрээг нь тэлээд, монгол хүн бүрийг оролцуулж, айл болгоныг хашаанаас нь гаргаж, бүх нийтээрээ зөвхөн мод биш, бутлаг ургамал, өөр ямар хэрэгтэй өвс ургамал байдаг юм, тэрийг уул тал, нуга хөндийгүй тарьж хөрс шороогоо бэхжүүлэх, байгалиа сэргээх арга бодохгүй бол байгаль бидний буруу болгоны араас мөр хөөж, өөрөө өөрийгөө нөхөн сэргээж дийлэхээ байлаа.

Энэ мэтээр уламжлалт болон уламжлалт бус олон олон зан үйлийг сэргээхийг нь сэргээж, шинээр суралцахад суралцаж, бүх нийтээрээ өөрөө өөрсдийнхөө төлөө, үр хойчийнхоо төлөө, газар нутгийнхаа төлөө санаж сэрэх юм бишгүй байна. Аль нэг жүжиг, ямар нэг киноноос, хэн нэгэн урлаг соёлын алдартны амнаас сонсоод нээрэн тийм дээ гээд суух биш, нийтээрээ нэгдэж нийлдэг, хийж бүтээдэг ард түмэн болцгооё.

БИ “ХҮН ГЭДЭГ ОНОХЫН ЭРЭЛД ХАТСАН АЛДААНЫ ҮР” ГЭЖ БОДДОГ

-Таны шүлэгт бүтээлд ухаарал, бясалгалын монгол мөртүүд байдаг. Шүлэг яруу найраг гэдэг таны бодлоор юу вэ?

-Ухаарал бясалгал гэхээсээ илүү ойлгож таних гэсэн нь л их байх. Энэ үнэнд ойр байх гэснээ л бусадтай хуваалцдаг. Сонссоны эрдэм гэж байдаг. Тийм түвшний мэдлэгээсээ хуваалцсан нь бүр олон. Олон дахин давтсан, тунгаасан нь түүнээсээ цөөн. Өөртөө эрдэм болгоод шингээсэн нь бүр цөөн. Гэхдээ л хэн байхаас, хаана байхаас, хэдэн настай байхаас, ямар шашинтай байхаас үл хамаарч нийтлэг зөв байхаар санааг заримдаа шүлэг, дийлэнхдээ бодрол, эсээ маягаар бичдэг. Саяхан болж өнгөрсөн дэлхийн яруу найргийн өдрөөр “Сэтгэлд амгалангийн үр, цэнгэлийн дуутай оюуны рашаан юм, яруу найраг” гэдэг үгээр зохиолч, яруу найрагчдадаа мэндчилгээ дэвшүүлсэн. Үүгээр хэлэх гэсэн гол санаа, үүнд байгаа гол дүгнэлт бол яруу найраг бол эцсийн дүндээ гэгээрэлд л хүргэх ёстой. Үүний тулд л яруу найраг туурвиж, үүний төлөөнөө л яруу найргийг уншдаг байгаасай гэсэн л санаа.

-Хэний ямар шүлэг, номд дуртай вэ, унших дуртай мөртүүдээсээ хэлээч?

-Бусдаас давж хэлэх, бусдын хэлээгүйг хэлэх гэхээсээ илүү, бусад маань нэгэнт хэлчихсэн, үнэн болох нь, чухал гэдэг нь амьдралаар батлагдсан гарцаагүй хэрэгтэй, амин чухлыг баталж, дэмжиж, зөвтгөж дуу хоолойгоо гаргахыг л хичээдэг. Тийм ч учраас тийм зөвийг, тийм чухлыг хайж уншдаг. Өсвөр насандаа Б.Явуухулан гуайг их уншдаг байсан. Үзэл санаа тогтоод, хэрэндээ хэрсүүжээд О.Дашбалбарыг уншдаг болсон. Одоо ч давтан давтан уншдаг. Сурагч байхдаа сургуулийнхаа номын сангийн бүх номыг унших гэдэг байлаа. Одоо бол хэрэгтэйгээ л олон дахин уншихыг чухалд үздэг болсон. Сэтгэлгээний хувьд Н.Жанцанноров, Б.Лхагвасүрэн нар шиг байхыг хүсэж, хэл найруулга, эрдэм судлалын арга аргачлалын хувьд Л.Хүрэлбаатар багш шиг болох гэж гээд өөрийгөө огтоос чамлахгүйгээр, өөрөөсөө өчнөөн дээр илүүг л дагаж суралцах гэж уншиж байна даа. О.Дашбалбар гуайн “Сэрэвгэр хадны зэргэлээ тасарч...” гэдэг шүлэг байдаг. Ээжийнхээ дурсгалд зориулсан.

