Өнөөдөр манай улс жилд дунджаар 70,000 шинэ хүнээр бүл нэмж байна. Харамсалтай нь Монгол улсын ирээдүй болсон шинэ хүнээ бид “арай ч дээ” гэмээр орчин нөхцөлд угтан авч байна. Өөрөөр хэлбэл бид ирээдүйгээ гаргуунд нь гаргаж байгаа хэрэг юм. Үүнийг зөвхөн төрсөн эхчүүд, эрүүл мэндийн салбарынхан мэддэг болохоор тэр бүр анхаарал татаад байдаггүй сэдэв юм.
Яагаад, юуны учраас ингэтлээ анхаарах ёстойг доорх тоон баримтаар тайлбарлахыг хичээе.
Улаанбаатар хот 4,7 мянган км2 хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй бөгөөд 391122 өрхтэй. Тэдгээрээс 70,3 хувь нь гэр хороололд, 29,7 хувь нь орон сууцанд амьдардаг. Нийт өрхийн 18,35 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур, 24,7 хувь нь ядуу, 13,95 хувь нь алслагдсан өрх байна. 2010 онд гэхэд 23450 өрх шилжин ирж суурьшсан. Хүн амын ядуурлын түвшин 26 хувь байна.
Нийслэл хотын хүн ам жил ирэх тутам өсөн нэмэгдэж байна. Үндсэн хүн амаас гадна хөдөлгөөнтэй 200,000-300,000 хүн ам байдаг. Нийслэлийн статистикийн газрын мэдээллээр өдөрт 78 хүн бүрмөсөн шилжин ирж, 29 хүн бүрмөсөн шилжиж явдаг байна. Гадаадын 1274 хүн аялал жуулчлал, албан хэргийн улмаас ирдэг байна.
Үүнийг доорх хүснэгтээс харж болно.

Энэ нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаагийн жишээ юм.

Үүнийг дагаад төрөлт нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл улсын хэмжээний нийт төрөлтийн 45.8% нь Улаанбаатар хотод төрж байна.

Ингэхээр төрөх эмэнэлгүүдийн ачаалал хэд дахин нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын амаржих газруудын ачаалал их, нэг эх нярайд ногдох талбай жишиг удирдамжаас доогуур байгаа нь нярайн халдвар гарахад нөлөөлж байна. Тухайлбал Сонгинохайрхан дүүрэг төрөх насны 86000 орчим эмэгтэйчүүдтэй. Сонгинохайрхан дүүргийн эмэгтэйчүүдэд эх барихын тусламж үзүүлж байгаа 2-р амаржих газар нь 75 ортой бөгөөд тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй. Мөн тус амаржих газрын барилга 1959 онд баригдсан, барилга сантехник, цахилгааны шугам сүлжээ хуучирч муудсан, газар хөдлөлтөд тэсвэр муутай, амаржих газрын стандартын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт НМХГ-аас удаа дараа гарч байсан юм.
Тиймээс энэ салбарт нэн тэргүүнд:
- Төрөлтийн үед эх нярайд тусламж үзүүлэх нэг удаагийн иж бүрдлээр хангах
- Нярайн эрүүл мэндийн тандалт шинжилгээг хийх
- Амаржих газруудын лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
Бид энэ бүхнийг анхааралгүй орхигдуулсны улмаас цөөнгүй нярай хорвоотой танилцаж амжилгүй мөнх бусыг үзүүлсэн эмгэнэлтэй түүх давтагдсаар байна. Энэ хэргийг өнөөдөр, яг одооноос л анхаарч ажиллахгүй бол бид ирээдүй рүүгээ их буугаар буудаж байгаагаас ялгаагүй юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )