Гурван улсын үлгэр | 51 ДҮГЭЭР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 26

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-51 ДҮГЭЭР БҮЛЭГ

ЦАОРЭНЬ Ү УЛСЫН ЦЭРЭГ ЛҮГЭЭ ИХЭД БАЙЛДСАН КУНМИН НЭГЭН УДАА ЖОУ ГУНЗИНИЙГ ТАЧААДУУЛСАН

Өгүүлэх нь: Кунмин Юньчаныг алсугай хэмээхэд Сюаньдө өгүүлрүүн: “Эрт бид гурвуул журмаар барилдах цагт амьдарваас үхвээс хамт хэмээн ам алдсан бөлгөө. Энэ өдөр Юньчан хэдий цаазыг халдсан боловч урьдын болзоог яахин зөрчмүй, хэрхсүү түр эндүүрлийг тэмдэглэн хожим гавьяа байгуулж ялыг тайлахаар тогтоон аваачихыг хүсмүй” хэмээсэнд Кунмин сая хэлтрүүлэв.

Тэндээс Жоу Юй цэргийг хураан нэрийг дуудан байцааж, тус тусын гавьяаг тэмдэглэн бичээд Үхоуд мэдүүлэн илгээв. Бүх олзолсон цэргийг дуусган мөрнийг гэтэлгэж, зүдсэн цэргийг шагнан дуусгаад даруй цэрэг хөдөлж Нань Зюнь хошууг байлдахаар очив. Өмнө ангийн цэрэг мөрний ойр хүрээ бууж, урагш хойш таван хүрээ байгуулан Жоу Юй дундад болов. Жоу Юй төв хэмээн олон лугаа дэвшин байлдах үйлийг зөвлөж байхад гэнэт хүн ирж мэдүүлрүүн: “Лю Сюаньдө Сүньцянийг зарж Дүдүд баярлахаар илгээв”. Жоу Юй “Залж оруул!” хэмээн хэлсэнд Сүньцянь орж ирээд ёсолж дууссан хойно өгүүлрүүн: “Эзэн гүн намайг тусгайлан зарж Дүдүгийн их эрдэмд талархаж, нимгэн бэлэг өргөхөөр ирүүлэв” хэмээсэнд Жоу Юй асууруун: “Сюаньдө хаана буй?”. Сүньцянь өчрүүн: “Өдгөө цэргийг Ю Зянкоу аманд нүүлгэн буужээ”. Жоу Юй хиртхийж өгүүлрүүн: “Кунмин бас Ю Зянкоуд буй буюу?”. Сүньцянь өгүүлрүүн: “Кунмин эзэн лүгээ хамт Ю Зянкоуд амуй”. Жоу Юй өгүүлрүүн: “Чи урьдаар эгэгтүн! Би биеэр хариу ёслохоор очмуй” хэмээн хэлээд тал бэлгийг хүлээн авч Сүньцянийг урьд эгүүлэв. Лүсү өгүүлрүүн: “Дүдү мөнөөхөн ямар учирт цочсон буй?”. Жоу Юй өгүүлрүүн: “Любэйгийн цэрэг Ю Зянкоуд буусан нь эрхгүй Нань Зюнь хошууг авах санаа баймуй. Бид хэдий чинээхэн цэрэг морийг сүйтгэж, амуу цалин хэрэглэж өнөө энэ Нань Зюнь хошууг гарын алга урвуулах мэт олох шахсаныг өршөөлгүй сэтгэл өвөрлөж бэлнийг авсугай хэмээх нь болой. Гэвч Жоу Юй үхээгүйд төдий хялбар бус буйзаа”. Лүсү өгүүлрүүн: “Ямар аргыг хэрэглэж эгүүлбээс зохимуй”. Жоу Юй өгүүлрүүн: “Би өөрөө очиж хэлэлцсүгэй! Сайн болбоос мөн сайн, муу болбоос түүний Нань Зюнь хошууг авахын урьд Любэйг төхөөрсүгэй!”. Лүсү өгүүлрүүн: “Би чам лугаа хамт одохыг хүсмүү!” хэмээсэнд Жоу Юй даруй Лүсүгийн хамт гурван мянган цэрэг авч шууд Ю Зянкоугийн зүг ирэв.

