Монгол-Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 33 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг тохиолдуулан Солонгосын Ганнам дүүргээс "Medical Gangnam Medical Sharing-2023" сайн үйлсийн эмчилгээний төслийг хэрэгжүүлж Монголд эмчлүүлэх боломжгүй, төрөлхийн өвчний оноштой хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэх санал манай улсын ЭМЯ-д ирүүлсэн байна. Энэ хүрээнд ар гэрийн амьдралын төвшин тааруу, Монголд эмчилгээ хийх боломжгүй төрөлхийн баруун чихний хөгжил дутуу "microtia" өвчний оноштой малчин айлын охин 14 настай Д.Энхмандахад эмчилгээ хийлгэх хүсэлтийг Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас уламжилсан байдаг.
"Medical Gangnam Medical Sharing-2023" төслийн хүрээнд долдугаар сарын 26-нд Д.Энхмандах охинд чихний нөхөн сэргээх мэс засал болон хамрын таславчийг засах хагалгаа хамт хийгдсэн юм. Д.Энхмандах охинд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж буй “Ганнам Северанс” эмнэлгээс төлөвлөгөө ёсоор бол зөвхөн чихний нөхөн сэргээх мэс засал хийх байсан боловч тухайн өвчтөн хамрын таславчийн муруйлттай байсан тул чих, хамар хоолойн эмчтэй зөвлөлдсөний үндсэн дээр ийнхүү хос хагалгаа хийгдэхээр болсон байна. Мөн чихний дутуу хөгжил “microtia” өвчиний мэс засалын хагалгаа хоёр удаа буюу давтан хийлгэх шаардлагатай байдаг учир дараагийн шатны хагалгааг ирэх арваннэгдүгээр сард төлөвлөсөн болохыг тус эмнэлгээс мэдээллээ.
Д.Энхмандах охины эхний хагалгаа амжилттай болсон бөгөөд Ганнам дүүргийн Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төслийн гишүүн “Ганнам Северанс” эмнэлэг чихний нөхөн сэргээлт, хамрын таславчийн хагалгааг үнэ төлбөргүй хийж, “Four Points by Sheraton Seoul Gangnam” зочид буудал эмчилгээгээ хэвийн явуулах байраар хангаж, Ганнам дүүргийн зүгээс онгоцны тийз, амьжиргааны зардлыг хариуцаж ажилласан юм.
Д.Энхмандах охины хагалгаа амжилттай болсон явдалд баяр хүргэж, "Medical Gangnam Medical Sharing-2023" төслийг хэрэгжүүлэгч Ганнам дүүргийн дарга ноён Чо Сон Мён өвчтөн Д.Энхмандах болон түүний ээж Ж.Удвалцэцэг нарыг 2023.08.09-ний өдөр дүүргийнхээ Тамгын газарт хүлээн авч, халуун дулаан яриа өрнүүлж, хамтран ажилласан “Ганнам Северанс” эмнэлгийн даргад талархлын самбар гардуулан өгчээ. Энэ үеэр Д.Энхмандах охин "Надад ийм үнэтэй боломжийг олгосон Ганнам дүүрэг болон “Ганнам Северанс” эмнэлэгт маш их баярлаж талархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бол Ганнам дүүргийн тэргүүн Чо Сон-Мён “Бид гадаадад эмнэлгийн тусламж үйлчилгээг хуваалцах ажлыг цаашид үргэлжлүүлснээр тусламж хэрэгтэй байгаа олон хүүхдэд мөрөөдөл, итгэл найдвар бэлэглэх болно” гэсэн юм. Мөн тус өдөр Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ж.Оюунбаатарын зүгээс Д.Энхмандах охин болон Ганнам дүүргийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монголын жирийн малчин айлын охинд эмчилгээ хийсэн явдалд талархал илэрхийлээд ЭСЯ-ны зүгээс Ганнам дүүрэгтэй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж ажиллахаа уламжилсан юм.
Дашрамд дурдахад, Ганнам дүүргээс Ганнам дахь эрүүл мэндийн аялал жуулчлалыг сурталчлах, эмнэлгийн шилдэг арга ажилбаруудыг танилцуулах уулзалтыг энэ наймдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Монгол Улсад "Эрүүл мэндийн Ганнам-мэдээлэл өгөх хуралдаан" зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллагаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Солонгосын анагаах ухааны аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож, эрүүл мэндийн аялал жуулчлалыг сурталчлах төв (Ганнам танхим) ажиллуулж, монгол өвчтөнүүдэд бүх төрлийн мэдээлэл өгч ажиллахаар төлөвлөж байгаа аж.
Уншигч та “Ганнам Северанс” эмнэлэгтэй холбоо барихыг хүсвэл доорх хаягаар холбогдоорой.
Gangnam Medical Tour Center
Gangnam Severance Hospital
Сэтгэгдэл ( 0 )