Эрүүл мэнд, онцгой байдал, Мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудаас бусад төсвийн байгууллагууд ирэх онд 12.1 тэрбум төгрөгийн зардал хэмнэх тооцооллыг Засгийн газраас 2022 оны төсвийн төсөлд тусгасан.
Тухайлбал, төсвийн хэмнэлтийн хүрээнд төрийн байгууллагууд тавилга, ном хэвлэл худалдан авах, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, сурталчилгаа хийх, уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэгт зарцуулдаг мөнгийг 100 хувь хэмнэхээр тусгаад байгаа юм.
Ийм хэмнэлтийн бодлоготой төсвийн төслийг “боож”, Засгаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн барьсан Сангийн яам 66 сая төгрөгөөр 1000 ширхэг “Энгэрийн тэмдэг” худалдан авах тендерийн урилгыг “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем”-д 2021 оны аравдугаар сарын 29-ний өдөр байршуулаад байсан.
Тэгвэл уг тендерийн саналаа ХҮЧИНГҮЙ болгосон байна.
Тэгвэл тэмдэгтэй холбоотой бас нэг тендерийн урилга “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем”-д байршсан байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн газраас Хөвсгөл аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн медаль худалдан авах ажлын гүйцэтгэгч сонгох 36 сая төгрөгийн үнийн дүнтэй тендерийн саналыг өчигдөр /2021.11.01/ нийтлүүлжээ.
Тус орон нутгийн өмчит газар нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Засгийн газраас барьж буй хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэйг сануулахад илүүц болохгүй байх.
Тодотгоход, Засгийн газар хэмнэлтийн бодлогыг зөвхөн ирэх оны төсвийн төсөлд тусгаад байгаа юм биш.
Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэх горимд шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ дагуу, үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэхийг даалгасан.
Тухайлбал, цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх, ажилтны ажил, үүргийн хуваарийг оновчтой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах, шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх, Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй байхыг үүрэг болгосныг Засгийн газраас мэдээлж байсан билээ.
Гэвч өнгөрсөн есөн сарын хугацаанд төрийн өмчит компани, яам агентлагууд тэвчиж болохуйц олон арван зардлыг тэвчилгүйгээр гаргаж байсныг Шилэн данс, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дэх мэдээллүүд харуулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Тэгш ойг тэмдэглээд ирсэн зүйл шүү дээ. Ковид гээд бүх зүйлээ хааж, харанхуй дотор амьдрана гэсэн үг биш. Тэр байтугай дайны хүнд жилүүдэд ч түүхэн өдрүүдээ тэмдэглэн өнгөрүүлж байсан