Тэндээс Сүньцянь хойш эгж Сюаньдө лүгээ золгож хэлрүүн: “Жоу Юй өөрийн биеэр хариу ёслохоор ирнэ хэмээмүй”. Сюаньдө Кунмингаас асууруун: “Энэ ирэх нь ямар санаа болой?”. Кунмин инээн өгүүлрүүн: “Тэр юу хэмээн энэ бага сага бэлгийн төлөө хариу тал өгөхөөр ирмүй за! Гагц Нань Зюнь хошууны учирт ирэх бөлгөө”. Сюаньдө өгүүлрүүн: “Хэрэв цэрэг авч ирэхүл юугаар хариулмуй”. Кунмин өгүүлрүүн: “Тэр ирвээс ийм тиймээр хүлээн өчвөөс болмуй” хэмээгээд даруй Ю Зянкоу аманд байлдах онгоцыг жагсаан хөвөөнд цэрэг морийг зэрэгцүүлжээ. Хүн ирж хэлрүүн: “Жоу Юй, Лүсү хоёр цэрэг дагуулан хүрч ирэв” хэмээхэд Кунмин Жоу Юйг хэдэн морьтонг дагуулан угтуулав. Жоу Юй цэргийн байдал сүр хүчтэйг үзээд сэтгэл нь маш амаргүй болжээ. Хүрээний хаалганы гадна хүрч иртэл Сюаньдө, Кунмингийн хамт угтаж цацарт оруулаад харилцан золгож, дууссан хойно хурим бэлтгэж хүндлэв. Сюаньдө архины хундагыг барьж зөрөлдөн байлдсаны харамж өгөөд хэдэн хундага уулцсан хойно Жоу Юй өгүүлрүүн: “Лю мужийн захирагч цэргээ энд нүүлгэсэн нь арай Нань Зюнь хошууг авах санаатай буюу?” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Дүдү “Нань Зюнь хошууг авсугай!” хэмээснийг сонсоод тийнхүү туслахаар ирэв. Хэрэв Дүдү авахгүй болбоос Любэй би эрхгүй авмуй”. Жоу Юй инээн өгүүлрүүн: “Манай зүүн Ү улс хэдийнээс Ханьзянийг залгисугай хэмээж байсан тул өдгөө Нань Зюнь нэгэнтээ гарын алганд буй тул юунд авахгүй аж?” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Дийлэх дийлэгдэхийг урьдаас болзож болохгүй! Цаоцао эгэхдээ Цаорэньгээр Нань Зюнь хошууг сахиулсан нь эрхгүй гайхамшигт арга буй. Нэнд Цаорэньгийн баатрыг тулбаас болохгүй тул гагц Дүдүг авч чадахгүй болов уу хэмээмүй”. Жоу Юй өгүүлрүүн: “Би Нань Зюнь хошууг олж чадахгүй болбоос тэр үес гүн чи дураар авагтун!”. Сюаньдө өгүүлрүүн: “Зызин, Кунмин хоёр энд гэрчилж амуй. Дүдү битгий гэмшигтүн!”. Лүсү татгалзан өчиж чадсангүй. Жоу Юй өгүүлрүүн: “Эр хүн нэгэнтээ үг гарваас юунд хорсох учир буй?” хэмээсэнд Кунмин өгүүлрүүн: “Дүдүгийн энэ үг ихэд шударга шүүмжлэл болой. Урьдаар найр тавьж зүүн Ү улсаар авахуулъя! Хэрэв авч чадахгүй болбоос эзэн гүн авахад ямар болохгүй газар буй!” хэмээсэнд Жоу Юй, Лүсү хоёул Сюаньдө, Кунмин нараас салж морь унаж одов. Сюаньдө Кунмингаас асууруун: “Мөнөөхөн ноёнтон Любэй намайг яахан хариу өч хэмээснийг хэдий нэгэн цагт хэлсэн боловч улируулан санаваас ёсонд нийлэхгүй. Би өдгөө өнчин ядуу нэгэн биед хөл тавих газаргүй тул Нань Зюнь хошууг олж түр бие багтаасугай хэмээсэн бөлгөө. Хэрвээ Жоу Юй түрүүлээд авчихвал хот балгас зүүн Ү улсын харьяат болох болой. Яахин бид олж суумуй?”. Кунмин ихэд инээж өгүүлрүүн: “Уг нь Жугө Лян би эзэн гүнийг “Зинжоу мужийг авагтун!” хэмээн сануулбаас эзэн гүн үгийг авахгүй, энэ өдөр харин санамуй уу?”. Сюаньдө өгүүлрүүн: “Урьд болбоос зиншэнгийн газар тул тийнхүү авч төвдөөгүй билээ. Өдгөө Цаоцаогийн газар болсон тул авах нь зүй болой”. Кунмин өгүүлрүүн: “Эзэн гүн зовох хэрэггүй Жоу Юйг дураар одож байлдуулсугай! Эрт орой эзэн гүнийг Нань Зюнь хошууны хот дотор өндөр суулгасугай”. Сюаньдө асууруун: “Ямар сайн арга буй?”. Кунмин гагц ийм тийм хэмээсэнд Сюаньдө ихэд баярлаж мөрний аманд буудаллаж цэрэг хөдлөхгүй болжээ.

