СЕХ-ноос ИТХ-ын нөхөн, дахин сонгуульд ажиллах хороодод сургалт зохион байгуулав

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг 2022 оны зургаадугаар сарын 19-ний өдөр 15 аймаг, 43 сум, нийслэлийн 2 дүүрэг, нийт 67 сонгуулийн хэсэгт явуулна.

Орон нутгийн Хурлын Төлөөлөгчийн нөхөн, дахин сонгуулийг анх удаа улс даяар нэгэн зэрэг зохион байгуулах болсонтой холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан удирдамжийн дагуу 8 Ажлын хэсэг 2022 оны 05 дугаар сарын 11-23-ны өдрүүдэд Булган, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий, Архангай, Увс, Завхан, Баянхонгор, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймаг, нийслэлийн Багахангай, Сонгинохайрхан дүүрэгт сургалт явууллаа. Сонгуулийн автоматжуулсан системийг хариуцан ажиллах Мэдээллийн технологийн багийн гишүүн даамлын сургалтыг тус Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс 15 аймаг, 2 дүүрэгт зохион байгуулж, даамлын гэрчилгээ, үнэмлэхийг гардууллаа.

Сургалтад нийтдээ 732 ажилтан, мэдээллийн технологийн даамлууд хамрагдаж, сонгуулийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх хууль тогтоомж, дүрэм, журам, зааварчилгааг авч, төхөөрөмжтэй ажиллах дадлага ажлыг гүйцэтгэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top