Үндэсний цуврал контент ROCKIT: "Ард", "Чимэгэ", "Айл"-ыг онцоллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 19

Гарааны бизнес, энтрепренершипийн  бүрэн хэмжээний үндэсний цуврал  контент ”ROCKIT”-ийг  “Эрхэт Монгол” групп, “Стартап Маркетинг Спэйс” хамтран бүтээж байгаа билээ.

 

ТВ8 телевизээр бямба гараг бүр үзэгчдэд хүрдэг уг контент нь: Бизнес санаагаа бодитоор хэрэгжүүлж амжилттай яваа эрхмүүдийн түүх,  Шинэхэн  бизнестээ хөрөнгө оруулалт хүсэж хамтрагчаа хайсан залуус,  Хөгжлийн гарц шийдэл эрэлхийлсэн  ярилцлага, Инновацид суурилсан техник технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэдэг юм.


 

”ROCKIT”-ийн шинэ дугаарын ТЭГЭЭС ТЭРБУМ РУУ БУЛАНД: "Чимэгэ системс" ХХК-ийн өгөгдлийн багийн ахлагч Э.Мөнх-Учрал оролцсон байна.

Тэрбээр "Хүний хэл яриаг боловсруулах технологи гэж том салбар байдаг. Чимэгэ бол энэ технологийг Монгол хэл дээр хэрэгжүүлж буй бодит биелэл юм аа. Монгол хэлийг компьютерт, бусад бүх төхөөрөмжүүд, технологиуд дээр таниад урдаас чинь  Монголоор хэлж, уншиж өгнө гэсэн үг. Яриаг нь бичвэр болгож, бичвэрийг яриа болгож хувиргадаг технологи. Хүмүүс амархан тогтоогдох байдлаас юм уу, Чимэгэ гэдэг аппликейшн гэж яриад байдаг. Бидний хувьд байнга тодотгож хэлдэг зүйл бол Чимэгэ бол суурь технологи. Өөрөөр хэлбэл яриа бичвэр хоёрын хооронд шилжиж байгаа энэ технологийг ашиглаад, бүх салбарт инновац хийх боломжтой суурь технологи юм. Энэ технологийг яаж ашиглаж болох вэ гэдгийг харуулсан гурван бүтээгдэхүүнийг жишээ маягаар  гаргасан.

Энэ бүтээгдэхүүнд гар, бие оролцсон бүх хүмүүсийн мэдлэг,  чадвар туршлагыг авч үзвэл, цахим хэл шинжлэл, хиймэл оюун, программчлалын бүх салбарт 20 жил дэлхийн түвшинд боловсорсон мэдлэг чадварын үндсэн дээр  энэ технологийг зарлаж,  гаргаж ирж чадаж байгаа" гэсэн юм.

Түүний ярилцлагыг дараах бичлэгээс үзнэ үү.


 

 

”ROCKIT”-ийн  “Стартап Питч" буланд "Скайпро солюшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, "Айл систем"-ийн  үүсгэн байгуулагч С.Энхболд оролцлоо.

Тэрбээр "Сууц өмчлөгчдийн холбоо болон оршин суугчдын харилцаа холбоо муу байгаагаас төлбөр төлөлтөд сөргөөр нөлөөлдөг. Төлбөр төлөлт дутмаг байгаа тохиолдолд СӨХ бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй.  “Айл систем” бол СӨХ, оршин суугч хоорондын холбоос гүүр юм" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцолсон. 

 

“Айл систем”-ээр дамжуулан хөнгөвчлөх боломжтой механик ажлууд:

 

  • Зар тараах
  • Оршин суугчдын төлбөр тооцоо
  • СӨХ-ны албан ёсны хурал
  • Санал, гомдол хүлээн авах
  • Авлагуудаа хянах, үйл ажиллагаагаа шилэн болгох боломжуудыг олгодог гэлээ.

 

Айл системийг ашигласнаар оршин суугчид заавал банкан дээр очиж төлбөрөө төлөх, СӨХ дээр очиж санал гомдлоо илэрхийлэх, бүх гишүүдийн хуралд оролцох шаардлагагүй. Эдгээр асуудлуудаа гар утаснаасаа шийдэх боломжийг бид олгож байгаа. "Айл систем"-ийн зорилго амьдралын таатай орчныг бий болгоход оршдог гэв.

Түүний танилцуулгыг дараах бичлэгээс үзнэ үү.

 


 

Нэвтрүүлгийн "Бодлогын Зочин" ярилцлагын  буланд   Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч, "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг оролцож, “Асуудал, Шийдэл”  сэдвийн хүрээнд ярилцсан байна.

Тэрбээр Улаанбаатар хотын Худалдааны танхимын талаар ярилцлагын эхэнд хэлэхдээ “Улаанбаатар хотод бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нийтлэг эрх ашгаа хамгаалах, нийслэлийнхээ захиргаатай хамтран  ажиллаж, Улаанбаатар хотынхоо хөгжлийн бодлогыг тодорхойлоход дуу хоолойгоо оруулж байя гэдэг үүднээс 2015 онд анх "Туушин" зочид буудалд хурлаа хийгээд, хурлыг нь би даргалж байсан. Манай MCS компанийн Ж.Од захирал анхны ерөнхийлөгчөөр нь сонгогдон, үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан. Бизнес хийж буй хүмүүс ажлын байр бий болгож, татвар төлж,  баялгийг бий болгоод байдаг боловч эцсийн дүндээ санал өгдөггүй учраас ямагт айлын өнчин хүүхэд шиг байдаг. Энэ зовлон намайг бизнес хийж эхэлснээс л байсан. Нийтлэг эрх ашгаа хамгаалъя, дуу хоолойгоо гаргадаг болъё гээд 2000 оны эхээр Банкны холбоог байгуулж байсан. CEO клубыг 2007 онд байгуулж байсан.

Улаанбаатар хотын Худалдааны танхим бол дараачийн санаачилга болсон. Тэр хооронд 2009 оноос Монголын Эдийн Засгийн Форумыг зохион байгуулсан. Төр засаг, хувийн хэвшлийн хооронд харилцан хэлэлцүүлэг явуулж, диалоги үүсгэж байж дуу хоолойгоо хүргэхгүй бол болохгүй байна. Дандаа олон түмэнд таалагдах гэсэн, сонгогчдын саналыг авах гэсэн популист шийдвэрүүд гараад болохгүй байна. Сонгуулийн мөчлөгөөс үл хамаарсан урт хугацааны бодлогын шийдвэрүүд гарах нь бидний ирээдүйд хэрэгтэй байна гэдэг байр суурийг би баримталдаг.

Улаанбаатар хотын Худалдааны танхим үйл ажиллагаа явуулаад тав, зургаан жил болсон ч тэр болгон сэтгэлд хүрч ажиллаж чадахгүй байна. Сонгогдсоноосоо хойш сүүлийн жил хагасын хугацааны эхний хагаст нь би гадаадад гацсан бол хүрч ирээд хөл хорионд ороод байдаг зовлонтой байна.  Ханцуй шамлаад хийчихье гэсэн ажлын санаа  олон байгаа ч сачий маань хүрдэггүй” гэсэн юм.

 

Түүний ярилцлагаас онцлох ЭШЛЭЛҮҮД

 

  • Бизнест нөхцөл байдал буцаад ковидын өмнөх үе шигээ болно гэсэн итгэл бол байхгүй байна. Бид шинэ бий болсон нөхцөл байдалд дасан зохицож, цаашаа явна. Төр засаг нь үүнд тохируулаад хууль, журам, зохицуулалтыг тохируулахаас өөр аргагүй болсон.

 

  • Олон улсын худалдаа, харилцаан дээр эргэж буцашгүй өөрчлөлтүүд гарч байна.

 

  • Бидний харилцаа, бизнес явуулж байгаа арга барил өөрчлөгдөж байгаа хэдий ч, хүний хэрэгцээ байж байна. Хүний хэрэгцээ яг ямар хэмжээнд өөрчлөгдөөд, ямар сувгаар тэр хэрэгцээ нь хангагдах вэ гэдэг дээр дүгнэлтүүд хийгээд, бизнесүүд бэлэн байх ёстой.

 

  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн  тухай хууль олон улсын байгууллагуудын хүсэлтээр Монголд батлагдах гээд төсөл нь боловсруулагдаад, Монголбанк, СЗХ, ХЗДХЯ-наас өргөн баригдаад, хэлэлцэгдэж байгаа. Энэ үед бид уг асуудлаар мэргэжлийн хүмүүсийг нь цуглуулаад, санал бодлыг нь, бодлого тогтоож байгаа хүмүүст хүргэе гэдэг санаачилга гаргасан. Алтан голыг нь олоод, зөв дэнслээд, зөв тооцоотой эрсдэлийг хийгээд явах ёстой, улсаа хөгжүүлэх ёстой.  Юм хийхгүй байж бол болохгүй.

 

  • Монгол Улс Израиль шиг инновацын төв болох ёстой.

 

  • Ард Койн” бол манай үндэстний баялаг болчихлоо. 1,2 сая хэрэглэгч халаасандаа, утсандаа аваад явж байна. Монголбанк, СЗХ үүнийг бүртгээд авмаар байгаа юм. Саарал жагсаалт зохицуулдаг байгууллагын зүгээс энэ мөнгө хаана, хэнд явж байгааг мэдээч ээ гээд байгаа шүү дээ. 

 

  • Дэд бүтцийн DAX  гэж байгууллагыг  бид бий болгосон. Оны эхний таван сард DAX дээр 1 тэрбум ам.доллар буюу  3 их наяд төгрөгийн арилжаа хийсэн. Монголын хөрөнгийн биржийн 30 жилийн түүхэнд байгаагүй арилжааг хийгээд байна. 3 их наяд төгрөг буюу манай эдийн засгийн 10 хувьтай тэнцэх дүнтэй арилжаа ажилтангүй шахуу, код бичдэг хэдэн залуусын миний санаан дээр тулгуурласан  зүйлс дээр явагдаж байна. Улсдаа эхний улирлын байдлаар бид 550 сая төгрөгийн татвар төлсөн.

 

Түүний дэлгэрэнгүй ярилцлагыг ”ROCKIT” нэвтрүүлгийн 8 дахь дугаараас үзээрэй. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top