Тэндээс Жоу Юй, Лүсүгийн хамт хүрээндээ эгж ирэхэд Лүсү өгүүлрүүн: “Дүдү юунд Сюаньдөд Нань Зюнь хошууг авагтун хэмээн амалдав?”. Жоу Юй өгүүлрүүн: “Би хуруу няслах мэт амраар Нань Зюнь хошууг олох тул ганц хоосон тал хийх буй за” хэмээгээд даруй цацрын доорхи жанжнаас асууруун: “Хэн аюулгүй Нань Зюнь хошууг авахаар очмуй” хэмээсэнд нэгэн хүн үг залган гарч ирэв. Үзвээс Зянцинь болой. Жоу Юй өгүүлрүүн: “Чи гавшгай бологтун!” хэмээгээд Сюйшэн, Динфөнийг хавсрагч жанжин болгож, таван мянган шилсэн цэрэг өгч та нар урьдаар мөрнийг гэтлэ, би хойноос цэрэг дагуулан тусалсугай хэмээв. Тэндээс Цаорэнь Нань Зюньд бүхийд урьд Цаохунгаар Илинийг сахиулж тулга болгож буудаллан байсан бөлгөө. Хүн ирж хэлрүүн: “Ү улсын цэрэг нэгэнтээ Ханьзяныг гэтлэв” хэмээхэд Цаорэнь өгүүлрүүн: “Батлан сахиж үл байлдах нь дээд” гэхэд баатар жанжин Нюзинь шаламгайлан орж өгүүлрүүн: “Цэрэг хотын доор ирснийг гарч байлдахгүй нь айсан болой.

Нэнд бидний цэрэг шинэ дарагдсан тул чухам дахин хурц сүрийг тэнхрүүлбээс зохимуй. Би таван зуун цэргийг зээлж гараад нэгэн удаа үхэхээр байлдсугай” хэмээсэнд Цаорэнь үгийг дагав. Нюзинь таван зуун цэргийг дагуулан гарч байлдваас Динфөн морь тавин угтан ороод дөрөв таван удаа болсонгүй Динфөн буруулсанд Нюзинь цэрэг аван нэхэж ирээд жагсаалд орсонд Динфөн олон цэргийг дохиж, Нюзинийг жагсаалын дотор хаажээ. Нюзинь зүүн баруун этгээдэд мөргөлхийлэн байлдаж гарсугай хэмээвч гарч чадахгүй болжээ. Цаорэнь хотын дээрээс үзээд яаран хуяглан өмсөж, морь унаад хэдэн зуун идэрхэг морьт цэргийг авч хотоос гаран шаламгайлан илдийг эргүүлж, Ү улсын жагсаалд алан орсонд Сюйшэн тосон авч байлдаад эсэргүүцэн чадсангүй. Цаорэнь жагсаалын дунд хүрээд Нюзинийг тэнхрүүлэн гаргаж хойш харж үзвээс бас хэдэн арван морьтон жагсаалаас гарч чадаагүй тул дахин бие эргэж алан ороод зузаан хааснаас аварч гаргатал Зянциньтай цав уулзсанд Цаорэнь, Нюзиньгийн хамт үхэн байлдаж сарниулав. Цаорэньгийн дүү Цаочүнь бас цэрэг авч гараад нэгэн зэрэг хутган байлдсанаар Ү улсын цэрэг буруулсанд Цаорэнь дийлж эгэв. Зянцинь дарагдан эгж Жоу Юйд золговоос Жоу Юй хилэгнэж, алсугай хэмээтэл олон жанжин гуйж хэлтрүүлэв. Жоу Юй даруй цэрэг шалгаж өөрөө гарч Цаорэнь лугаа таслан байлдсугай хэмээхэд Ганьнин өгүүлрүүн: “Дүдү гарч үл болмуй. Өдгөө Цаорэнь, Цаохун нар Илинийг сахиад харилцан тулга болгожээ. Би гурван мянган шилдэг цэргийг авч шууд Илинийг авахаар очсугай! Дүдү хойно Нань Зюнь хошууг авбаас болмуй”.

Жоу Юй түүний шүүмжлэлийг биширч урьдаар Ганьнинийг “Гурван мянган цэрэг авч Илинийг байлд!” хэмээн илгээв. Тэр мэдээг харуулын хүн хэдийн Цаорэньд очиж хэлсэнд Цаорэнь яаран Чэньзяо лугаа зөвлөв. Чэньзяо өгүүлрүүн: “Илинийг алдваас Нань Зюнь хошууг бас сахиж болохгүй болмуй. Түргэнээ өмгөөлөхөөр очих хэрэгтэй” гэхэд Цаорэнь даруй Цаочүнь, Нюзиньд гурван мянган цэрэг өгч Цаохунд туслахаар илгээсэнд Цаочүнь урьдаар Цаохунд чимээ илгээн түүнийг “Хот гарч дайсныг өдөөн байлд!” хэмээв. Ганьнин цэрэг авч Илинд хүрсэн хойно Цаохун гарч Ганьнин лугаа байлдаж, хорин удаа илүү байлдаад Цаохун буруулсанд Ганьнин Илинийг булаан авав. Гэгээ тасрах үест Цаочүнь, Нюзиньгийн цэрэг хүрч ирээд хоёр этгээд харилцан нийлж, Илинийг хаажээ. Харуулын хүн нисэх мэт Жоу Юйд мэдүүлрүүн: “Ганьнин Илин хотод хаагдав” хэмээсэнд Жоу Юй ихэд цочив. Чэнпү өгүүлрүүн: “Хурдан цэрэг хувааж тэнхрүүлсүгэй!” хэмээсэнд Жоу Юй өгүүлрүүн: “Энэ газар ихэд цухал орон тул цэрэг салгаж тэнхрүүлэхээр илгээсэн хойно хэрвээ Цаорэнь цэрэг авч сундлахаар ирвээс яах билээ?”. Люймөн өгүүлрүүн: “Гань Синба хэмээгч зүүн Ү улсын их жанжин болох тул яахин өмөглөхгүй болж болмуй?. Жоу Юй өгүүлрүүн: “Би биеэр одож өмөглөсүгэй хэмээмүй, гагц хэн хүнийг миний тушаалыг төлөөлүүлмүй?” хэмээсэнд Люймөн өгүүлрүүн: “Лин Гүнзиг үлдээж халхлуулсугай.

Люймөн би өмнө болж Дүдү хойдыг тасалваас арван өдөр болохгүйгээр эрхгүй ялгуумуй”. Жоу Юй өгүүлрүүн: “Лин Гүнзи энэ тушаалыг хүлээн авах ба үгүйг мэдэхгүй” гэхэд Линтун өгүүлрүүн: “Хэрвээ арван өдрийн хугацаа болбоос хүлээж болмуй. Арван өдрөөс гадна болбоос хүлээж чадахгүй” хэмээсэнд Жоу Юй ихэд баярлаж түм илүү цэрэг үлдээн Линтунд тушаан өгөөд мөн өдөртөө их цэргийг авч Илингийн зүг ирэхэд Люймөн Жоу Юйд өгүүлрүүн: “Илингийн өмнө бага замаар одож, Нань Зюнь хошууг авахаар очвоос маш яруу бөлгөө. Таван зуун цэрэг зарж түлээ мод цавчиж, тэр замыг таслагтун! Дайсны цэрэг дарагдваас эрхгүй энэ замаар яваад морь явж чадахгүй болбол эрхгүй морио гээж очих тул бид морийг олж болмуй” хэмээсэнд Жоу Юй үгийг дагаж цэрэг томилон явуулаад их цэрэг Илинд хүрсэн хойно Жоу Юй асууруун: “Хэн хүн хаасныг нэвтлэн орж Ганьнинийг тэнхрүүлмүй?” хэмээсэнд Жоутай гарч өгүүлрүүн: “Би очсугай” хэмээгээд даруй дам илд барьж морь довтолгон шууд Цаоцаогийн цэрэгт алан ороод хотын дор хүрсэнд Ганьнин Жоутайгийн ирснийг үзээд биеэр хотоос гарч угтав. Жоутай өгүүлрүүн: “Дүдү өөрөө цэрэг авч ирэв” хэмээсэн хойно Ганьнин цэргийн хүнийг бие хатуужин цадтал идэгтүн! Маргааш өдөр дотроос угтмуй хэмээн зарлав. Тэндээс Цаохун, Цаочүнь, Нюзинь нар Жоутайгийн цэрэг хүрч ирснийг сонсоод урьдаар Нань Зюньд хүн зарж Цаорэньд хэлэхээр илгээгээд нэгэнтээгүүр цэрэг хуваан дайсныг халхалж Ү улсын цэрэг хүрч ирсэнд Цаоцаогийн цэрэг угтан байлдав. Ганьнин Жоутай хоёр замаар алан гарч ирсэнд Цаоцаогийн цэрэг ихэд самуурав. Ү улсын цэрэг дөрвөн зүгээс даран алахад Цаохун, Цаочүнь, Нюзинь нар үнэхээр бага замаар яваад түлээ модонд хөл ороогдож морь явж чадахгүй тул цөм морийг гээж буруулав. Түүнээс Ү улсын цэрэг таван зуу илүү морийг олжээ. Жоу Юй цэрэг авч шөнө дөлөөр нэхсээр Нань Зюньд хүрээд цав хэмээн Цаорэньгийн цэрэг Илинийг өмөглөхөөр ирэхэд учран хоёр этгээд хутган байлдаж, нар орой болоод тус тусдаа цэргээ хураав. Тэндээс Цаорэнь хотод ороод олон лугаа зөвлөхөд Цаохун өгүүлрүүн: “Нүдний өмнө Илин автагдаад хүч нэгэнтээ буурав. Юунд Чансангийн үлдээсэн аргын бичгийг нээж үзээд энэ зовлонг тайлахгүй аж?” хэмээсэнд Цаорэнь өгүүлрүүн: “Чиний хэлсэн цав хэмээн миний санаа лугаа нийлэв” хэмээнгээд даруй бичгийг нээж үзээд ихэд баярлан даруй зарлаж “Таван жинд будаа чанаж гэгээрсэн хойно бүгд цэрэг морь цөм хотыг гээж хот дүүртэл туг хиур хатгаад хоосноор сүрдүүлэн их бага цэргийн хүн хотын гурван хаалгаар хуваан гарагтун!” хэмээв. Тэндээс Жоу Юй, Ганьнинийг авран гаргаад Нань Зюнь хотын гадна цэргийг жагсаасанд Цаорэньгийн цэрэг гурван хаалгаар хуваан гарав. Жоу Юй жанжны тагт дээр гарч үзвээс хайсанд хоосон туг хиур хатгаж нэг ч сахих хүнгүй. Бас үзвээс цэргийн хүн тус бүр боодлоо биед бүслэжээ. Жоу Юй дотроо санаруун “Цаорэнь лав урьдаас буруулахыг бэлтгэсэн аж” хэмээн даруй тагтаас буугаад, хоёр анги хувааж “Өмнө цэрэг ялбаас гагц урагш нэхэгтүн! Хэзээ харангын дууг сонссон цагт сая эгэгтүн!” хэмээгээд Чэнпүгээр хойд цэргийг захируулан Жоу Юй өөрөө цэргийг авч хотыг авахаар очив. Эсэргүүлэн жагсааж хэнгэрэг дэлдмэгц Цаохун гарч өдөөн байлдахад Жоу Юй хаалганы тугийн дор зогсож, Ханьданыг гарган Цаохун лугаа байлдуулан гучин удаа байлдаад Цаохун буруулан явсанд Цаорэнь өөрөө гарч тосон байлдахад Жоутай угтан аваад арван удаа байлдваас Цаорэнь буруулан дутаагаад жагсаал самуурав. Жоутай хоёр жигүүрийн цэргийг дохиж байлдуулбаас Цаоцаогийн цэрэг ихэд дарагдсанд Жоу Юй биеэр цэрэг авч нэхсээр Нань Зюнь хотын дор хүрэхүйеэ Цаоцаогийн цэрэг цөм хотод орохгүй баруун зүг явжээ. Ханьдан, Жоутай хоёр цэрэг авч чинээгээр нэхэж очив. Жоу Юй хотын хаалга ихэд нээгдсэнийг үзээд хотын дээр бас хүнгүй тул даруй олон цэргийг “Хотыг булаа!” хэмээхэд хэдэн арван морьтон урьдаар оров. Жоу Юй хойноос морийг давхиулж, хаалганы цолцонгоор320 ороход Чэньзяо хаалганы асар дээрээс Жоу Юйгийн биеэр орж ирснийг үзээд дотроо тайж саймшран, “Чансангийн гайхамшигт арга хувилгаан адил” хэмээгээд тогшуурын дуу нэгэнтээ гармагц хоёр этгээдийн холховч нумыг цугаар харвах нь бороо орох мэт, урьд хотод тэмцэн орсон ард цөм гуунд унав. Жоу Юй яаран эгэхэд нэгэн зэв ирж цав хэмээн хавирга оногдож мориноос унажээ. Нюзинь хотоос цавчин гараад “Жоу Юйг барьсугай!” хэмээхэд Сюйшэн, Динфөн хоёул гүжирмэглэн байлдаж, Жоу Юйг авран гаргатал хотын дотроос Цаоцаогийн цэрэг цүлхийж гарч ирсэн тулд Ү улсын цэрэг харилцан гишгэлцэж, гуунд унасныг тооловч барахгүй. Чэнпү яаран цэргийг хураахад Цаорэнь, Цаохунгийн цэрэг хоёр замаар цавчин орсонд Ү улсын цэрэг ихэд дарагджээ. Завшаанд Линтун нэгэн баг цэрэг авч хөшин байлдаж Цаоцаогийн цэргийг зогсоосон тул Цаорэнь дийлээд цэргээ хурааж хотод оров. Чэнпү сарнисан цэргийг хурааж хүрээнд эгсэнд Сюйшэн, Динфөн хоёр жанжин Жоу Юйг тэнхрүүлэн цацарт хүрч

