ИЗНН-ын хүнсний салбарт хэрэгжүүлэх бодлогын цогц

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ АМЬДРАЛ

Монгол хүн Таныг амьд явах үндсэн эрхээ / Монгол Улсын Үндсэн Хуулийн  дугаар зүйлийн 1 дүгээрт заалт/ эдлэхэд шаардлагатай эрүүл, аюулгүй, амин дэмээр баялаг, тэжээллэг хүнсийг боломжийн үнээр худалдан авах батлагаагаар хангана.

 

ИЗНН-ын Хүнсний бодлого нь дараахи 3 тулгуур хэсэгтэй байна:

  1. 1.    Эрүүл, аюулгүй хүнс 
  2. 2.    Тогтвортой хангамж 
  3. 3.    Ухаалаг, жигд хүртээмж 

ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ХҮНС НЬ УХААН САРУУЛ, БИЕ ЭРҮҮЛ, ЭРЧ ХҮЧТЭЙ МОНГОЛ ХҮН ОРШИХУЙН ҮНДЭС ЮМ

 

Баримт: Монгол хүний хүнсний ногооны хэрэглээ зөвлөмж хэмжээнээс 35.5%,  С амин дэм 24.5 %, кальци 48.8 % -иар доогуур, өөх тосны хэрэглээ 1.5 дахин их байна. /Халдварт бус өвчинд нөлөөлөх хоол хүнсний эрсдэлт хүчин зүйлс” судалгааны үр дүнгээс, 2010/

 

ИЗНН ЮУ ХИЙХ ВЭ?

 

  • Гурван цагаан хорын агууламж өндөртэй, химийн будаг, хиймэл амт, үнэр оруулагч, тогтворжуулагч, нөөшлөгч бодис их хэмжээгээр агуулсан хүнсний бүтээгдэхүүний импорт, хангамжийг татварын бодлогоор хязгаарлах;
  • Хатуулаг өндөртэй согтууруулах ундааны дотоодын зах зээлийн борлуулалтад ногдох татварыг эрс өсгөх, харин экспортыг бүх талаар дэмжих;
  • Органик, зохицуулах үйлчилгээтэй хүнсний импорт, үйлдвэрлэлийг татвараас чөлөөлөх, Органик Хөдөлгөөнүүдийн Олон Улсын Холбооноос гаргасан стандартуудыг манай нөхцөлд зохицуулж, нутагшуулах, мөн органик бүтээгдэхүүнийг батлагаажуулах хөндлөнгийн этгээдийн ажиллах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх;
  • Сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, улсын үйлдвэрийн газрууд, уул уурхайн компаниудын хүнсний хэрэгцээнд Монгол хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоо, үр тариа, Монголын талд өсгөж, тэжээсэн малын мах, сүү түүгээр үйлдвэрлэсэн Эх орны хүнсний бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд нийлүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх;
  • Цэцэрлэг, сургууль, олон нийтийн үйлчилгээний газар стандартын ундны усны үнэгүй цэг ажиллуулах, хүүхэд багачуудын амны цангааг хийжүүлсэн ундаагаар биш харин цэвэр усаар тайлж занших;
  • Хүнсний шошго, сурталчилгаагаар дамжуулан иргэдийг төөрөгдүүлж, хуурч мэхлэх ажиллагаатай шийдэмгий тэмцэх, Хүнс, хөдөө аж ахуйн томоохон арга хэмжээний үеэр зөвхөн шилдгийг шалгаруулах биш Төрийн нэрийн өмнөөс “Нэр хугарахаар яс хугар” гэсэн уриан дор шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон импортлогчийн талаарх сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэх;
  • Хүнсийг үйлдвэрлэчихээд зах зээлд гаргасан хойно нь хянадаг тогтолцооноос татгалзан, тариан талбай, малын бэлчээрээс хэрэглэгчийн ширээ хүртэлх хүнс үйлдвэрлэлийн бүтэн мөчлөгийн эрсдэлтэй цэгүүдэд үр дүнтэй хяналт тавих тогтолцоонд шилжих
  • Олон улсын хэмжээнд туршаад үр дүнг нь судлачихсан “Сайн үйлдвэрлэлийн дадал”, “Аюулын дүн шинжилгээ, эрсдэлтэй цэгийн хяналт”-ын тогтолцоо, мөн системийн хувьд сайжруулсан эрсдлийн дүн шинжилгээний олон улсын стандарт IСО 22000-г хүнсний үйлдвэрүүдэд нэвтрүүлэхэд бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
  • Эхний ээлжинд мах боловсруулах, хиам, махан бүтээгдхүүн, өндөг болон бялууны зэрэг эрсдэл өндөртэй үйлдвэрүүдэд дээрх тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх;
  • Эрсдэлд суурилсан, оновчтой, хөрөнгө хүчээ зөв хуваарилсан хүнсний аюулгүй байдлын бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, төр захиргааны бүтэц бий болгох (Дэлхийн Хүнсний Батлагаат Байдлын Зөвлөлөөс гаргасан удирдамжийн дагуу Монгол улсын Хүнсний Батлагаат байдлын Тогтолцооны Загварыг боловсруулах, ХХААХҮЯ, ЭМЯ, БОЯ, Мэргэжлийн хяналт, ШБӨХЗГ, гадаадын төсөл хөтөлбөр, орон нутгийн засаг захиргааны байгууллага-ын үйл ажиллагаанд нэгдсэн дүгнэлт хийж, хөрөнгө оруулалт, тэргүүлэх чиглэлийн давхардлыг арилгах, эрх үүргийн хуваарилалтыг оновчтой болгох, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх );
  • Газар зүйн заалтад тулгуурлан хүнсний гарал үүслийг тодорхойлох эх үүсвэрийг тавих, шаардлага хангаагүй хүнсийг зах зээлээс эргүүлэн татах оновчтой арга механизмыг нэвтрүүлэх;
  • Бүтээгдэхүүний стандартуудыг Хүнсний хууль эрх зүйн Хороо-Кодексийн зөвлөмжийн дагуу сайжруулахаас гадна үйлдвэрлэлийн үйл ажиллагааг баримжаалсан хүнсний стандартуудыг боловсруулах, мөрдүүлэх;

ХҮНСНИЙ ТОГТВОРТОЙ ХАНГАМЖИЙН АСУУДАЛ МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НЭГ ЧУХАЛ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ МӨН

 

Монгол улс жилд дунджаар 2247 сая ам.долларын хүнсийг импортлож байгаа нь 1990 оны үетэй харьцуулахад даруй 3.6 дахин нэмэгдсэн бөгөөд нийт хүнсний хангамжийн70 орчим хувийг эзлэж байна. /НҮБ-ын ХХААБ, Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлт, Монголын улс, 2011 он/

 

ИЗНН ЮУ ХИЙХ ВЭ?

 

  • Өртөг шингээгүй түүхий махны экспортод албан татвар ногдуулах, квот тогтоох;
  • Хүн амын төвлөрөл ихтэй томоохон төв суурин газарт стратегийн хүнсний агуулах, зоорийг байгуулах ;
  • Дотоодын үйлдвэрлэлээр хангах бололцоо бүхий зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг импортлох тоо хэмжээнд квот тогтоох, тарифын болон тарифын бус зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Монгол улсын хүнсний тусгаар тогтнолыг хамгаалахад иргэн бүрийн оролцоог хангах зорилгоор нөхөрлөлийн зарчимд суурилсан өрхийн аж ахуйн хөрөнгө оруулалтын хэлбэрийг нэвтрүүлэх;
  • Уламжлалт арга барилд суурилсан, тогтвортой хөгжил болон байгаль орчинд ээлтэй чиглэлийг баримжаалсан өрхийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй-хүнс үйлдвэрлэлийн цогцыг татвар, татаасын бодлогоор дэмжин, хөгжүүлэх;

 

 

ХҮНСНИЙ ЖИГД, УХААЛАГ ХҮРТЭЭМЖ  НЬ НИЙГМИЙН ЭМЗЭГ ХЭСЭГТ ЧИГЛЭСЭН ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙН ЯЛГАВАРТАЙ БОДЛОГООР ИЛЭРХИЙЛЭГДЭНЭ.

 

Хүн амын 26% нь хоол тэжээлийн дутагдалтай, бага насны 6 хүүхэд тутмын 1 нь өсөлт хоцролттой байна. Мөн орлогын тэгш байдлын Жини коэффициент 37% тай байгаа нь хүнсний хүртээмж тэгш бус байх үндсэн шалтгаан болж байна /НҮБ-ын ХХААБ, Дэлхийн Өлсгөлөнгийн Индексийн тайлан, -2011 он, “Хүүхэд хөгжил-2010” судалгааны дүнгээс/

 

-       Хөдөө орон нутгийн хүнсний тэнцлийг бодитой тооцон, алслагдсан аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих;

-       Орон гэргүй иргэд, нэн ядуу өрхөд хүйтний улиралд халуун шөлний үйлчилгээ үзүүлэх хөдөлгөөнт цэгүүдийг ажиллуулах;

Хүнсний шинжлэх ухааны мастер Д.Тунгалаг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top