ОЛОН ӨНГӨ: Бусдын сэтгэл цэлмээх үгэнд өглөгч байя

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 21

“Сэтгэл гэдэг эрхтэн” хэмээн хэлсэн найрагчийн үг бий. Үнэхээр ч сэтгэл гэдэг хүний биеийн бусад эрхтэн шиг өвддөг, хөндүүрлэдэг. Тэр ч бүү хэл бусад эрхтнээсээ илүү шаналдаг, баярладаг.

Харин чухам хэзээ “Сэтгэлийн хат”, “Сэтгэлийн хаттай байх” гэсэн хэлц үг, яриа үүссэнийг мэдэхгүй. Ямартаа ч энэ эрхтнийг хатууруулж болохгүй. Эс бөгөөс өвчилж мэднэ. Сэтгэлийн гуниг хөндүүрээ ил гаргахгүй байсаар “хат”-тай болдог ч байж мэднэ.

Тиймээс сэтгэл чинь баярлаж догдолж байвал түүнийгээ бусдад илэрхийлж, гуниглаж гутарч байвал уйлж гадагшлуулдаг байх хэрэгтэй.

Үүнд хүйсийн ялгаа байх боломжгүй. “Эр хүн байж...” гэсэн ухаангүй тэнэг үгсээр эрчүүдээ ялласаар өнөөдөр Монгол эрчүүд маань сэтгэлийн хатуурлаа архиар зөөллөж, уураар гадагшлуулж ч байж мэдэх юм.

Өнөөдөр биднийг аливаа асуудалд шалчигнахгүй бай гэсэн хөндлөнгийн гадуурхал, бусдаас дор орохгүй байх гэсэн гэр бүлийн хүмүүжил нь эцэстээ сэтгэлийн их зовлонтой хүмүүс болгон хувиргаж байна. Нэгнээ үл ойлгох, бусдыг энэрэн хайрлах ухаангүй байдалд амьд харилцаагүй, айл гэрийн аз жаргалгүй болгож байгаа цахим хэрэглээ ч тодорхой хувийг эзэлнэ. Мөрийг нь түшээд уйлах хүнгүй дээ, мөрөөд яриад инээлдэж чадахгүй байгаадаа гутарч яваа ч нөлөөлдөг байх. Нэрмээс болж байгаа нь хэн нэгнээ элдэв муугаар хэлэх, гоочлох. Энэ бүхний эсрэг утгатай үг бий нь “сэтгэл цэлмэх”. Үүлээ хөөсөн тэнгэр шиг дотор сэтгэлээ цэлмээхийн тулд хүн нь хүнтэйгээ л харилцаж чаддаг, ойлголцдог байх нь чухал. Ингэхийн тулд сэтгэл цэлмээх үгэнд гэгээрсэн бурхад шиг өглөгч байцгаая. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top