ОЛОН ӨНГӨ | Зүүдээ мана

Б.Төрбат | Zindaa.mn
2024 оны 11 сарын 06

Би гурван настайгаасаа хойш бүх зүйлийг санадаг. Зарим үйл явдал ой тойнд минь тодоос тод үлджээ. Харин таван настай байхаасаа зүүдэлж ирсэн. Тухайн үед янз бүрийн зүйл зүүдэлдэг байлаа. Нэг хөлтэй, нэг нүдтэй, дөрвөлжин толгойтой хүн гээд л. Эсвэл орны толгой дээр байдаг бурхантайгаа ярьж байна гэж зүүдэлнэ. Тэгээд ч тэр үү, хүүхэд байхдаа харанхуйгаас их айдаг, ганцаараа байхаас бүр үхтлээ айдаг байлаа. Гэхдээ тэр нэг өдрийг хүртэл шүү. Би зургаан настай л байсан байх. Манайд аавын минь өмнөх эхнэрийн хүү нь өнгөрсөн юм. Яг ч гэрт биш л дээ, өвчтэй байхдаа манайд байж байгаад эмнэлэгт өөд болсон. Одоо бодоход намайг л авч явах гэж зүүдэнд тэгтлээ их араас хөөцөлдсөн байх. Би зугтаад л байсан, зугтаад л байсан. Яг баригдахын алдад аав минь энгэртээ намайг тэвэрч, талийгаач хүүгээсээ авч үлдэж билээ. Энэ зүүдийг би хэзээ ч мартаагүй. Хожим гурван жилийнх нь ой дээр аав минь бурхан болсон. Уг нь, би байх байсан, гэхдээ аав минь намайг энгэртээ тэвэрч үлдээгээд өөрөө өмнөөс минь явчихсан байх даа гэж хааяа боддог л юм. Харин аавыг өөд болсон өдөр би нэг эмгэнийг зүүдэлсэн. Хоёр хөлнөөс минь чирээд хаашаа ч хамаагүй авч явах гээд байдаг хар эмгэн. Гэнэт сэрэхэд хоёр хөл доошоо унадаг байж билээ. Яг тэр зүүдээ долоон жилийн дараа аавтайгаа амьдарч байсан байшиндаа очихдоо зүүдэлсэн. Тэр өдрөөс хойш дахиж тэр байшинд очоогүй, бүр харахыг ч хүсээгүй юмдаг. Тэгэхэд би 15 настай байсан. Тэр цагаас л зүүдээ манаж, тайлах гэж оролдож, зүүдний ертөнцийг судалж эхэлсэн шиг. Зөн совиндоо итгэдэг болсон гэх үү дээ. Итгэдэг болсноос хойш хар мянган удаа хар дарсан даа.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top