Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн, нийтээр мод тарих өдрийн нээлтийг “Инчёны мөрөөдлийн төгөл”-д өнөөдөр /2023.05.12/ зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, Нийслэлийн газар, агентлагууд, Нийслэлийн байгаль орчны газрынхан, дүүргийн харъяа хэлтэс, албадууд 21-р хороо буюу Партизанд байрлах 100 га газарт мод тарьсан юм.
Өнөөдрийн мод тарьсан газрын онцлог урд нь үүсмэл хур хогийн цэг байсан бөгөөд 2018 оноос эхлэн Өмнөд Солонгосын Инчён дүүргийн нэрэмжит төгөл болгож, 2027 он хүртэл ногоон орчин бүрдүүлэхээр хоёр улсын хоорондын төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Сонгинохайрхан дүүргийн зүгээс ногоон хөгжлийг дэмжиж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Ногоон хотыг бий болгох, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс иргэн бүр мод тарихыг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )