Гурван улсын үлгэр | 58 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-58 ДУГААР БҮЛЭГ

МА МӨНЦИ ЦЭРЭГ ҮҮСГЭЖ ЭЦГИЙН ХАРИУГ АВСАН , ЦАОЦАО САХЛАА ОГТОЛЖ МАГНАГ ДЭЭЛЭЭ ГЭЭСЭН

Өгүүлэх нь: Арга өргөсөн хүн Жи Шүши бөгөөд Юйши түшмэл Чэньцюнь, өргөсөн нэр Чанвэнь гэгч ажээ. Цаоцао асуун өгүүлрүүн: “Чэн Чанвэньд ямар сайн арга буй?”. Чэньцюнь өгүүлрүүн: “Өдгөө Любэй Сүньцуань лугаа уруул шүдний мэт янаг болжээ. Любэй хэрвээ Сычуанийг авсугай хэмээвээс Чансан дээд жанжин нарын хамтаар их цэрэг аваад Хөфэйгийн олон лугаа нийлж Зян Нанийг авахаар илгээвээс Сүньцуань эрхгүй “Любэйг тусла!” хэмээн гуйх болно. Гэвч Любэй Сычуанийг авах санаа байхаас Сүньцуаньд туслах сэтгэлгүй бөлгөө. Сүньцуаньд туслах хүнгүй болбоос хүч мохож цэрэг буурай болмуй. Ийм болбоос Зяндунгийн газар эрхгүй Чансанд олдох бус уу? Хэрвээ Зяндунг олсонд Зинжоу мужийг нэгэн хэнгэрэг дэлдэхийн төдийхөнд төвшитгөж болно. Зинжоу мужийг төвшитгөсөн хойно алгуураар Сычуанийг хичээвээс дэлхий дахин тогтох биш үү?” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Чанвэньгийн үг чухам миний санаанд нийлэв” хэмээгээд даруй гучин түмэн цэрэг байгуулж шууд Зян Наньгийн зүг одоход Хөфэйгийн Жанляогоор амуу өвс бэлтгүүлж цэрэгт тусал!” хэмээв.

Энэ мэдээг тагнуулч хэдийнээ Сүньцуаньд хэлэхээр ирсэнд Сүньцуань олон жанжин нарыг цуглуулж зөвлөхөд Жанжао өгүүлрүүн: “Лү Зызингийн дэргэд хүн зарж түүгээр Зинжоу мужид бичиг илгээн “Сюаньдөг хүч хамтатгаж Цаоцаог байлдсугай!” хэмээгтүн! Зызин Сюаньдөд ачтай тул түүний үгийг дагамуй. Нэнд Сюаньдө Ү улсын хүргэн болсон тул бас ч маргаж чадахгүй болой. Хэрвээ Сюаньдө ирж тусалбаас Зян Наньд зовлонгүй болмуй” хэмээсэнд Сүньцуань үгийг дагаж даруй хүн зарж Зызинг ухуулан “Сюаньдөг өмөглө!” хэмээн гуйгтун!” хэмээн илгээсний хойно Лүсү захиаг хүлээн авсан даруй бичиг хийж хүнээр Зинжоу мужид хүргүүлэв. Сюаньдө бичгийн доторх учрыг үзэж мэдээд элчийг өртөө гэрт буулган, хүн зарж Нань Зюнь хошуу руу Кунминийг залахаар илгээв. Кунмин Зинжоу мужид ирээд Сюаньдө лүгээ золгосонд Любэй,

Лүсүгийн бичгийг үзүүлбээс Кунмин өгүүлрүүн:

“Зян Наньгийн цэргийг мөн хөдөлгөхгүй бөгөөд бас ч Зинжоу мужийн цэргийг ч хэрэгсэхгүйгээр Цаоцаог мөн аймшиггүй зүүн өмнө зүг үзэж чадахгүй болгосугай!” хэмээгээд Лүсүд хариу бичиг илгээж түүнийг “Өндөр дэрэнд хэвтээд зовох хэрэггүй. Хэрэв хойд цэрэг халдахаар ирвээс хааны авгад аяндаа цэргийг эгүүлэх арга буй” хэмээн бичиж дуусаад элчид өгч илгээв. Сюаньдө асуун өгүүлрүүн: “Өдгөө Цаоцао гучин түмэн цэргийг авч Хөфэйгийн олон лугаа нийлж сүрэглэн ирэх бөгөөтөл ноёнтонд ямар уран арга байж түүнийг эгүүлмүй?”. Кунмин өгүүлрүүн: “Цаоцао угаас эмээх нь Силянгийн цэрэг болой. Өдгөө Цаоцао Матэнийг сөнөөсөнд түүний хөвгүүн Мачао өдгөө Силянгийн олныг захиран ахуу тул эрхгүй Цаоцаог араагаа хавирч занах болой. Бичиг үйлдэж Мачао лугаа янаглаад Мачаог цэрэглэн боомтын дотор ирэгтүн! хэмээвээс Цаоцао Зян Наньд ирэх чөлөөгүй болмуй?” хэмээсэнд Сюаньдө ихэд баярлан даруй бичиг хийлгэж нэгэн итгэлт хүнийг зарж шууд Силянд бичиг хүргүүлэв.

Тэндээс Мачао Силянд агаад нэгэн шөнийн зүүдэнд “Бие цасан дотор хэвтэж бүхийд барс сүрэглэн ирж заамуй”. Үүнд цочин сэрээд дотроо ихэд сэжиглэн даруй цацрын доорхи олон жанжин нарыг цөм цуглуулан зүүдлэсэн хэргийг хэлж өгвөөс цацрын дороос нэгэн хүн гарч өгүүлрүүн: “Энэ зүүд ёр болой” хэмээжээ. Олон үзвээс цацрын доорхи итгэлт Сяо Юй түшмэл овог Пан нэр Дө, өргөсөн нэр Линмин ажгуу. Мачао асууруун: “Линмингийн үзэл ямар аж?”. Пандө өгүүлрүүн: “Цаст газар барс лугаа учрав хэмээгч зүүдний ёр маш муу, харин өвгөн жанжин сюйчанд аж хэрэг гарсан буюу?” хэмээн өгүүлж барахын урьд гэнэт нэгэн хүн сандан мэндэн орж ирээд сөгдөж, уйлан өгүүлрүүн: “Авга эцэг дүү нар лугаа цөм үхэв!”. Мачао үзвээс Мадай ажгуу. Мачао гэлмэж асууруун: “Ямар учирт буй?”. Мадай өгүүлрүүн: “Авга эцэг Шилан түшмэл Хуанкүй лүгээ “Цаоцаог алсугай!” хэмээн зөвдсөнд хэргийн учир задраад цөмийг зээлд аваачиж алав. Хоёрдугаар дүү бас хорлогджээ. Гагц Мадай би худалдааны зочдын янзаар өмсөж, өдөр шөнөгүй явсаар сая мултран гарч ирэв”. Мачао сонсоод уйлан газарт унасанд олон түшмэл тэнхрүүлэн босговоос Мачао шүдийг зуун, араагаа хавирч Цаоцао хулгайг занав. Гэнэт хүн мэдүүлрүүн: “Зинжоу мужийн Лю хааны авга хүн зарж бичиг хүргэж иржээ” хэмээмүй. Мачао нээж үзвээс бичигт өгүүлсэн нь: “Мэхийн санаваас Хань улс хишиггүй Цаоцао хулгай эрхийг эзлэн, хааныг мэхэлж дээдийг дарлан, олон иргэнийг хохируулжээ. Любэй би урьд эрхмийн эцэг лүгээ нягт зарлиг бичгийг хүлээн амалдаж “Энэ хулгайг алсугай!” хэмээсэн бөлгөө. Өдгөө эрхэм таны эцэг Цаоцао хулгайд хөнөөгджээ. Энэ нь жанжин таны тэнгэр газар, наран сарны дор хамт байхгүй өшөө болой. Хэрвээ Силянгийн цэргийг авч Цаоцаогийн барууныг байлдан чадваас Любэй би Зинсянгийн олныг дагуулан Цаоцаогийн өмнийг хөндөлдсүгэй. Ийм болбоос сүргүй Цаоцаог барьж болох бөгөөд зальхайн хоршоог сөнөөж өшөө заналыг хариулан Хань улсыг мандуулж болмуй, бичигт үгсийг дуусган чадахгүй зогсоогоор хариу мэдээг хүлээмүй!” хэмээжээ.

Мачао үзэж дуусаад даруй нулимсыг арчиж хариу бичиг үйлдэн элчийг хойш эгүүлсэн хойно даруй Силянгийн цэргийг байгуулан сая “Мордсугай!” хэмээн атал Силянгийн тайшоу түшмэл Ханьсүй хүн зарж Мачаог залж “Учирсугай!” хэмээсэнд Мачао Ханьсүйгийн гэрт очиж золгосон хойно Ханьсүй Цаоцаогийн бичгийг гаргаж үзүүлэв. Түүний доторх учир нь: “Хэрэв Мачаог бариад Сюйдүд хүргэж ирвээс чамайг Силянгийн Хоу болгосугай” хэмээжээ. Мачао газарт сөгдөж өгүүлрүүн: “Авга мөн даруйд манай ах дүүг хүлж Сюйчанд хүргүүлбээс авга илд жадны зүдээлээс хэлтрэх болой” хэмээсэнд Ханьсүй өргөн босгож өгүүлрүүн: “Би чиний эцэг лүгээ ах дүү барилцсан атал яахин төвдөж чамайг хөнөөмүй? Чи хэрвээ цэрэг үүсгэвээс би харин тусалсугай!” гэхэд Мачао тал өгөв. Ханьсүй даруй Цаоцаогийн зарсан хүнийг түлхэн гаргаж алаад даруй доорхи найман аймгийн цэргийг байцаан хамт хөдөлж гарав. Тэр найман аймаг хэмээгч нь Хоусюань, Чэн Ень, Ликань, Жанхөн, Лянсин, Чэн И, Мавань, Янцю нар болой. Энэ найман жанжин Ханьсүйг дагаж Мачаогийн доорхи Пандө, Мадайгийн хамт хорин түмэн цэргийг авч Чан Аньгийн зүг ирэв. Чан Аньгийн хошууг сахисан Жун Яо нисэх мэт яаран Цаоцаод хэлэхээр илгээгээд нэгэнтээгүүр цэрэг авч дайсныг халхлан хээр талд жагсаал жагсаав.

Силян мужийн гавшгай Мадай нэг түм таван мянган цэргийг авч их сүр хүчээр уул талыг бүрхтэл хүрч ирсэнд Жун Яо гарч үг өчсөн хойно Мадай нэгэн эрдэнийн илдийг хэрэглэж Жун Яогийн зүг байлдаж нэгэн удаа болсонгүй Жун Яо ихэд дарагдаж буруулахад Мадай илдээ далайж нэхэн ирэхэд Мачао, Ханьсүйгийн цэрэг бас цөм хүрч ирээд Чан Анийг хаасанд Жун Яо хотын дээр гараад бэхлэн сахижээ. Чан Ань болбоос баруун Хань улсын нийслэл газар тул хот бэх бөгөөд гол гүн тул даруй дийлэн чадахгүй нэгэн дараагаар арван өдөр хааж байлдавч эвдэж эс чадахын тул Пандө арга өргөж өгүүлрүүн: “Чан Ань хотын шороо хатуу, ус шорвог, идэхэд маш болохгүй. Нэнд түлээ түлш цухаг дээр өдгөө арван өдөр хааснаар хотын доторх цэрэг иргэн ихэд өлбөрөв. Түр зуур цэргийг хурааж гагц ийм тийм болоход хүрэхгүй. Тийн болбоос Чан Ань хотыг гар дохихын төдийхөнд олмуй” хэмээсэнд Мачао өгүүлрүүн: “Энэ арга ихэд уран аж!” хэмээгээд даруй зарлалын хиурыг бариулан олон газрын цэрэгт ухуулан “Цэрэг морь цөм эгэгтүн!” хэмээн зарлаад Мачао өөрийн бие хойно хайгуул болж олон ангийн цэрэг морь алгуураар эгэв. Дэд өдөр Жун Яо хэрмийн дээр гарч үзвээс цэрэг цөм эгжээ. Гагц арга буюу хэмээн болгоомжлон хүн зарж байцаахаар илгээвээс “Үнэхээр хол одов!” хэмээсэнд сая дотор сулхан болж цэрэг иргэнийг тавин “Хотоос гарч өвс, ус авахаар оч!” хэмээн хаалгыг нээж хүн иргэнийг орж гаргамуй. Тавдугаар өдөрт хүрээд хүн мэдүүлрүүн: “Мачаогийн цэрэг бас ирэв!” хэмээсэнд олон цэрэг иргэн хотод тэмцэлдэн орцгоов. Жун Яо даруй дахин хаалгаа хааж бэхлэн сахижээ.

Тэндээс Жун Яогийн дүү Жунзинь баруун хаалгыг сэргийлэн бүхийд гуравдугаар жингийн үед хотын хаалганы дотроос гал мандав. Жунзинь яаран туслахаар ирвээс хотын ёроолоос нэгэн хүн өндөр дуугаар өгүүлрүүн: “Пандө энд буй!” хэмээтэл Жунзинь гар хөдөлж завдахаас өмнө Пандө цавчиж мориноос унагаагаад цэргийг алж сарниулан хаалгыг цавчиж нээгээд Мачао, Ханьсүйг угтаж хотод оруулсанд Жун Яо зүүн хаалгаар гарч явжээ. Мачао, Ханьсүй нар хотыг олоод цэргийн зүдсэнд шагнав. Жун Яо буруулан одож Тунгуань боомтыг сахин суугаад нисэх мэт Цаоцаод хэлэхээр илгээв. Цаоцао Чан Ань хотын автсаныг сонсоод өмнийг байлдахыг дахин зөвдөхгүй болж, даруй Цаохун Сюйхуаныг дуудаж нэгэн түмэн цэргийг өгөөд “Жун Яог төлөөчлөн Тунгуань боомтыг сахигтун! Хэрвээ арван өдрийн дотор боомтыг автваас цөмийг чинь алмуй! Арван өдрийн гадна болбоос та хоёул ялгүй, би их цэргийг авч дагалдаагаар хүрмүй” хэмээн өгүүлсэн хойно хоёул захиаг хүлээн авч шөнө дөлөөр мордов. Цаорэнь хориглож өгүүлрүүн: “Цаохунгийн чанар догшин тул үйлийг саатуулуузай!” хэмээмүй. Цаоцао өгүүлрүүн: “Чи надад амуу өвсийг хамгаалан хойноос нь туслагтун!”хэмээв.

Тэндээс Цаохун, Сюйхуан хоёр Тунгуань боомтод хүрээд Жун Яогийн ордонд бэхлэн сахиж огт гарч байлдахгүйд Мачао цэрэг дагуулан боомтын доор ирж, Цаоцаогийн гурван үеийг урвуулан хараалгахад, Цаохун ихэд хилэгнэж цэрэг аван боомтоос гарч байлдсугай! хэмээвээс Сюйхуан хориглож өгүүлрүүн: “Энэ нь Мачаогийн жанжныг хилэгнүүлж байлдуулъя хэмээсэн арга тул түр байлдаж болохгүй! Чансангийн их цэрэг ирсэн хойно эрхгүй бодож тогтоосон арга буй” хэмээн байлгав. Мачаогийн цэрэг өдөр шөнөгүй ээлжлэн ирж хараах тул Цаохун бас л “Байлдсугай!” хэмээвээс Сюйхуан хүчлэн хориглосоор есдүгээр өдөрт хүрээд боомтын дээр гарч үзвээс Силянгийн цэрэг цөм морийг гээж, боомтын өмнө өвст газарт суулцаж, их хагас зүдээд газарт хэвтэн унтжээ. Цаохун “Даруй морь бэлтгэ!” хэмээгээд гурван мянган шилсэн цэргийг авч байлдан гарч ирвээс Силянгийн цэрэг морийг гээж, илдийг орхин буруулсанд Цаохун дагалдан нэхэж очив. Тэр үес Сюйхуан боомтод амуу өвсийг байцаан агсан бөлгөө. Цаохуныг байлдахаар гарав хэмээн сонсоод ихэд цочиж яаран цэргээ авч хойноос нэхэж очоод өндөр дуугаар Цаохуныг “Эгэгтүн!” хэмээн дуудахад гэнэтхэн хойноос хашхирах дуу ихэд гарч Мадай цэрэг авч байлдахаар ирэв. Цаохун, Сюйхуан хоёр яаран эгтэл хэнгэргийн дуу гармагц уулын хойноос хоёр анги цэрэг замыг тосов. Зүүн этгээдээс Мачао баруун этгээдээс Пандө нэгэн зэрэг хутган байлдсанд Цаохун ялагдаад цэргийн их хагас алагдав. Арай зузаан хааснаас дайран гарч буруулан боомтод хүрч ирвээс Силянгийн цэрэг хойноос нэхэж ирсэн тул Цаохун нар боомтыг гээж буруулав. Пандө шууд Тунгуань боомтыг өнгөртөл нэхсэнд Цаорэньгийн цэрэг учирч Цаохуныг тэнхрүүлсэнд Мачао, Пандөг угтаж боомтод оруулав.

Цаохун Тунгуань боомтыг алдаад Цаоцао лугаа очиж золговоос Цаоцао өгүүлрүүн: “Чамд арван өдрийн хугацаа өгсөн атал юунд Тунгуань боомтыг автсан буй?”. Цаохун өгүүлрүүн: “Силянгийн цэрэг зуун зүйлээр ичээж хараасан бөгөөд тэдний цэрэг осол болсныг үзээд мөн тухайд “Хөнөөсүгэй!” хэмээн гарваас санамсаргүй хулгайн зальхай аргад таарчээ”. Цаоцаог өгүүлрүүн: “Цаохун нас залуу, зан догшин, гэвч Сюйхуан чи үйлийг ухах хэрэгтэй!”. Сюйхуан өгүүлрүүн: “Ямагт хоригловоос үгийг дагахгүй, тэр өдөрт Сюйхуан боомтын дээр амуугийн тэргийг байцааж байсан бөлгөө. Намайг мэдтэл бага жанжин боомтоос гарч оджээ. Сюйхуан алдуузай хэмээн яаравчлан нэхэж очтол нэгэнтээ хулгайн зальхай аргад оржээ”. Цаоцао ихэд хилэгнэж “Цаохуныг зандран аваачиж ал!” хэмээхэд олон түшмэл гуйн хэлтрүүлсэнд Цаохун ялыг хүлээн гарч одов.

Тэндээс Цаоцао цэрэг дэвшин Тунгуань боомтод хүрсэн хойно Цаорэнь өгүүлрүүн: “Урьд хүрээ байгуулан тогтоосон хойно боомтыг байлдахад оройтохгүй!” хэмээхэд Цаоцао мод цавчуулан хашаа барьж гурван хүрээ байгуулав. Зүүн этгээдэд Цаорэнь, баруун этгээдэд Ся Хоу Юань буув. Цаоцао өөрийн бие дунд хүрээнд буужээ.

Дэд өдөр Цаоцао гурван хүрээний их бага жанжин нарыг авч боомтыг байлдахаар одоход чив хэмээн Силянгийн цэрэгтэй учирч хоёр этгээд эсэргүүлэн жагссан хойно Цаоцао гарч тугийн дор зогсоод Силянгийн цэргийг үзвээс хүн бүр баатар, туг бүр аруухан бас Мачаогийн төрсөн нь нүүр “оо” түрхсэн мэт, уруул шунх адил улаан, нуруу нарийн, мөр өргөн, дуу сүртэй, хүч идэрхэг, цагаан магнаг, мөнгөн дуулга өмсөж, гартаа урт жад бариад морь унаж жагсаалын өмнө зогсжээ. Зүүн жигүүрт Пандө, баруун жигүүрт Мадай буй. Цаоцао сэмээр гайхнам бөлгөө. Өөрөө урагш дэвшиж Мачаогийн зүг өгүүлрүүн: “Чи болбоос Хань улсын нэрт жанжны үр ач нар атал юуны учирт урвамуй?”. Мачао шүдээ зууж хараан өгүүлрүүн: “Цаоцао хулгай! Хааныг дарлаж дээдийг мэхлэн, ял нь албаас ханахгүй, миний эцэг дүү нарыг алсан, тэнгэрийг хамтатгахгүй өшөө буйн тул би чамайг амьд барьж, махыг түүхийгээр идсүгэй!” хэмээгээд ганцаар жад барин шууд байлдан ороход Цаоцаогийн хойноос Юйзинь угтаж гараад хоёр морь зууралдан найм, есөн удаа болсон хойно Юйзинь буруулсанд Жанхө гарч байлдан хорин удаа байлдсангүй бас буруулав. Литун гарч угтваас Мачао байлдан хэдэн удаа болсон хойно нэгэн жадаар Литуныг жадлан мориноос унагаав. Мачао жадаар хойдох цэргийг нэгэнтээ даллахад Силянгийн цэрэг нэгэн зэрэг дайран ирэхэд Цаоцаогийн цэрэг ихэд дарагдав. Силянгийн цэргийн сүр хүч ихэд Цаоцаогийн олон жанжин нар байлдваас болохгүй болсонд Мачао Пандө, Мадай нар зуу илүү морьтонг авч тусгайлан дунд цэрэгт орж Цаоцаог барихаар ирэв. Цаоцао самуун цэргийн дотор сонсвоос Силянгийн цэрэг: “Улаан хувцас өмссөн нь Цаоцао!” хэмээн дуудмуй, Цаоцао морины дээрээс улаан хувцсыг яаран тайлж гээв. Бас сонсвоос: “Сахал урт нь Цаоцао!” хэмээн хашхиралдав. Цаоцао ихэд гэлмээд даруй зүүсэн илдээр сахлаа огтлов. Цэргийн доторх нэгэн хүн Цаоцаогийн сахлаа огтолсныг Мачаод хэлэхээр одсон хойно Мачао даруй хүнээр дуудруун: “Охор сахалтай нь Цаоцао мөн тул баригтун!” хэмээхэд Цаоцао сонсоод даруй тугийн хэвийг урж толгойгоо ороогоод оргов.

Хожмын хүн шүлэглэсэн шүлгийн үг:

“Тунгуань боомтод дийлэгдээд салхины аяар буруулан

Түрэмгий Мөндө сандрахдаа хэмэрлэг дээлээ тайлаад

Сахлаа огтолж, зүс буруулсан шившигт явдлаас болж

Сайн эр Мачаогийн нэр алдар тэнгэрт тулам мандав”

Цаоцао буруулахад хойноос нэгэн жанжин нэхсээр иржээ. Хойш хандаж үзвээс төвхийтэл Мачао мөн тул Цаоцао их цочив. Жигүүрийн олон жанжин Мачаогийн нэхэж ирснийг үзээд тус бүр дутаан яваад гагц Цаоцаог үлдээжээ. Мачао их дуугаар бархиран өгүүлрүүн: “Цаоцао битгий явагтун!” хэмээсэнд Цаоцао цочиж барьсан ташуурыг газарт унагаав. Харсаар байтал Мачао завдаж ирээд жадлахад Цаоцао модыг тойрон буруулсанд Мачао нэгэнтээ жадалсанд модонд зоогдов. Яаран жадыг татан автал Цаоцао нэгэнтээ хол буруулжээ. Мачао морь тавин нэхэж очиход уулын хажуугаас нэгэн жанжин гарч өндөр дуугаар: “Миний эзнийг битгий хөнөөгтүн! Цаохун энд буй!” хэмээгээд морио тавин илд далайн орж Мачаог тоссонд Цаоцао сая амь олж гарав. Цаохун, Мачао лугаа байлдсаар дөч тавин удаа болсон хойно улам улмаар хүч буурч тэнхээгүй болоход Ся Хоу Юань арваад морьтонг дагуулан хүрч ирсэнд Мачао ганцаар тул алдахаас эмээн морь буруулан эгэв. Ся Хоу Юань бас нэхсэнгүй эгэв. Цаоцао хүрээндээ эгж ирвээс харин Цаорэнь хүрээг сайтар сахиснаар цэрэг морийг олонтоо хохируулсангүй. Цаоцао цацарт ороод шүүрс алдаж өгүүлрүүн: “Би хэрвээ Цаохуныг алсан болбоос энэ өдөр эрхгүй Мачаогийн гарт үхэх байлаа шүү!” хэмээн өгүүлээд даруй Цаохуныг дуудаж хүндээр шагнаад сарнисан цэргийг хураагаад: “Гүн гуу ухаж, өндөр хэрэм цогцлоон гарч байлдаж болохгүй!” хэмээжээ.

Мачао өдөр бүр цэрэг авч хүрээний өмнө ирж хараан өдөөж “Байлдсугай!” хэмээвээс Цаоцао цэргийн түшмэдэд ухуулан: “Бэхлэн сахиж, хэрвээ дэмий хөдлөгсөд аваас алмуй!” хэмээн цаазлав. Олон жанжин нар өгүүлрүүн: “Силянгийн цэрэг цөм урт жад барьжээ. Үүнд холхивч нум барьсан хүнээр угтуулбаас хулгай өөрөө эгэх болой” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Байлдах үл байлдах нь надад буй. Хулгайд бүхийн бус. Хулгайд хэдий урт жад буй боловч яахин даруйд жадалж чадмуй? олон гүн гагц бэхлэн сахисанд хулгай өөрөө эгэх болой” гэхэд олон жанжин нар цөм харилцан хэлэлцрүүн: “Чансан байлдахаар гарах бүр бие тэргүүлэн байлдах бөлгөө. Өдгөө Мачаод нэгэнтээ дарагдсанаар юунд энэ мэт зөөлөн болсон болов?” хэмээмүй.

Хэдэн өдөр өнгөрөөд харуулын хүн ирж хэлрүүн: “Мачаод бас хоёр түмэн хүчит цэрэг нэмж иржээ. цөм Цян аймгийн хүн болой хэмээсэнд Цаоцао сонсоод ихэд баярлав. Олон жанжин нар өгүүлрүүн: “Мачаод цэрэг нэмэгдсэнд Чансан гэдрэг баярлах нь юу буй?”. Цаоцао өгүүлрүүн: “Миний дийлснийг хүлээж сая танд хэлсүгэй” хэмээв.

Гуравдугаар өдөр болсон хойно бас ирж хэлрүүн: “Боомтод бас цэрэг нэмжээ!” хэмээвэл Цаоцао ихэд баярлаж цацар дотор баярын хурим бэлтгэж хуримлахад олон жанжин нар цөм дотроо элэглэмүй. Цаоцао өгүүлрүүн: “Олон гүн намайг Мачаог эвдлэх аргагүй хэмээн элэглэвээс олон гүнд ямар сайн арга буй?”. Сюйхуан дэвшиж өгүүлрүүн: “Өдгөө Чансангийн их цэрэг энд буй. Хулгайн цэрэг бас бүрнээ боомтод буув. Бид голын баруунтаа одвоос эрхгүй бэлтгэлгүй байгаа буй за. Надад нэгэн салааны цэрэг өгвөөс Пү Бань олмыг341 гэтлэн урьдаар хулгайн эгэх замыг тоссугай! Чансан голын хойдыг байлдахаар ирсэнд хулгай хоёр этгээдийг угтах завдалгүй болж хүч эрхгүй буурмуй”. Цаоцао өгүүлрүүн: “Гүн чиний үг чухам миний санаанд нийлжээ” хэмээгээд даруй Сюйхуанд дөрвөн мянган цэрэг өгч “Жүлин лугаа одож шууд голын барууныг сэмээр гэтлэн уулын зав дотор бүгж байгтун! Миний голын хойдыг гэтлэхийг хүлээж тэр цагт хамтаар байлдсугай!” хэмээсэн хойно Сюйхуан Жүлин хоёр захиаг хүлээн дөрвөн мянган цэргийг сэмээр авч одов. Цаоцао урьдаар Цаохуныг “Пү Бань голд онгоц бэлд!” хэмээн илгээж Цаорэньд “Хүрээг сахь!” хэмээн үлдээгээд Цаоцао өөрийн бие цэрэг авч Вэйхө голыг гэтэлсүгэй! хэмээн тогтов. Хэдийн харуулын хүн Мачаод очиж мэдүүлсэнд Мачао өгүүлрүүн: “Өдгөө Цаоцао Тунгуанийг байлдахгүй хүн зарж онгоц бэлтгээд “Голын хойдыг гэтлэсүгэй!” хэмээх нь эрхгүй бидний хойдыг тосох санаа болой. Би нэгэн салааны цэргийг авч голыг дагаж хойд хөвөөг сахиваас Цаоцаогийн цэрэг олж гэтлэхгүй болмуй. Тийм болбол хорин өдөр болохгүй Хөдунгийн амуу бараад, Цаоцаогийн зэрэг эрхгүй самуурмуй. Тэр үест голын эрэгт байлдваас Цаоцаог барьж болмуй”. Ханьсүй өгүүлрүүн: “Тийм болохгүй ч болмуй! Бичигт өгүүлсэн нь: “Цэргийн хагасыг гэтэлсэнд байлд!” хэмээсэн биш үү? Цаоцаогийн цэргийн хагас гэтлэхийг хүлээж, бид өмнөд хөвөөнөөс байлдвал Цаоцаогийн цэрэг цөм усанд үйж үхэх болой”. Мачао өгүүлрүүн: “Авгын үг маш сайн!” хэмээн хэлээд хүн зарж “Цаоцао хэзээ гол гэтэлмүй!” хэмээн мэдээ авахаар илгээв.

341 Голын гарам

Тэндээс Цаоцао цэрэг тэгшлэн дуусаад гурван хувийг “Вэйхө голыг гэтлэ!” хэмээн илгээв. Хүн морь голын аманд хүртэл нэгэнтээ нар анхан манджээ. Цаоцао урьдаар шилсэн цэргийг гаргаж “Хойд хөвөөг дагуулан хүрээ байгуул!” хэмээн илгээгээд Цаоцао өөрөө шадар цэрэг зуу илүүг авч илд барьж, өмнөд хөвөөнд сууж цэргийн гол гэтлэхийг үзэж байтал хүн ирж хэлрүүн: “Хойдоос цагаан магнаг дээлт жанжин ирэв!” хэмээсэн хойно олон цөм Мачаог таниад сүрэглэн онгоцонд суухад голын хөвөөнд цэрэг онгоцыг тэмцэлдэх дуу тасрахгүй атал Цаоцао сандалд сууж, огт хөдлөхгүй, илд барьж: “Битгий цуугилдагтун!” хэмээн өгүүлнэм бөлгөө. Хүн бархиран морины янцгаах дууг сонсоод үзвээс зөгийн сүрэг адил ирмүй. Онгоцны дээрээс нэгэн жанжин харайн ирээд дуудан өгүүлрүүн: “Хулгай хүрч ирэв! Чансан онгоцонд суусугай!” хэмээмүй, Цаоцао үзвээс Сюйчу ажгуу. Цаоцао бас ч: “Хулгай хүрч ирсэнд юунд аймуй?” хэмээн өгүүлээд хойш хандаж үзвээс Мачао зуун алхам ч алсдахгүй болжээ. Сюйчу Цаоцаог тэтгэж онгоцонд суулгахаар аваачихад онгоц нэгэнтээ хөвөөнөөс хоёр алд илүү болсон тул Сюйчу Цаоцаог өргөж нэгэнтээ хараймагц онгоцонд гарав. Дагах цэрэг цөм усанд харайж онгоцны ирмэгийг барьж тэмцэлдэн авирч “Амь гарсугай!” хэмээхэд онгоц бага тул урвах шахжээ. Сюйчу илд барьж хамаагүй цавчсанд онгоцны ирмэгийг барьсан хүний хуруу цөм тасран усанд унажээ. Онгоцыг яаран доор урсгалд хаюурдмуй.

Сюйчу онгоцны тэргүүнд зогсож, яаран тулгуураар тулгуурдахад Цаоцао Сюйчугийн хөлний дор хэвтжээ. Мачао нэхэж голын хөвөөнд хүрч ирээд үзвээс онгоц нэгэнтээ голын дунд хүрсэн тул даруй нум барьж, зэв онилон, цэргийн ардаар голыг дагаж харвуулахад зэв бороо орох мэт ирэхийн учир Сюйчу Цаоцаог оногдуузай хэмээн зүүн гараар эмээлийг барьж халхлав. Мачаог зэвийг хоосон харвахгүй тул онгоц сэлүүрдэх хүн зэвэнд оногдон усанд унаад онгоцон дээрх арван хэдэн хүн бас цөм оногдож унасанд онгоц явж чадахгүй түргэн урсгалын дунд эргэн тойроход, Сюйчу гагцаар шаламгайлан хоёр хөлөөр онгоцны залуурыг хавчиж, хүчлэн бөгөөд нэгэн гараар тулгуурыг барьж онгоцыг тулгуурлаж, нөгөө гараар эмээлийг барьж Цаоцаог халхлав.

Тэр цагт Вэйнань сумын захирагч Динфэй өмнөд уулын дээр зогсож, Мачаогийн Цаоцаог нэхэхийг үзээд “Цаоцаог хохируузай!” хэмээн хүрээний доторх үхэр морийг хөөж гаргаваас уул талд дүүртэл морь үхэр болсонд Силянгийн цэрэг үзээд цөм бие эргэж үхэр морийг тэмцэлдэн булаагаад нэхэх санаагүй болжээ. Цаоцао тийнхүү амь мултран гараад сая хойд хөвөөнд хүрч, онгоц салыг цөм усны ёроолд живүүлэв. Олон жанжин нар Цаоцаог “Голд зовлонгоос зайлмуй!” хэмээн сонсоод яаран туслахаар иртэл Цаоцао нэгэнтээ хөвөөнд гарчээ. Сюйчугийн өмссөн давхар хуягийн гадуур зэв дүүртэл шигджээ. Олон жанжин нар Цаоцаог хамгаалж хээр талын хүрээнд оруулан цөмөөр газарт сөгдөж амрыг асуусанд Цаоцао ихэд инээж өгүүлрүүн: “Би энэ өдөр бага хулгайд арай эс хаагдав!”. Сюйчу өгүүлрүүн: “Хэрвээ хүн байж үхэр морийг тавин хулгайг удирдсангүй бөгөөс хулгай эрхгүй цөм гол гэтлэх бөлгөө” хэмээсэнд Цаоцао асууруун: “Хулгайг удирдсан нь хэн болой?”. Мэдэх хүн өчрүүн: “Вэйнань сумын захирагч Динфэй болой”. Удалгүй Динфэй орж золгосон хойно Цаоцао тал өгч өгүүлрүүн: “Хэрвээ гүн сайн аргыг үүсгэсэнгүй бөгөөс би тэр хулгайд баригдах бөлгөө” хэмээн өгүүлээд даруй Дяньзюнь Сяо Юй түшмэл болгов. Динфэй өгүүлрүүн: “Хулгай өдгөө хэдий одовч маргааш өдөр эрхгүй дахин ирэх болно. Сайн арга үүсгэж тулбаас зохимуй”.

Цаоцао өгүүлрүүн: “Би тогтоон дуусажээ” хэмээн өгүүлээд даруй олон жанжин нарыг дуудан тус тус “Голыг ирмэглэн хэрэм цогцолж хүрээ байгуул! Хулгай ирвээс цэргийг хэрмийн гадна жагсаа! Дотор хоосон туг босгож сэжиглэлийн цэрэг болгогтун! Бас голыг хөвөөлөн гуу ухаж дээгүүр шороогоор хучаад дайсны цэргийг өдөө! Хулгай яаран ирвээс эрхгүй гүн гуунд унах тул хулгай унаваас барьж болмуй!” хэмээжээ.

Тэндээс Мачао хойш ирж Ханьсүйтэй уулзаад:“Цаоцаог барьж авах шахтал нэгэн баатар жанжин Цаоцаог үүрч онгоцонд суулган хамгаалсаар одов. Хэн болохыг мэдэж чадсангүй” хэмээсэнд Ханьсүй өгүүлрүүн: “Би сонсвоос Цаоцао туйлын идэр хүнийг сонгож цацрын өмнөх хамгаалагч түшмэл болгож нэрийг “Барс мэт хамгаалах цэрэг” хэмээжээ. Тэднийг баатар жанжин Дяньвэй, Сюйчугаар захируулжээ. Дяньвэй нэгэнтээ үхэв. Өдгөө Цаоцаог тэнхрүүлсэн нь лав Сюйчу болой. Энэ хүний баатар хүч хүнээс хэтийдсэн тул хүмүүс цөм “Тэнэг барс” хэмээн дууддаг. Хэрвээ учирваас хөнгөнөөр байлдаж огт болохгүй!”. Мачао өгүүлрүүн: “Би бас ч түүний нэрийг хэдийнээ сонсов”. Ханьсүй өгүүлрүүн: “Өдгөө Цаоцао гол гэтлэн бидний хойдыг сундалсугай! хэмээх тул хурдан байлдваас зохимуй. Түүгээр хүрээ байгуулан тогтоолгож болохгүй. Хэрвээ хүрээ байгуулан тогтоовоос даруйд хядан арилгахад бэрх болмуй”. Мачао хэлрүүн: “Ач миний мунхаг санаанд болбоос басхүү умард хөвөөг тулж аван түүнийг гол гэтлэхгүй болгох нь дээдийн арга болой”. Ханьсүй өгүүлрүүн: “Мэргэн ач хүрээг сахь! Би цэрэг авч голын хөвөөнд очиж Цаоцао лугаа байлдваас ямар буй?”. Мачао өгүүлрүүн: “Пандөг гавшгай болгон авгыг дагуулж өмнө илгээсүгэй!” хэмээсэнд Ханьсүй даруй Пандө лүгээ таван түмэн цэрэг авч шууд Вэйпүй голын өмнө хүрсэнд Цаоцао олон жанжин нарт хандан: “Хэрмийн хоёр хажууд өдөөж авчирсугай!” хэмээв. Пандө урьдаар төмөр хуягт цэрэг мянга илүүг авч дайран ирэхэд хашхирах дуу гарах төдийд морь цөм гуунд унав. Пандө нэгэнтээ харайсанд гуун дээр гарч төвшин газарт зогсоод, зогсоогоор хэдэн хүнийг алаад, явгалан давхар хаасан газраас цавчин гарав. Ханьсүй нэгэнтээ дунд талд хаагдсан тул Пандө бас явганаар тэнхрүүлэхээр орвоос чив хэмээн Цаорэньгийн доорхи жанжин Цао Юн лугаа учирсанд Пандө цавчиж мориноос унагаагаад морийг булаан авч нэгэн цусан зам татуулсаар Ханьсүйг авран гаргаж зүүн өмнө зүг буруулан одоход Цаоцаогийн цэрэг хойноос хараахан нэхэж ирсэнд Мачаогийн цэрэг угтаж ирээд Цаоцаогийн цэргийг дарж, өөрийн цэргийн их хагасыг туслан гаргаж байлдсаар нар шингэсэн хойно сая эгэв. Хүрээнд хүрч цэрэг морийг байцаан үзвээс Чэн Ень, Жанхэн хоёр жанжин үхээд гуу дотор унаж үхсэн нь хоёр зуу илүү хүн буй. Ханьсүй лүгээ зөвлөрүүн: “Хэрвээ өдөр удаж, Цаоцао голын хойдод хүрээ байгуулан завдваас байлдаж эгүүлэх нь бэрх болмуй. Энэ шөнө гавшгайлан орж хээрийн хүрээг дарахаар одоход хүрэхгүй”. Ханьсүй өгүүлрүүн: “Цэрэг хувааж өмнө, хойдыг туслуулбаас болмуй” хэмээгээд Мачао өөрийн бие өмнө болж Пандө, Мадайг хойно туслах болгоод тэр шөнө даруй мордов.

Тэндээс Цаоцао цэрэг хураан Вэйшүй голын хойдод буугаад олон жанжин нарыг цуглуулж өгүүлрүүн: “Хулгайн цэрэг эрхгүй намайг басамжилж хүрээ байгуулахын урьд ирмүй. Дөрвөн зүгт цэрэг бүгүүлж дундыг хоосон болгоод тэмдэг буу тавимагц бүгсэн цэрэг цугаар гарваас нэгэн хэнгэрэг дэлдэх төдийд барьж болмуй” хэмээсэнд олон жанжин нар үгийг дагаж цэргийг бүгүүлж дуусгав. Тэр шөнө Мачао урьд Чөн ид гучин морьтонг өгч байцаахаар илгээсэнд Чөн И одож үзвээс нэг ч чимээгүй тул даруй Цаоцаогийн дунд хүрээнд оров.

Цаоцаогийн цэрэг Силянгийн цэрэг хүрч ирснийг мэдээд даруй тэмдэг буу тавьсанд дөрвөн зүгээс бүгсэн цэрэг хамтаар гараад гагцхүү гучин морьтонг хаажээ. Чөн И, Ся Хоу Юаньд алагдав. Мачао хойноос Пандө, Мадайгийн хамт цэргийг гурван замаар хувааж даруй зөгий мэт байлдахаар ирэв. Энэ чухамхүү:

“Хэдийгээр цэрэг бүгүүлэн дайсныг хүлээн чадсан боловч

Хэрхин баатар жанжин тэмцэлдэн урагшлахад тэсч болмуй”

Эгнэгт дийлэх дийлэгдэхийг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top