Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар зочилж буй Стэнфордын их сургуулийн профессор, нэрт судлаач Фрэнсис Фукуяама, Ларри Даймонд, Стивен Краснер нарын олон нийтэд зориулсан нээлттэй лекц уншиж байна. Тодруулбал Профессор, нэрт судлаач Ларри Даймонд “Ардчиллын чанар чансаа, түүний оршихуйн увидас”, Фрэнсис Фукуяама “Дэлхийн санхүүгийн хямралын дараах хөгжлийн загварууд”, Краснер “Төр улсаа засан тохинуулахуй: Юу зохистой байв?” сэдвээр лекц унших юм.
Ганц удаа болох энэхүү үнэгүй лекцид төр, нийгэм, бизнесийн салбарынхон оролцож байна. Лекцийг МҮОНТ болон Eagle телевиз шууд дамжуулан хүргэж байгаа. Мөн төрийн ордоны А танхим болон бусад хэсэгт гаргаж байгаа юм.
Лекцийг удахгүй DVD болон ном болгон гаргах төлөвлөгөөтэй байгааг өнөөдөр зохион байгуулагчид хэллээ.
Манай оронд айлчилж байгаа Стэнфордын их сургуулийн профессор, нэрт судлаач Фрэнсис Фукуяама, Ларри Даймонд, Стивен Краснер манай улсад тун шахуу хуваарьтай айлчилж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн стратегийн таван өдрийн сургалтыг зохион байгуулж байгаа ажээ.
Профессор Ларри Даймонд “Ардчилал, хөгжил ба хууль дээдлэх ёс” төвийн захирал бөгөөд ардчилал засаглалын үр ашигтай ажиллагааны тухай “Ардчиллын амин сүнс” ном дэлхийд 12 сая ширхэг борлогдож байсан түүхтэй. Тэрбээр эдийн засгийн хөгжлөөс илүү засаг захиргааны үйл ажиллагааг сайжруулах нь чухал гэж үздэг.
Фрэнсис Фукуяама эрдэмтний хувьд Стэнфордын их сургуулийн дэргэдэх “Фрийман Спогли олон улс судлалын хүрээлэн”-гийн ахлах судлаач бөгөөд “Ардчилал хөгжил ба хууль дээдлэх ёс” төвийн гишүүн, олон RAND /судалгаа хөгжлийн байгууллагa/-ын удирдах зөвлөлийн гишүүн, “Ардчиллын сэтгүүл”-ийн зөвлөх, “Шинэ Америк” сангийн зөвлөхөөр тус тус ажилладаг.
Харин Стивен Краснер нь “Фрийгман Спогли олон улс судлалын хүрээлэн”-гийн дэд захирал, “Ардчилал хөгжил ба хууль дээдлэх ёс” төвийн захирал асан, “Хүүвер” хүрээлэнгийн гишүүн юм. Түүний 1999 онд бичсэн “Тусгаар тогтнол” ном дэлхийн улс төр судлалын салбарт шуугиан дэгдээж байжээ. Уг номонд олон улсын хууль эрх зүй, аливаа улсын хараат бус байдал хоорондын зөрчилдөөн болон түүний уршиг, үр дагаврын талаар дэлгэрэнгүй дурьджээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )