Завгүй амьдралын хэв маягаасаа үүдэн хайртай дотнын хэн нэгнээ ганцаардуулж байгаа юм биш биз? Ганцаардлаас үүдэн амиа хорлох, санамсаргүйгээр осолдох явдал дэлхийн хаа сайгүй тохиолддог бөгөөд эдгээр хүмүүсийг нас барсны дараа гэрийг нь цэвэрлэж ариутгадаг Ким Сэ Бёлын бичлэг танд нэгийг бодогдуулах болно.
Тэрээр БНСУ-д энэ төрлийн ажил хийдэг бөгөөд амиа халдсан хүмүүсийн гэр бүлийнхнээс төлбөр авалгүйгээр уг ажлыг хийж гүйцэтгэдэг байна. Түүнийг дэмжигчид хандив илгээх замаар ажлын хөлсийг нь төлдөг бөгөөд амиа алдсан хүмүүсийг ихэнхдээ хөршүүд нь олдог тухай ярьжээ.
Гэртээ амиа алдсан хүмүүсийн хөршүүд таагүй үнэр гарч байгаа тухай холбогдох албаныханд мэдэгдсэнээр тэднийг нас барсныг мэддэг байна.
Амиа алдсан хүмүүсийн гэрт орохдоо хэсэг хором азнан хүндэтгэл үзүүлснээр түүний ажил эхэлнэ. Өнөөг хүртэл харж байсан хамгийн зүрх шимшрэм дүр зургийнхаа тухай тэрээр "Залуу эмэгтэй овоолсон хүүхдийн хувцасны хажууд нас барсан байсан. Түүнийг нас барсны дараа хэн ч уг хувцсыг сураглаж ирээгүй болохоор бид одоог хүртэл хадгалсаар байгаа. Учир нь тэр бүсгүй хэзээ ч уулзаж байгаагүй хүүхдэдээ тэдгээр хувцаснуудыг болон бэлэг худалдан авсан байсан. Тэр эмэгтэй сүүлийн мөчдөө юу бодож байсан бол гэж бодохоос одоог хүртэл сэтгэл минь эмтэрдэг" хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )