Сэтгүүлч ”Мон-Уран”-ы Б.Наранхүүг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргав

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 09

-"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ СЭТГҮҮЛЧ Д.БОЛОРМААД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО-

"Зууны мэдээ" сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал уржигдар Сүхбаатар дүүргийн шүүхэд болохоор товлогдсон юм. Түүнийг "Мон-Уран" компанийн захирал Б.Наранхүүгийн нэр төр, алдар хүндэд халдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Шүүх хуралд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон “Глоб интернэшнл" төрийн бус байгууллагын төлөөлөл, сэтгүүлчид ирсэн байв. Шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн шүүгч Ш.Төгсгэрэл даргалж, улсын яллагчаар Ш.Баярбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Монгол, хохирогчийн өмгөөлөгч Б.Билэгсайхан нар оролцов. Даргалагч шүүгч шүүх хурлыг хаалттай эхлүүлэхээр болсноор дээрх төрийн бус байгууллагын төлөөлөл болон сэтгүүлчид хаалганы наана үлдсэн юм. Шүүх хурал хаалттайгаар 20 орчим минут үргэлжлээд завсарласан. Төд удалгүй шүүх хурал хойшилсон тухай мэдээг өмгөөлөгчид нь дуулгалаа. Учир нь шүүгдэгч Д.Болормаа хохирогчоор тогтоогдоод буй "Мон-Уран"-ы Б.Наранхүүг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргажээ. Өмнөх шүүх хуралд түүний бие төлөөлөгч нь оролцож байсан юм. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан хурлыг энэ сарын 24-нийг хүртэл хойшлуулжээ.

Хэргийн талаар тодруулбал, өсвөр насны охидыг садар, самуунд уруу татаж, онгон охидыг 500-700 ам.доллараар худалдаж авдаг тухай мэдээллийг сэтгүүлч Д.Болормаа өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдээлсэн билээ. Мэдээллийн мөрөөр энэ хэргийн хохирогч байх магадлалтай 17 охины нэрийг тус сониноос цагдаагийн байгууллагад өгсөн байна. Мөн хуулийн байгууллага охидыг худалдан авч ашигладаг этгээд, зуучлагч байж болох дунд сургуулийн хоёр охинд холбогдох хэргийг шалгаж байгаа. Гэхдээ энэ талаар "Мон-Уран"-ы Б.Наранхүү өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэргээр шалгагдаж эхэллээ" гэсэн гарчигтай нийтлэл "Зууны мэдээ" сонинд гаргасан нь шүүхийн хаалга татахад хүргээд байгаа юм. Тухайн үед "Мон-Уран"-ы Б.Наранхүү энэ хэрэгт холбогдолгүйгээ мэдэгдэж, хэвлэлийн бага хурал зарлаж байсан билээ.

Мөн сэтгүүлчийг өөрийнх нь нэр төр, алдар хүндийг гутааж гүтгэсэн гэх үндэслэлээр шүүхэд өгсөн юм. Иймээс Д.Болормааг эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т зааснаар яллах саналтайгаар прокуророос шүүхэд шилжүүлсэн. Улсын яллагч яллах дүгнэлтдээ "Зууны мэдээ" сонины 2010 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн №267-д "Мон-Уран"-ны Б.Наранхүү өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэргээр шалгагдаж эхэллээ" гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Нийтлэлд онгон охиныг 500 ам.доллараар авдаг.

Нийт есөн охиныг авсан гэх мэтээр бичсэн. Цагдаагаас өгсөн мэдээллээр Б.Наранхүү биш Гүрдоржийн Наранхүү энэ хэрэгт шалгагдаж байгаа. Гүрдоржийн Наранхүүг эрэн сурвалжилж байна гэсэн мэдээллийг өгсөн. Тиймээс Б.Болормаа Б.Наранхүүгийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор гүтгэсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т зааснаар яллагдана" гэсэн. Харин сэтгүүлч Б.Болормаа нийтлэлээ албаны болон албан бус эх сурвалжуудаас авсан. Тэгэхдээ Б.Наранхүүг гүтгэх, гутаах ямар нэгэн зорилго агуулаагүйг мэдүүлсэн. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь "Өсвөр насны охидыг садар самуунд уруу татдаг талаарх мэдээллийг сэтгүүлч нийгэмд хүргэсэн нь гавьяа. Гэтэл тэр хэргийг өнөөг хүртэл шийдээгүй. Тэгсэн атлаа бичсэн сэтгүүлчийг нь яллах гээд байгаа нь шударга бус байна" гэж мэдэгдэж байлаа.

Хэргийг анхан шатны шүүх өнгөрсөн наймдугаар сарын 23-нд хэлэлцэж шийдвэрээ гаргасан билээ. Шүүхээс "Өсвөр насны охидыг уруу татсан хэрэгт "Мон-Уран"-ы Б.Наранхүү ямар ч холбогдолгүй болох нь нотлох баримтаар тогтоогдлоо. Гэхдээ өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан мэдээллийг сэтгүүлч бичих үед аль Наранхүү холбогдсон нь тогтоогдохгүй байсан. Тиймээс сэтгүүлч эх сурвалжийн мэдээллийн дагуу, хэн нэгнийг гүтгэх зорилгогүйгээр мэдээлэл хүргэсэн учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн юм. Тиймээс Б.Болормаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа" гэсэн утга бүхий тогтоол гаргасан юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хохирогч эсэргүүцэн давж заалдах гомдлоо гаргасан. Харин нийслэлийн шүүх хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх рүү дахин буцаагаад байгаа юм.

Анхан шатны шүүх Б.Наранхүүг байлцуулан хэргийг хэлэлцэх нь зөв гэсэн шийдвэр гаргасны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Монголоос зарим зүйлийг тодрууллаа.

-Өмнөх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оролцож байсан. Заавал хохирогч өөрөө байх ёстой гэж шүүх үзэв үү?

-Сэтгүүлч хохирогчийг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, хууль ёсны төлөөлөгчийг нь хуралд оролцуулах боломжгүй гэсэн. Тиймээс ч шүүх Б.Наранхүүг зайлшгүй байлцуулах шаардлагатай гэж үзсэн учраас хойшлууллаа.

-Шүүх хурал эхлэхэд "Глоб интернэшнл" төрийн бус байгууллагын төлөөлөл болон сэтгүүлчдийг оролцуулсангүй. Хурал хаалттай эхлэх үндэслэл байв уу?

-Хурлыг нээлттэй эсвэл хаалттай явуулах асуудлыг шүүх шийддэг. Бид шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьсан. Харин шүүх хаалттай эхлүүлэх байр суурь баримталлаа.

-Нийслэлийн шүүх анхан шатныхаа шүүхийн шийдвэрийг буруушаасан магадлал гаргалаа. Танай үйлчлүүлэгчийг цагаатгасан нь буруу гэж үзэх ямар үндэслэл байсан юм бол?

-Нийслэлийн шүүхийн магадлалтай холбоотой асуудлаар Улсын дээд шүүхэд хандчихсан байгаа. Магадлалтай холбоотой асуудлыг цогцоор шийдэх ёстой. Учир нь нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн аливаа шийдвэрийг хүчингүй болгохдоо хэргийн байдал тогтоогдсон байна, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна, цагаатгасан нь буруу байна гэж зааж байгаа нь утгагүй. Анхан шатныхаа шүүхийн хараат бус байдалд шууд нөлөөлчихөж байгаа юм. Ийм буруу практикийг таслан зогсоох шаардлагатай учраас Ерөнхий шүүгчид хандсан. Шинэ эрүүгийн байцаан шийтгэх хуулиар нийслэлийн шүүхээс анхан шатны шийдвэрийг буруу гэж үзсэн тохиолдолд Дээд шүүхэд хандах боломжгүй байгаа шүү дээ. Гэхдээ Ерөнхий шүүгч асуудлыг хэлэлцээд үндэслэлээ гаргаагүй байна гэж үзвэл цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн шүүхийн шийдвэрүүдтэй холбоотой асуудлаар хуульд өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хяналтын шатаар хэлэлцэх боломж бүрдэнэ. Энэ нь хуулийг боловсронгуй болгох талаараа ач холбогдолтой.

-Нийслэлийн шүүх дээрх шүүгчийг өөрчлөх шийдвэр гаргасан нь ямар учиртай юм бэ?

-Үүнийг ерөөсөө ойлгоогүй. Шүүх асуудлыг дотоод итгэл үнэмшлээрээ шийдсэн байхад шүүгчийг өөрчил гэж заасан нь ойлгомжгүй байна.

-Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан шийдвэрийг үгүйсгэж, өөр шүүгчээр шүүлгэх гээд байгаа нь хараат бус байдалд нь нөлөөлөөд байгаа юм биш үү?

-Давж заалдах шатны шүүх маш нарийн үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой. Анхан шатны шүүх итгэл үнэмшлээрээ шийдвэрээ гаргачихсан байхад давж заалдах шатны шүүх нь цагаатгасан нь үндэслэлгүй, ял өгөх ёстой гэсэн утга бүхий магадлал гаргачихлаа.

-Өмнөх шүүх хурлын дараа хохирогч тал "Шүүх салаа утгатай шийдвэр гаргалаа. Ерөнхийлөгчид хандана" гэж хэвлэлийн бага хурал зарлаж байсан.

-Яагаад ингэж хэлснийг мэдэхгүй. Үүнийг хохирогч талаас нь асуу.

 

“ӨДРИЙН СОНИН”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top