ЭМЯ-аас эрүүл зохистой хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжих замаар илүүдэл жин, таргалалтыг бууруулах “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд өнөөдөр /2023.03.02/-өөс эхлүүллээ.
Энэ хүрээнд Бодибилдингийн Спортын олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Ж.Баянмөнх таргалалтын шалтгаан, хоол хүнсний зохистой хэрэглээ, дасгал хөдөлгөөний талаар контент бэлтгэн хүргэхээр болжээ.
Тэрээр ”Монголчуудын дунд сүүлийн жилүүдэд таргалалт огцом нэмэгдсэн. Хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй, 100 хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчинтэй, өсвөр насны хүүхдийн таргалалт маш их нэмэгдсэн.
Статистикийг харахад хүн төрөлхтөн түүхэндээ одоогийн байгаа шиг таргалалттай байж үзээгүй.
1970-2010 оны хооронд дэлхийн хүн амын таргалалт огцом нэмэгдсэн байдаг. Энэ нь нүүрс усны хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой байдаг.
Монголчуудын хувьд таргалтын шалтгаан гэвэл хамгийн түрүүнд эрүүл, зөв хоололтын мэдлэггүй, шим тэжээлийн ойлголт дутмаг. Тиймээс бид маш буруу хооллодог нь таргалалтын үндсэн шалтгаан болдог.
Эрүүл, зөв хооллолтой болохын тулд хамгийн түрүүнд хүнсний шим тэжээлийн мэдлэгтэй, үүрэг ач холбогдлыг мэддэг, буруу, зөвийг ялгаж чаддаг анхан шатны мэдэгдэхүүнтэй байх шаардлагатай.
Дараагийн нөлөөлөх хүчин зүйл нь амьдралын буруу хэв маяг, буруу зуршил, хөдөлгөөний дутагдал ордог.
Хөдөлгөөний дутагдал гэхээр ихэнх хүмүүст нийтлэг ойлголт байдаг. Ихэнх хүмүүс турмаар байдаг ч дасгал хийх зав байдаггүй гэж ярьдаг. Яг үнэндээ бидний өдөрт хийж байгаа дасгал өдрийн нийт энергийн ердөө тавхан хувийг эзэлдэг.
Дасгал хөдөлгөөн хийснээр хүний цусны эргэлт сайжрах, дархлаа дэмжигдэх, зүрх судас, үе мөчний өвчнөөс сэргийлэх, сэтгэл санааг өргөх олон давуу талтай.
Таргалалтад нөлөөлөх дараагийн зүйл нь стресс байдаг. Мөн нийгмийн ядуурал таргалалтын шалтгаан болдог. Яагаад гэхээр амьдралын боломж тааруу хүмүүсийн өртгөөр өдөрт цадах боломжтой хоол хүнс бол гурил, гурилан бүтээгдэхүүн, энэ нь нүүрс ус ихээр агуулсан хүнс байдаг.
Дараагийн шалтгаан нь буруу мэдээлэл. Өдөрт хүнийг олон удаа хоолловол та жингээ хасна гэсэн нийтлэг буруу ойлголт байдаг. Яг үнэндээ тийм биш. Мөн өглөөний цайг тогмтол байх нь жингээ барихад нөлөөлдөг гэдэг. Гэвч өглөөний цайнд юу идэх нь чухал болохоос биш буруу хоол хүнс идээд байвал өглөөний цай тийм ч чухал биш.
Дээрх шалтгаануудыг үндэслээд миний бие нийгмийн хариуцлагын хүрээнд монголчуудын таргалалтын шалтгаан, дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хэрхэн хэвшүүлэх, хоол хүнснээс шим тэжээлийг хэрхэн, хялбар замаар авах боломжтой талаар контент бэлтгэн хүргэнэ” гэв.
Сэтгэгдэл ( 0 )