320 Цулцан

ирээд цэргийн эмчийг авчран өрөлбөөр321 зэвийг татан авч шарханд эм түрхэж нүхийг бүтээв. Шарх өвдөж тэсэхгүйд идэх уухыг цөм гээжээ. Эмч өгүүлрүүн: “Энэ зэвний үзүүрт хор буй тул даруй анаж чадахгүй. Хэрэв цухалдан хилэгнэсэнд шарх дахиж лавармуй322” хэмээв. Чэнпү олон цэрэгт “Өөр өөрийн хүрээг бэхлэн сахиад дэмий битгий хөнгөлөн гарагтун!” хэмээн цаазлав. Гуравдугаар өдөр Нюзинь хэдэн баг цэрэг авч өдөөн байлдахаар ирвээс Чэнпү цэрэг гаргасангүй. Нюзинь нар шингэтэл харааж эгэв. Жич өдөр бас ирж хараахад Чэнпү Жоу Юйг хилэн төрүүзэй хэмээн мэдүүлсэнгүй. Гуравдугаар өдөрт хүрээд Нюзинь ямагт хүрээний хаалганы гадна ирээд хараах дуу бүрт “Жоу Юйг баримталмуй”323 хэмээхэд Чэнпү олон лугаа зөвлөж, түр цэрэг зогсоож буцаад Үхоуд учирч жич арга бодсугай хэмээв.

Тэндээс Жоу Юй хэдий шарх өвдөвч сэтгэл тогтвортой, Цаоцаогийн цэрэг үргэлж хүрээний өмнө ирж хараахыг мэдмүй. Гагц олон жанжин нар ирж хэлэхгүйд нэгэн өдөр Цаорэнь их цэрэг авч хэнгэрэг дэлдэн хашхиран байлдахаар ирвээс Чэнпү цэргийг гаргасангүйд Жоу Юй олон жанжин нарыг цацарт дуудан оруулж асууруун: “Хаана хэнгэрэг дэлдэж хашхирмуй?” гэхэд олон жанжин өчрүүн: “Хүрээний дотор цэргийг боловсруулан сургах нь болой” хэмээхэд Жоу Юй ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Юу хэмээн намайг мэхлэмүй? Би Цаоцаогийн цэрэг үргэлж хүрээний гадна ирж ичээн хараахыг мэдмүй. Чэн Дөмоу324 бүгд цэргийг захиран бөгөөд юунд харсаар суумуй?” хэмээгээд даруй Чэнпүг залуулан ирээд асууваас Чэнпү өгүүлрүүн: “Гүнгийн шархыг эмч үзэж битгий хилэн төрүүлэгтүн хэмээсэнд тийнхүү Цаорэньгийн цэрэг өдөөн байлдахаар ирэвч болгоомжлон хэлсэнгүй”. Жоу Юй өгүүлрүүн: “Гүн таны байлдахгүй нь ямар санаа аж?”. Чэнпү өгүүлрүүн: “Олон жанжин нар түр цэрэг хурааж, зяндунд эгээд гүнгийн шарх эдгэсэн хойно дахин өөр арга хийсүгэй!” хэмээмүй. Жоу Юй сонсоод шаламгайлан ширээнээс босож өгүүлрүүн: “Их эрс эзний пүнлүүг нэгэнтээ идвээс зүй нь дайнд үхэж, ясыг морины арьсаар ороож аваачваас хишиг болой. Юунд миний нэгэн хүний учирт улс гэрийн их үйлийг саатуулмуй?” хэмээгээд хуяглан өмсөж морь унахад олон жанжин цэрэг эс гайхсан нь үгүй. Даруй хэдэн зуун морьтонг авч хүрээнээс гарч үзвээс Цаоцаогийн цэрэг нэгэнтээ жагсаал жагсааж Цаорэнь морь унаж, хаалганы тугийн дор зогсоод ташуурыг өргөж, ихэд хараан өгүүлрүүн: “Жоу Юй өчүүхэн хөвгүүн бодвоос зуурмаг үхээд аймшиггүй дахин манай цэргийг төв үзэж харж чадахгүй!” хэмээн харааж барахын урьд Жоу Юй олны сүргийн дотроос цүлхийн гарч өгүүлрүүн: “Цаорэнь бэртэгчин эр Жоулан намайг үзэв үү!” хэмээсэн хойно Цаоцаогийн цэрэг цөм цочин айжээ. Цаорэнь хойш хандаж, олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Ихэд хараасугай!” хэмээсэнд олон жанжин цэрэг бүгдээр их дуугаар хараахад Жоу Юй хилэгнэж Фаньжаныг байлдахаар гаргаад, байлдахаар Жоу Юй гэнэт их дуугаар бархираад амнаас цус бөөлжиж мориноос унав. Цаоцаогийн цэрэг дайран ирэхийг олон жанжин нар урагшлан нэгэн зэрэг хутган байлдаж, Жоу Юйг гарган хүрээндээ авчирсан хойно Чэнпү асууруун: “Дүдүгийн эрхэм бие ямар буй?”. Жоу Юй Чэнпүд сэмээр өгүүлрүүн: “Энэ миний арга болой”. Чэнпү өгүүлрүүн: “Ямар арга буй за?”. Жоу Юй өгүүлрүүн: “Миний биед огтхон ч өвчингүй”.

