Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хурлаа хийжээ. Хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулах, зээлийн батлан даалтын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн Зохицуулах Хорооноос баталсан “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулж, журмын хэрэгжих хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөрдөхөөр шийдвэрлэжээ.
Мөн даатгалын гурван компанид аудит хийх эрх, даатгалын төлөөлөгчийн болон зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор болсон байна. Түүнчлэн таван компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, дөрвөн хуулийн этгээдэд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх, нэг компанид банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нэг хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн хугацааг нь сунгаж, хоёр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ.
Мөн энэ удаагийн хуралдаанаар “Мобифинанс ББСБ” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй 12 сарын хугацаатай, жилийн 14.0 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 10,000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэхээр шийдвэрлэжээ. Үнэт цаас гаргагч нь Хорооны 2021 оны 226 дугаар тогтоолоор баталсан “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ын дагуу холбогдох хүсэлтээ ирүүлсэн тул өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг андеррайтерийн компани зохион байгуулж байгаагаараа онцлог аж.
Тодруулбал, андеррайтерийн компани болох “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК нь Монпэй аппликейшн /Monpay/ ашиглан хөрөнгө оруулагчдад үнэт цаасны данс нээх, өрийн хэрэгсэл худалдан авах боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр 2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаас хойш цахим мөнгөөр үнэт цаас худалдан авч буй анхны тохиолдол болж цаашид хөрөнгийн зах зээл дэх цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлэх эхлэл тавигдлаа гэж СЗХ үзэж байна.
Мөн хуралдаанаар Монголын болон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Русерс Девелопмент Корпорейшн”-ийн хөрөнгийн зах зээлд санал болгон нэмж гаргаж буй 17.484.662 ширхэг хувьцааг бүртгэжээ.
Сэтгэгдэл ( 0 )