“Өглөө бүхэн гэрийнхээ үүдэнд зогсож

Өлийн даваа руу саравчлан харсан ижий минь” гэж эхэлдэг шүлэг дотор:

“Орог буурал мананг сөхөн саравчилсаар бөгтөр болсон ижий минь” гэж мөр бий. Үүнээс өөрөөр ижийнхээ тухай, өөрийн эрхгүй хорвоогийн жамаар бөгтийж яваа тэр үнэнийг, үр нь өөр дээрээ татаж авчраад, ижийнхээ ачтайд үнэн санаанаасаа итгэх шиг тийм ариун гэгээн, үнэн зөв өөр олон юм байна гэж үү. Д.Урианхай гуайн “Өвгөн үг” гэдэг номд “Шал арчихуй...” гэдэг эсээ байдаг. Зохиогч тэрийгээ “дотоод ойллого” гэсэн байдаг юм. Оносон л гэж итгэдэг. Эсээ уран зохиолын бие даасан төрөл болохын хувьд дотроо тийм ангилал, ялгаатай байх ёстой биз. Тэнд, зөвхөн агуу их хайр биш, асар гүнзгий ухаарал үг, өгүүлбэр бүрт нь сүлбэлцэн шингэсэн байдаг. Ж.Бадраа гуай байна. Тэр хүний дууны шүлгийг уншихгүйгээр дууны шүлэг бичих гэх нь тойроод гарах зам байсаар байтал харахгүй, духаараа чулуун ханан мөргөөд, тас гэдрэгээ саваад унаад байхтай л адил зүйл. Бадраа гуайн шүлгийг нь бичсэн олон дууг би багадаа ардын дуу гэж боддог байсан юм билээ.

-Залуус ном унших, театрт очихоосоо илүү цахим хэрэглээг чухалчилдаг болж. Уламжлалт арга барил, амьд харилцаа, хүний унаган зөн сэрэхүйг сэрээхийн тулд бид юу хийх ёстой вэ?

-Бид гэхээсээ илүү, олж харж, ойшоовол бидний өмнөх үеийнхэн ч яг үүнд хэрэгтэй илүү олныг хийсэн. Үлдээсэн. Хүн гол юм сан бол өөдөө урсдаг гол. Хүн уул юм сан бол дээшээ гэхээсээ илүү дотогшоо ургадаг уул. Үүгээрээ л хүний амьдрал бусдаас өөр байх. Өнөөдөр нэгэнт бий болсон, хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм шиг санагдаж байгаа олон зүйлийг бид сөргөж байж, даван туулна. Тэгж байж л хүн хүнээрээ үлдэнэ. Цахим бол бидний хэрэглээ болохоос биш, бид цахимын хэрэглээ болж болохгүй. Яг одоохондоо миний хувьд хайртай хүнээ чанга тэврээд, уруул дээр нь үнсэхээс илүү хайртайгаа илэрхийлэх арга бодогдохгүй л байна. Яаж ч хичээсэн нэг нь нэгнийхээ гараас атгаад, нүд рүү хараад, амьсгааг нь мэдрээд харилцах шиг тийм үр дүнтэй харилцааг цахим ертөнц дотор хүн төрөлхтөн үүсгэх гэж цаг заваа барах хэрэггүй л гэж бодож байна. Харин түүний оронд тэр амьд харилцаандаа мөрдлөг болгодог, ихэнхийг нь соёл гэж нэрлээд, хэн нэгэн соёл судлаач л судалдаг гээд ойлгочихсон ахуй доторх, хэрэглээний орчин дахь дадал хэвшлээ сэргээх, мөрдөх гэж цаг заваа үрэх нь үр дүнтэй.

-Монголчуудын мартах учиргүй, үндэсний гэсэн үнэ цэнийг юундаа оршдог гэж боддог вэ?

-Соёл урлагийн их сургуулиас санаачлан, ШУА болон их дээд сургуулийн эрдэмтэн профессорууд эрдэм мэдлэгээсээ хуваалцан, 2000 гаруй хүмүүс оролцуулан судалгаа авч долоон жилийн туршид хэрэгжүүлж, үр дүнг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн бариад байгаа “Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс”-ийн судалгааг энд дурдмаар байна. Тэнд монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, өв соёл, нүүдэлчний ухаан, эрдэм боловсрол, ёс суртахуун гэх нийт есөн багц санааг нэгтгэж, энэ бол Монголчуудын үнэт зүйлс юм байна гэж гаргаж ирсэн. Ерөнхийлөгч соёрхож, зарлигаа гаргасан. Бүгдийг нь нэгэн зэрэг хэлж чадахгүйгээс болоод хүмүүс хүлээж авахдаа нэгд, хоёрт гээд дугаарлаад байх шиг байдаг юм. Эдгээр есөн зүйл бол бүгд нэг, нэг юм. Агуу юмыг нэг, хоёр гэж болохгүй. Нэг, нэг гэх хэрэгтэй гэж Ардын багш Галсан гуай хэлсэн байдаг. Түүн шиг эдгээр ес бол нэг, нэг юм. Тиймээс ч бид бүгдийг нь нэгэн эрдэнэ, нэгэн эрдэнэ гэж тодотгосон. Үндэстэн байя л гэж хүсэж байгаа бол бид ийм нэгдмэл нэг цөм үнэт зүйлтэй байх хэрэгтэй. Хувь хүн бүр “Би”-гийн биш, “Монгол” гэдэг түвшний үнэт зүйл дээрээ нэгдэж, нэг тийш харж чадвал бид хөгжинө. Чухлаас чухалд тооцох болсон эдийн засгийн утгаараа ч, чухлаас чухал хэрэгтэй сэтгэл оюуны үнэлэмжээрээ бид хөгжилд хүрнэ.

-Урлагийн хүнийг хөөрүү, дэврүүн атлаа шаналамтгай, эмзэг гэдэг. Гэтэл нийгэм нь хүмүүсийг улам харгис хэрцгий, хатуу ширүүн болгоод байна уу даа. Хүн хүнээрээ байхын тулд хамгийн түрүүнд юунд суралцах ёстой вэ?

-Өөрийгөө нээх арга, өөрийгөө олох боломж хаана, юунд байна, түүнд л суралцах ёстой. Хүн өөрийгөө таньж гүйцдэггүй гэдэг. Огт таниагүйгээс, гүйцээгүй дуусаагүй нь хамаагүй дээр биз дээ. Тиймээс бүх шатны боловсролын агуулга, зорилгыг хүн рүү өөр рүү нь чиглүүлж байж л, тэр нь цаасан дээр биш, ажил хөдөлмөр болж байж л хүнээ хүн болгож, хүн хэвээр нь байлгаж чадах байх. Хүн гэдэг амьтан чинь махан болон сэтгэлийн гэх хоёр махбодын нэгдэл гэдэг биз дээ.

Нийгэм нь хүмүүсийг харгис хэрцгий болгоод байгаа хэрэг огт биш. Нийгмийг бүрдүүлэгч хүмүүсийн дийлэнх олонхын явдал мөр, сэтгэл санаа буруудаад ирэхээр л тийм явдал түгээмэл болж байгаа хэрэг. Нийгэмд, цаг үед буруугаа чихдэг бусармаг зангаасаа, төөрөгдлөөсөө бид салах хэрэгтэй. Хүн гэгч амьтан. Энэ амьтныг би “Хүн гэдэг онохын эрэлд хатсан алдааны үр” гэж боддог. Бидний зүрх сэтгэл дотор харгис хэрцгий, уян зөөлөн аль аль зан чанар нь бий. Буруу муугаа зөв сайнаар дарж, буруу муугаасаа эгнэгт хагацах гэж орох байхаа олж ядан тэмцэж явах учиртай амьтан шүү дээ, бид.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi(202.9.46.178) 2021 оны 05 сарын 24

SUIS mundag yum aa. Mongoliin teatriin hoich uy naidvartai gart bna. Bayarlalaa

2  |  0
зочин (202.9.46.217) 2021 оны 04 сарын 01

энэ амьтан театр мэдэх болоогүй, чадах ч үгүй....

0  |  1
Top