Өнгөрсөн долоо хоногт "Sports Illustrated Swimsuit Issue" сэтгүүлийн шинэ дугаар нийтлэгдэн гарсан бөгөөд энэ нь загвар өмсөгчдийн хувьд тайлан гэж хэлж болохуйц үйл явдал байв.
Тус сэтгүүлийн нүүрэнд зургаа нийтлүүлсэн хүмүүс төрөл бүрийн салбарт хүчээ сорьж буй алдартнууд байсан бөгөөд хуучин цагийн хэт туранхай байх шаардлагыг сөрж, шинэ чиг хандлагыг дэмжсэн үзэгдэл байсан тухай загварын салбарынхан онцлож байна.
Урьд нь итгэмээргүй туранхай загвар өмсөгчид загварын тайзнаа алхаж, шилдгээр нэрлэгддэг байсан. Тухайн үед туранхай байхын тулд загвар өмсөгчид архи, тамхи хэрэглэж, ариун цэврийн цаас, хөвөн зэргээр голоо зогоож байсан тухай загварынхан дурсжээ.
Энэ тухай супер модель Жизель Бундхен Их Британийн "Vogue" сэтгүүлд "Гаднаас нь харахад надад бүх зүйл байгаа юм шиг харагддаг байсан. Би тэгэхэд ердөө 22-хон настай байсан. Гэсэн ч хадны ёроолд унасан юм шиг л санагддаг байсан. Өдрийг би цөцгийтэй мока фраппучино, гурван ширхэг тамхиар эхлүүлдэг байлаа. Орой нь нэг шил дарс ууна. Энэ бүхэн миний оюун санаанд яаж нөлөөлж байсныг төсөөлөлд үз дээ?" хэмээн ярьж байжээ.
Мөн 2013 онд Австралийн "Vogue" сэтгүүлийн редактор асан Кристи Клементс өлсөж үхсэн загвар өмсөгчдийн тухай түүхийг дэлгэж байсан бөгөөд тухайн үед загвар өмсөгчид ариун цэврийн цаас иддэг байсан тухай ярьсан байдаг.
Кэйт Моссын кокайны тухай дуулиан дэгдэж, Наоми кокс болон архинд донтож байсан үеийг бодвол одоо үед бүхнийг байгаагаар нь хүлээн авах хандлага дэлгэрсээр буй. Гэсэн ч туранхай байх хүсэлтэй загвар өмсөгчид бусад төрлийн согтууруулах, мансууруулах бодис хэрэглэсээр байна.
Хамгийн сүүлийн жишээгээр Белла Хадидыг нэрлэсэн бөгөөд архинд донтсон тэрээр үүнээсээ ангижрахын тулд тэмцэж буйгаа нээлттэй зарласан билээ.
Эцсийн дүнд загварын салбарынхан эрүүл биеийг эрхэмлэх болсноо мэдэгдлээ. Тэд хэлэхдээ "Олон жилийн өмнө та бүхэн загвар өмсөгчдийг эрүүл бус амьдралын хэв маягтай үдэшлэгт оролцож байхыг хардаг байсан. Одоо бол йог, фитнесс, эрүүл хооллолтыг чухалчилдаг загвар өмсөгчдийг харж байна" хэмээн эрүүл амьдралын хэв маягт уриалсан байна.
Сэтгэгдэл ( 1 )