321 Бахь

322 Сэдрэх

323 Баривчлах гэсэн санаа

324 Чэнпүгийн өргөсөн нэр

Би ийм үйлдсэн нь Цаоцаогийн цэрэг намайг хүнд өвдөв хэмээн эрхгүй манийг дарламуй. Харин сэтгэл зүрхний мэт хэдэн хүнийг хотод хууран дагуулахаар илгээж, намайг нэгэнтээ үхэв хэмээн хэлүүлбээс энэ шөнө эрхгүй Цаорэнь хүрээг дайрахаар ирэх болно. Бид дөрвөн этгээдэд цэрэг бүгүүлж хүлээвээс нэгэнтээ хэнгэрэг дэлдвээс цаорэнийг барьж болмуй”. Чэнпү өгүүлрүүн: “Энэ арга их сайн” хэмээгээд даруй цацрын доороос уйлаан үүсгэхэд олон цэрэг ихэд цочиж Дүдүгийн зэвийн шарх лавраад325 үхэв” хэмээн уламжлан өгүүлж, алив хүрээнийг ч цөм бэлэвсрэлийн хувцас өмсгөв.

325 Сэдрээд

Тэндээс Цаорэнь хотын дотор олон жанжин лугаа хэлэлцрүүн: “Жоу Юй хилэн төрж шарх дэлбэрээд амнаас цус огшиж мориноос унасан тул удалгүй үхмүй” хэмээн хараахан хэлэлцэхэд гэнэт Ү улсын хүрээнээс арваад цэргийн хүн дагахаар ирэв. Дотор нь бас хоёр хүн байсан нь угтаа Цаоцаогийн цэргээс олзлогдон очсон ажгуу. Цаорэнь дуудан оруулж асууваас цэргийн хүн өгүүлрүүн: “Энэ өдөр Жоу Юй жагсаалын өмнө зэвийн шарх лавраад хүрээнд эгмэгц үхэв. Өдгөө олон жанжин нар бэлэвсэрч уйлмуй. Бид Чэнпүд гутаагдснаар тийнхүү дагахаар ирж дашрамд энэ хэргийг мэдүүлмүй” хэмээсэнд Цаорэнь ихэд баярлаад даруй зөвлөж, энэ шөнө түүний хүрээг дарахаар очиж Жоу Юйгийн ясыг булаан тэргүүнийг огтолж Сюйдүд хүргэсүгэй хэмээхэд Чэньзяо өгүүлрүүн: “Энэ аргыг хурдан явуулбаас зохимуй. Удааж болохгүй!” хэмээсэнд Цаорэнь даруй Нюзинийг гавшгай болгож өөрийн бие дундад болж Цаохун, Цаочүнийг хойдод туслах цэрэг болгоод ганц Чэньзяог бага сага цэрэгтэй хотыг сахиулж бусдыг дуустал авч одмуй хэмээв. Анх жингийн эцэст хотоос гарч шууд Жоу Юйгийн их хүрээг зүглэн ирээд хаалганы дэргэд хүрч үзвээс нэг ч хүн үзэгдэхгүй. Гагц хатгасан туг жадны төдий л үзэгдмүй. Аргад унасныг мэдээд мэндэн сандан цэрэг эгтэл дөрвөн этгээдээс буун дуу нэгэн зэрэг гарч зүүнээс Ханьдан, Зянцинь, баруунаас Жоутай, фаньжан өмнөөс Сюйшэн, Динфөн хойдоос Чэнь Ү, Люймөн байлдахаар гарсанд Цаоцаогийн цэрэг ихэд дарагдаж гурван замын цэрэг цөм сарниад тэргүүн сүүл харилцан хамгаалж чадахгүй болов. Цаорэнь арваад морьтонг авч хаасан газраас алан гарваас төвхийтэл Цаохунтай уулзсанд даруй дарагдсан цэргийг авч хамт буруулан алалдсаар тавдугаар жинд хүрвээс Нань Зюньгээс ойр болов. Гэнэт буун дуу гарч Линтун бас нэгэн салааны цэрэг авч одох замыг тосож нэгэн зэрэг ихэд алав. Цаорэнь цэрэг авч хажуу тийш болтол бас Ганьнинтай учраад нэгэн зэрэг байлдсанд Цаорэнь айгаад Нань Зюнь хот руу орсонгүй шууд Сян Янгийн замыг барьж, буруулахад Ү улсын цэрэг нэгэн өртөө нэхээд эгэв. Жоу Юй Чэнпү олон цэргийг хурааж Нань Зюнь хотын дор хүрч үзвээс туг хиурыг дүүртэл жагсаажээ, хаалганы асар дээр нэгэн жанжин дуудан өгүүлрүүн: “Дүдү битгий буруушаагтун! Би цэргийн багшийн цаазыг хүлээн нэгэнтээ хотыг авав. Би Чаншаньгийн Жао Зылун болой” хэмээсэнд Жоу Юй ихэд хилэгнэж “Хотыг байлд!” хэмээвээс хэрмийн дээрээс сацлан харваж эхлэв. Үүнд Жоу Юй зарлан түр цэргийг эгүүлэн зөвдсүгэй хэмээн Ганьнинийг хэдэн мянган морьт цэрэг авч Зинжоу мужийг авахаар од! Линтунийг хэдэн мянган морьт цэргийг авч Сян Яныг авахаар од! Түүнээс хойш сая Нань Зюнь хошууг авахад удахгүй” хэмээн хараахан цэрэг салгах хооронд харуулын хүн яаран ирж хэлрүүн: “Жугө Лян Нань Зюнь хошууг олсноос даруй цэргийн тэмдэгт бичгийг хэрэглэн шөнө дөл Зинжоу хотыг сахисан цэргийг тэнхрүүлэхээр ирэгтүн хэмээн хууран гаргаад харин Жанфэйгээр Зинжоу хотыг эзлүүлжээ”. Бас нэгэн морьт хүн нисэх мэт ирж хэлрүүн: Ся Хоудүнь, Сян Янд байсныг Жугө Лян цэргийн тэмдэг бичиг бариулан хуурмагаар Цаорэнь туслах цэрэг гуйхаар ирэв хэмээн Ся Хоудүнийг аргадан гаргаад тэр хооронд гуань Юньчангаар Сян Яныг сундлан авахуулав”. Ингэснээр хоёр газрын хот огт хүч сүйтгэсэнгүйгээр цөм Любэйгийн харьяат болжээ. Жоу Юй асууруун: “Жугө Лян хэрхин цэргийн тэмдэг бичгийг олсон буй?”. Чэнпү өгүүлрүүн: “Тэр Чэньзяог бариваас цэргийн тэмдэг аяндаа цөм түүнд болмуй” хэмээсэнд Жоу Юй өндөр дуугаар нэгэнтээ бархирмагц зэвийн шарх лаврав. Энэ чухамхүү:

“Олон хошууны хот балгас надад хувьгүй болоод

Нэгэн цэргийн гашуудан зүдсэн нь хэний төлөө болой”

Эгнэгт амь ямар болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top