Журам, стандартаа мөрдөж байж жаргалтай амьдарна

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

Манай улсад одоогийн байдлаар 6510 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд үүнээс эрүүл мэндийн салбарт 702, хүнс 638, барилгын салбарт 638 стандарт мөрдөгддөг гэсэн мэдээлэл байдаг.

Харамсалтай нь эдгээр стандарт хангалттай хэрэгждэггүй, дагаж мөрддөггүй нь хамгийн гол асуудал болоод буй. Шийдвэр гаргагчид хууль баталж, түүнийгээ дагасан журам, стандартыг гаргадаг ч мөн л адил мөрдөгдөх нь ховор. Мөрдөхгүй, хүн бүрд тэр нь тэгш үйлчлэхгүй байгаагаас л өнөөдрийн бидний зовлон эхлэлтэй. Хууль хяналтынхан, мэргэжлийн хяналтын байцаагчид нь ч иргэн бүрдээ харилцан адилгүй журам, стандартыг мөрдүүлдэг учраас ч аргагүй.

Гаалийн хяналтын байцаагч нь л гэхэд “Таны бараа нийтдээ тэд болох юм байна. Яахав, тохирч болох юм” гэсэн яриаг гаргахаар үйлчлүүлэгч нь хэдэн төгрөгийн татуугаа бодоод байцаагчийн хэлснээр “тохирдог”. Энэ мэтчилэн асуудал байдгийг бүгд мэддэг ч нүдэн балай, чихэн дүлий байсаар өнөөдрийг хүрч байна.

Төр засгаас стандартыг мөрдүүлнэ, авлигыг таслан зогсооно гэж байгаа ч яг хөрсөн дээрээ уриа лоозон хэвээрээ байсаар. Тиймээс бид хөгжил цэцэглэлтэд хүрч, жаргалтай нийгмийг бүтээхийн тулд хүн бүр тэгш байдлаар журам, стандартыг дагаж мөрддөг, төрийн албан хаагчид нь түүнийг нь хэлбэрлэлтгүй мөрдүүлдэг болох хэрэгтэй. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top