Найз минь дэндүү цагаахан. Яг л хүүхэд шиг. Хүнд амархан итгэнэ. "Үгүй" гэж хэлж чаддаггүй. Энэ зангаасаа болж олон ч удаа алдсан даа. Тэгсэн хэр нь баргийн хүнд гомддоггүй. Харин найз, нөхдөдөө бол эсрэгээрээ. Загнана, гомдоно, учирлана, аргадна бас сэтгэлээ нээнэ. Гэхдээ тэр юу ч хэлээгүй, нэг л өдөр чимээгүйхэн явчихсан. Найз л юм бол хүрээд ирнэ... гэж итгэсээр олон жил өнгөрчээ. Гэвч одоо хэр нь найзын минь сураг үгүй, тэр эргэж ирээгүй.
Үнэндээ надад амьдралаас олж авсан тоотой хэдэн найз бий. Төдийгөөс өдийг хүртэлх нөхөрлөлөө бид өөрсдөө л зүтгэж байж бий болгосон, бүтээсэн. Хэн ч биднийг албадаагүй, бас хүчлээгүй. Олон жил хамтдаа инээж, хамтдаа уйлж алаг хорвоогийн жамыг туулж явна.
Бидэнд гэнэн, цагаахан андтайгаа инээж туулсан хэдэн зуун гэгээн дурсамж бий. Тэр бүх дурсамж одоо ч өнгө будагтайгаа сэтгэлийн минь гүнд дараатай байдаг шиг чиний сэтгэлд ч гэсэн бидний хэдэн нөхөр уяатай явдаг гэдэгт итгэдэг. Биднээс яагаад зайгаа авч, нэг үг ч хэлэлгүй явсныг чинь мэдэхгүй. Чи хэлээгүй шиг бид ч асууж байсангүй. Зүгээр л асууж зүрхэлдэггүй юм. Магадгүй энэ нь чи, бидний нөхөрлөлөө авч үлдэж чадаагүй алдаа ч байж мэднэ.
Гэхдээ найз минь чи мэдэх үү, жилийн энэ үед л чамайг илүүтэй санах юм даа. Тийм ээ, яг энэ цаг мөчид биднээсээ чимээгүйхэн холдсон гэнэн, цагаахан найзыгаа үгүйлж сууна. Одоо чи хаана байна анд минь, ОЧООД ЧАМАЙГАА ТЭВЭРЬЕ.
Сэтгэгдэл ( 1 )
Та нартай уулзаж яах юм. Дахиж шарх авхын нэмэр. Хэрэггүй