Засгийн газар 2011 он гарснаас хойш газрын тосны бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах тухай асуудлыг тухай бүр нь хэлэлцэн шийдвэр гаргаж байжээ.
Энэ нь дараа саруудад газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ огцом өссөн тохиолдолд татварын хувь хэмжээг бууруулан дотоодын зах зээл дэх жижиглэнгийн үнийн огцом өсөлтийг сааруулах нөхцлийг Засгийн газар татварын зохицуулалтаар хийж байсан гэсэн үг юм.
Засгийн газар хэдний өдөр хуралдан татварын хэмжээг тухайн үед хэрхэн өөрчлөн тогтоож байсныг хүргэе.
2011.02.09
Энэ сард дизелийн түлшнээс онцгой албан татвар авахгүй
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензинд 190 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 160 мянган төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
АИ-92 автобензинд 230 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээсэн бол дизелийн түлшнээс авч байсан 20 мянган төгрөгийн онцгой албан татварыг “0” болгосон байна.
Энэ шийдвэрийг 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ОХУ-ын Роснефть компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 2011 оны 2 дугаар сард А-80 автобензин тонн тутамд 72, АИ-92 автобензин 21, дизелийн түлш 78 ам. доллараар тус тус өссөн байна.
2011.03.09
Онцгой албан татварын хэмжээг тогтоов
ОХУ-ын Роснефть компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 2011 оны 3 дугаар сард А-80 автобензин тонн тутамдаа 14, АИ-92 автобензин 18, дизелийн түлш 125 ам.доллараар буурчээ.
Үүнтэй холбогдуулан Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн дизелийн түлшинд “0” төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 130 мянган төгрөг болгож, АИ-92 автобензинд 230 мянган төгрөгийн татвар ногдуулж байсныг 250 мянган төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Харин А-80 автобензинд 160 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээж, бусад боомтоор оруулж ирэх автобензин, дизель түлшний татварыг хэвээр мөрдөхөөр болов. Татварыг 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд татварын хэмжээг тогтоосноор газрын тосны бүтээгдэхүүний үнэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй юм.
Дараа саруудад газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ огцом өссөн тохиолдолд татварын хувь хэмжээг бууруулан дотоодын зах зээл дэх жижиглэнгийн үнийн огцом өсөлтийг сааруулах нөхцлийг Засгийн газар татварын зохицуулалтаар хийж байна.
2011.04.06
Онцгой албан татварын хэмжээг өөрчлөв
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 автобензинд 160 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 140 мянган төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Мөн АИ-92 автобензинд 250 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 230 мянга, дизелийн түлшинд 130 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 210 мянган төгрөг болголоо.
Энэ үнийг 2011 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд бусад алслагдсан боомтоор оруулж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр байлгахаар болов.
Дараа саруудад газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ огцом өссөн тохиолдолд татварын хувь, хэмжээг бууруулан дотоодын зах зээлд жижиглэн худалдааны үнэ огцом өсөхөөс Засгийн газар сэргийлж татварын зохицуулалт хийж байна.
ОХУ-ын Роснефть компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ энэ сард А-80 автобензин тонн тутамдаа 56, АИ-92 автобензин 61 ам.доллараар өсч, дизелийн түлш 35 ам.доллараар буурчээ.
2011.05.11
Дизелийн түлшинд ногдуулж байсан татварыг 200,000 төгрөгөөр буурууллаа
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 автобензинд 140 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 110 мянган төгрөг болгон бууруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
АИ-92 бензинд 230 мянган төгрөгийн татвар ногдуулж байсан бол 170 мянган төгрөг, дизелийн түлшинд 210 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 10 мянган төгрөг болгож бууруулсан байна.
ОХУ-ын Роснефть компани дизелийн түлшийг хангалттай хэмжээгээр нийлүүлэх боломжгүй болсон учир “ТНК” компаниас өндөр үнээр /1250 ам.доллар/ авах зэргийг тооцон дизель түлшний татварыг 200 мянган төгрөгөөр буурууллаа. Энэ шийдвэрийг 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлнэ.
Харин бусад алслагдсан боомтоор оруулж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулах татварын хэмжээг хэвээр байлгахаар боллоо.
Засгийн газар автобензин, түлшний үнэ өсөхөд татварыг бууруулж дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнийн огцом өсөлтийг сааруулах боломж бүрдүүлж байгаа юм.
ОХУ-ын Роснефть компаниас энэ сард манай улсад нийлүүлэх А-80 автобензин 28, АИ-92 автобензин 59, дизелийн түлш 96 ам. доллараар өсчээ.
2011.05.25
Дизелийн түлшнээс импортын татвар авахгүй
Импортоор оруулж ирж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг “0” хувиар тогтоон 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс мөрдөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Энэ нь Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Ханх, Ульхан майхан боомтоор автобензин, дизелийн түлш оруулж ирэхэд хамаатай юм.
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирэх 90 хүртэл октантай автобензинээс 170 мянга, 90 ба түүнээс дээш бол 230 мянган төгрөгийн татвар авах бол дизелийн түлшинд татвар ногдуулахгүй юм байна.
Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар импортоор оруулж байгаа газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулах онцгой албан татварын хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргасан.
Энэ дагуу АИ-92 бензинд 230 мянган төгрөгийн татвар ногдуулж байсныг 170 мянган төгрөг болгож, дизелийн түлшинд 210 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 10 мянган төгрөг болгон бууруулсан юм.
2011 оны 5 дугаар сарын байдлаар дизелийн түлш улсын хэмжээнд 5200 тонн байгаа нь 4 хоногийн нөөц гэсэн үг юм. Иймээс Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг уурхайнуудаас бусад нүүрсний уурхайд дизелийн түлш нийлүүлэхийг 10 хоног түр зогсоох талаар газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран зохицуулж, хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгав. Энэ нь шатахууны хомсдолын улмаас ноцтой хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ юм.
Мөн улсын нөөцөөс 2050 тн дизелийн түлш гаргахыг Шадар сайд М.Энхболдод зөвшөөрч, түлшийг одоогийн мөрдөж байгаа жижиглэнгийн үнээр газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгжид олгох, борлуулалтын орлогоор нөөцийг нөхөн бүрдүүлэхийг сайд Д.Зоригтод даалгалаа.
Нийтийн тээвэрт дизелийн түлшний хэрэглээг багасгах зохицуулалтын арга хэмжээ авч хатуу хяналт тавих үүргийг сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар хүлээж байна.
Түүнчлэн Улаанбаатар хот, Дархан-Уул, Говьсүмбэр аймагт нийт 60 мянган тонны автобензин, дизелийн түлшний багтаамжтай улсын нөөцийн агуулах барихад шаардагдах хөрөнгийг “2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл болон “2012 оны төсвийн тухай хууль”-д тусгаж УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Мөн манай улсын газрын тосны бүтээгдэхүүний 20 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 32 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгахаар тогтов.
Гадаадаас газрын тосны бүтээгдэхүүн татаж авах асуудлаа яаралтай зохицуулж, шуурхай ажиллах, ажлын явцын талаар тогтмол мэдээлэл өгч байхыг Ерөнхий сайд С.Батболд холбогдох сайд, агентлагийн дарга нарт санууллаа. Мөн салбарын сайд болон агентлагийн удирдлагууд хоёр хөршид ажиллаж энэ талаархи яриа, хэлцээг эрчимжүүлэх үүрэг авсан байна.
Гал унтраах байдлаар олон жил явж ирснийг өөрчилж нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг ойрын үед эрчимтэй эхлүүлэх, энэ ажлын явцын талаар ирэх 7 хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Дэлхийн улс орнуудад нефть бүтээгдэхүүний хомсдол нүүрлэх төлөв ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд сануулсаар байна. Хойд хөршид ч байдал хүнд байгаа бөгөөд тус улсын Засгийн газар өнгөрсөн сард экспортын татвараа нэмж, гадаадад гаргах бүтээгдэхүүнийхээ хэмжээг хязгаарласан юм. “Роснефть” компани энэ сард 17 мянга орчим тонн дизелийн түлш л нийлүүлээд байгаа нь сард дунджаар 34 мянган тонн түлш хэрэглэдэг манай улсад хүндрэл учруулж байна.
Нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх талаар салбарын яамнаас ОХУ-ын талд албан бичиг хүргүүлснээс гадна Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хойд хөршид ажилласан юм. Энэ дагуу “Роснефть” компани энэ сард нэмж 8 мянган тонн түлш олгохоо албан ёсоор мэдэгдсэн ч өнөөг хүртэл ачуулаагүй байна.
Манай улс ганцхан “Роснефть” гэлгүй ОХУ-ын “ТИК-БП” компаниас тонн тутмыг нь 1250 ам.доллараар тооцон нийт 16 мянган тонн түлш авахаар тохиролцсон. Энэ түлш ирэх сарын 10-ны үед ирэх төлөвтэй байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ өдөр Засгийн газар 44 асуудлыг хэлэлцсэн байна.
Дизель түлш, автобензинээс онцгой албан татвар авахгүй
Засгийн газрын хуралдаанаар газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварыг өөрчлөх тухай хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Энэ дагуу Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 автобензинд 80 мянга, АИ-92 автобензинд 100 мянган төгрөгийн татвар ногдуулж байсныг “0” төгрөг болголоо. Мөн дизель түлшинд татвар ногдуулахгүй байгааг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийг 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн мөрдөнө. Бусад боомтоор оруулж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж буй онцгой албан татварын хэмжээг хэвээр байлгахаар болсон байна.
Татварыг ингэж бууруулснаар үнийн огцом өсөлтийг сааруулах, автобензин, дизель түлшийг “Роснефть” компаниас хангалттай хэмжээгээр нийлүүлэх боломжгүй байгаа учир ОХУ-ын бусад компани, БНХАУ-аас авч нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд татварын дэмжлэг болох юм.
Манай улс сард дунджаар 20 орчим мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг. “Роснефть” компани энэ сард зөвхөн 10 мянган тонныг өгөхөөр байгаа нь нийлүүлэлт багасахад нөлөөлж байгаа юм. Иймээс нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар тус компанитай яриа, хэлцээ хийж байгаа бөгөөд бусад эх үүсвэрээс ч шатахуун авч эхлээд байна.
“Роснефть” компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 7 дугаар сард тонн тутамдаа А-80 автобензин 119, АИ-92 автобензин 201, дизелийн түлш 4 ам.доллараар өсчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр болов. Хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний Онцгой албан татварын хэмжээг тэглэх, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг дотоод, гадаадын Хөрөнгийн биржид арилжаалах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Онцгой албан татварыг тэглэж үнийн өсөлтөөс сэргийлнэ
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн дизелийн түлш тутамд 100 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг “0” болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Дээрх шийдвэрийг энэ сарын 11-ний өдрөөс мөрдөж эхлэх юм.
Энэ сарын хувьд ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж байгаа дизель түлшний хилийн үнэ 73 ам.доллар буюу 95 мянган төгрөгөөр нэмэгдсэн тул онцгой албан татварыг ийнхүү тэглэлээ. Энэ нь дотоодын зах зээл дэх түлшний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахад чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна.
Бусад алслагдсан боомтоор оруулж ирэх автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварыг хэвээр мөрдөхөөр боллоо.
Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний бүх төрөлд онцгой албан татварын хэмжээ “0” болж, гаалийн албан татвар ч тэглэгдэж байна.
Автобензин, дизель түлшний хилийн үнэ өсөхөд Засгийн газар онцгой албан татварыг бууруулан, хилийн үнэ буурахад татварыг нэмж тухай бүр нь арга хэмжээ авч байсан. Үүний дүнд шатахууны дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнийн огцом өсөлт саарч, тогтвортой байгаа юм.
Харин сүүлийн үед “Роснефть” компани манай улсад хангалттай хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхгүй байгаа. Үүнээс болж импортлогч аж ахуйн нэгжүүд ОХУ-ын алслагдсан нутгаас, илүү өндөр үнээр АИ-92 автобензин худалдан авахаас өөр аргагүйд хүрч байна. Иймээс дотоодын зах зээл дэх энэ төрлийн бензиний литр тутмын үнийг 30 төгрөгөөр нэмэх зайлшгүй шаардлага гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )