Турк улсын Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоотой санамж бичиг байгууллаа

2023 оны 06 сарын 22

ХХААХҮЯ-аас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) нь Итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулах техник туслалцаа үзүүлж байна.   

Дэлхийн арьс ширний үйлдвэрлэл нь байгаль орчны болон нийгмийн олон улсын стандартуудыг даган нэгдмэл зорилгын төлөө ажиллаж байна. Монгол Улс нэмүү өртөг шингэсэн арьс шир (гүйцэтгэн боловсруулсан арьс шир, савхин эдлэл) экспортлохыг зорьж, арьс ширний үйлдвэрүүд Дэлхийн арьс ширний групп (LWG)-ийн болон ISO14001 байгаль орчны менежментийн тогтолцооны олон улсын стандартуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Арьс ширний төв лабораторийг ISO17025-ын шаардлагагын дагуу шинэчилж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар нь байгальд ээлтэй, нэмүү өртөг шингэсэн арьс ширийг экспортод гаргах, ажлын байр нэмэгдүүлэх, ялангуяа залуучуудад зориулсан ажлын байр бий болгох зорилгоор аж үйлдвэрийн технологийн паркуудыг Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХолбоо)-той хамтран байгуулахаар төлөвлөж байна.

Техник туслалцааны хүрээнд 2023 оны 6-р сарын 11-17-ны өдрүүдэд ЮНИДО нь Монгол Улсын арьс ширний үйлдвэрлэлийн оролцогч талуудад зориулан Турк улсад туршлага судлах аялал зохион байгууллаа. Тус аялалд арьс шир боловсруулах 6 үйлдвэр аж ахуйн нэгжийн удирдлагууд, технологичид, лаборатори, МАШҮХолбоо, ХХААХҮЯ-ны холбогдох төлөөлөл бүхий нийт 16 хүн оролцов. Түүнчлэн Турк улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга болон Истанбул хот дахь Ерөнхий консул оролцож арьс шир үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай санал солилцов.

БНТУ нь аж үйлдвэрийн паркийг аж үйлдвэрийн бүс болгон зохион байгуулсан анхдагчдын нэг  юм. Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос зохион байгуулалттайгаар аж үйлдвэрийн бүс рүү шилжүүлэх ажлыг 1990-ээд оны эхэнд хийж гүйцэтгэсэн бөгөөд аж үйлдвэрийн бүсүүдэд арьс ширний үйлдвэрүүдийг бохир ус цэвэрлэх байгууламж, усан хангамж, эрчим хүчний хангамж, хог хаягдлын менежмент зэргийг шийдэж өгсөн байдаг нь тэдгээр үйлдвэрүүдийг LWG-ийн гэрчилгээ авахад томоохон туслалцаа болдог.

Туршлага судлах ажлын үр дүнд Турк улсын Тузла болон Бурса дахь LWG-ийн алтан медаль бүхий стандарт нэвтрүүлсэн арьс ширний үйлдвэрүүд, цэвэрлэх байгууламжууд, аж үйлдвэр технологийн паркууд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд БНТУ-ын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой түншлэлийн уулзалтуудыг зохион байгуулж Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо Харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт хоёр тал Турк улсад Монгол Улсаас арьс ширний салбарын хүний нөөц бэлтгэх, LWG стандарт шаардлага хангасан эко аж үйлдвэр технологийн парк байгуулахад ноу-хау, туршлагаасаа хуваалцах, хөрөнгө оруулалт татах, дайвар бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад хамтран ажиллах, түүнчлэн Турк улсаас байгаль орчинд ээлтэй химийн бодис, туслах материал, технологийн өндөр түвшний тоног төхөөрөмжүүд нийлүүлэх зорилгоор Монгол Улсад  төлөөлөгчийн газраа байгуулж ажиллахад Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо туслалцаа үзүүлж хамтран ажиллах тухай тусгав.

Мөн Турк улсын арьс шир үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд болон лаборатори нь Монгол Улстай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн бөгөөд сонирхолтой буйгаа илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top