С.Ариунхүү: Экспортын гэрчилгээ, импортын мэдүүлгийг 1-2 хоногт олгоно

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17

Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу гаалийн байгууллага хүнд суртлаа халах, үйл ажиллагаагаа цахимжуулах, нээлттэй ил тод байх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд гаалийн байгууллагаас экспортын гэрчилгээ, импортын мэдүүлгийг авах үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, 1-2 хоногт олгодог болоод байна.

Энэ талаар ГЕГ-ын Хорио цээрийн улсын хэлтсийн Гаалийн улсын байцаагч С.Ариунхүүгээс тодрууллаа.


-Мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний хичнээн төрлийн гэрчилгээг гаалийн байгууллагаас олгож байна вэ?

-Гаалийн байгууллагаас мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох болон импортлоход 29 төрлийн гэрчилгээ мэдэгдлийг олгож байна.

Экспортын гэрчилгээ болон мэдэгдлийг авахын тулд тухайн гаалийн байгууллагын customs.gov.mn, caps.gaali.mn гэсэн цахим руу хандаж гэрчилгээ, мэдэгдлээ авна.

-Цахимаар экспортын гэрчилгээ олгодог болсноор ямар давуу тал гарсан бэ?

-Өмнө нь экспортын гэрчилгээ, импортын мэдүүлгийг авахдаа 7-10 хоногийн хугацаа зарцуулдаг байсан бол цахим болгосноор 1-2 хоногт мэдүүлгийг олгож байна. Энэ нь чирэгдлийг бууруулах, нүүр тулсан харилцааг багасгах, хугацаа хэмнэсэн зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн цахимжсанаар цахим архивын бүртгэл үүсэх, давхардсан олон цаасан хяналтыг халж байгаа гэж хэлж болно.

-Иргэд, ААН-ийн зүгээс мал амьтны гаралтай бүтээгдэхүүн оруулж ирэхдээ гаалийн байгууллагад бүртгэгдсэн үйлдвэрүүдээс оруулж ирэх ёстой юу?

-Иргэн, ААН нь ялангуяа тахианы мах болон гахайны мах, далайн гаралтай бүтээгдэхүүн импортлоход  Монгол Улсад бүртгэлтэй зөвшөөрөгдсөн үйлдвэрээс мал, амьтан болон далайн гаралтай бүтээгдэхүүнийг авах шаардлагатай. Тухайн эрсдэлийн шинжилгээ хийгдсэн үйлдвэрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, жагсаалтыг гаалийн байгууллагын customs.gov.mn цахим системд байршуулсан байдаг. Эндээс мэдээллээ харж авч болно.

Ер нь гадаад улсаас мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн импортоор оруулж ирэхэд тухайн улсын экспортлогч үйлдвэр дээр нь мэргэжлийн байгууллагаас эрсдэлийн задлан шинжилгээ хийдэг. Үүний дараа шинжилгээнд тэнцсэн болон тэнцээгүй үйлдвэрийн талаарх мэдээллийг  customs.gov.mn цахим хаягт байршуулдаг. Тиймээс тус цахим системээс тухай бүрт нь жагсаалт, мэдээллээ аваад явах боломжтой болсон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top