Салхитын салхин станц төсөл амжилттай хэрэгжиж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 08

Сүүлийн жилүүдэд манай орны цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 8 хувиар өсч байгаа бөгөөд хот байгуулалт болон томоохон хэмжээний уул уурхайн олборлолтоос шалтгаалсан эрчим хүчний зарцуулалт ойрын ирээдүйд улам эрчимтэй өсөх хандлагатай байна. Үүний ихэнх хэсгийг сэргээгдэх эрчим хүч ялангуяа салхины нөөцөнд тулгуурлан шийдэх боломжийг хайж, "Салхит" Салхин станцын төслийг эхлүүлсэн билээ.

Энэ төсөл хэрэгжсэнээр Монголд анхны 50МВт-ын чадалтай Салхин парк байгуулагдаж, Төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд шууд холбогдсоноор улс орны хэмжээнд цахилгаан хангамжийн асуудлыг сайжруулж, удаан хугацааны тогтвортой хөгжлийг хангахаас гадна байгаль орчинд ээлтэй орчин үеийн хамгийн дэвшилтэт технологийг өөрийн оронд нутагшуулж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Салхит уул ба Шар хөвийн нуруу нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байх бөгөөд Улаанбаатар хотод хамгийн ойрхон орших салхины нөөцтэй газар. 12800 га газрыг хамарсан салхины нөөцийн нарийвчилсан судалгааг олон жилийн турш явуулсаны үндсэн дээр 1.6МВт чадалтай 31 салхины цахилгаан станцыг суурилуулан босгох цэгийг олж тогтоожээ. Салхит Салхин станц нь жил бүр 1.6 сая тонн цэвэр ус, 150 мянган тонн нүүрс хэмнэхээс гадна 180 мянган тонн хүлэмжийн хийг агаар мандалд цацагдахаас сэргийлэх болно. Гадаадын судлаачид 1 га ой мод жилдээ 10 тонн хүлэмжийн хийг бууруулна гэж тооцдог бол, "Салхит" Салхин станц 18 мянган га ой модтой дүйцэхүйц хэмжээгээр байгаль орчинд сайнаар нөлөөлж байгаа юм.

Салхин Парк байгуулах бэлтгэл ажлын явц

Салхит уул, Шар хөвийн нурууны салхины нөөцийн судалгаа 2005 оноос хойш тасралтгүй үргэлжилсэн. Салхин паркийн нөөцийг тогтоохдоо салхины нөөцийн нарийвчилсан судалгаа сайтай орон бол 2-3 жил, тааруухан бол 3-6 жил тасралтгүй судалдаг жишиг олон улсын хэмжээнд нэгэнт тогтжээ. 2011 оны техник эдийн засгийн үндэслэлээр Салхит Салхин станц хэрэгжих бүрэн боломжтойг эцэслэн баталгаажуулсан тул Монголын анхны Салхин паркийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэх зорилгоор Төвийн нэгдсэн сүлжээнд буюу Налайхын дэд станцтай Салхин паркийг холбох 28 км урт 110кВ-ын хос хэлхээт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, Салхит Салхин станцын төвийг А0101 хурдны замтай холбосон сайжруулсан 11,5 км шороон зам, төмөр дээгүүрх гарц болон салхин цахилгаан станцын эд ангийг зөөж буулгах тусгай зориулалтын төмөр зам зэргийг тус тус барьж байгуулсан болно.

Салхит салхин паркийн бэлтгэл ажилд Монгол дахь Мянганы Сорилын Сан (МСС) ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тухайлбал, Налайхын дэд станцыг шинэчлэх, Диспетчерийн үндэсний төвийн хяналт, зохицуулалтыг сайжруулах зорилгоор Улаанбаатараас Налайх хүртэл шилэн кабель татах зэрэг ажилд шаардлагатай хөрөнгө оруулалтыг МСС шийдсэн юм.

Салхит Салхин станцын барилга угсралтын ажил

Дэлхийн хамгийн том салхин хөдөлгүүр үйлдвэрлэгчдийн нэг Женерал Электрик компаниас тус бүр нь 1.6мВт чадалтай бүгд 31 салхин цахилгаан станцыг худалдан авч, Салхит уул ба Шар хөвийн нуруунд суурилуулан босгоно. Лейтон ХХК нь эдгээр салхин станцыг тээвэрлэх (дараах зурагт үзүүлсэн), угсарч босгох, 35кВ-ын кабель татах зэрэг барилга угсралтын бүхий л ажлыг гардан гүйцэтгэнэ. Салхит Салхин станцын төслийн техникийн зөвлөхөөр Скурр Энержи компани сонгогдон ажиллаж байна. Салхин паркийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 2011 оны төгсгөлөөс 2012 оны эхэн үе хүртэл үргэлжилсэн бөгөөд гол барилга угсралтын ажил 2012 оны 4-р сараас эхэлсэн. Үүнд:

  • Салхин цахилгаан станцын суурийг бэлдэх
  • Салхин парк руу очих сайжруулсан шороон зам, станцуудыг хооронд нь холбосон уулын зам тавих
  • Салхин цахилгаан станц бүрийн дэргэд өргөгч краны зогсох талбай, салхин станцын эд ангийг байрлуулах талбай зэргийг засаж бэлтгэх
  • Салхин турбин генераторыг угсарч, ашиглалтанд оруулах
  • Станц бүрийг дэд станцтай холбох 35кВ-ын кабель татах
  • Салхин цахилгаан станцуудыг нэгдсэн сүлжээтэй холбоход шаардлагатай бусад тоног төхөөрөмжийн суурилуулалт, дэд станцын барилга угсралтын ажил зэрэг болно.

Салхит Салхин станцыг барих явцад 280 орчим ажлын байр орон нутагт шинээр бий болох юм.

Салхит салхин станцын үйл ажиллагааны талаар

Салхит салхин станц үйлдвэрлэсэн цахилгаанаа Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээгээр дамжуулан Улаанбаатар хотын хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөжээ. Салхин станц бол дулааны цахилгаан станц шиг нүүрс, ус хэрэглэхгүй, хүлэмжийн хий ялгаруулахгүй бөгөөд үйлдвэрлэлийн зардал багатай учраас түүний үйл ажиллагаа нь байгаль орчинд ямарваа нэгэн сөрөг нөлөөгүй, малчид салхин паркийн доторх газрын бэлчээрийг бүрэн ашиглахад ямар ч саад бэрхшээл гарахгүй гэнэ. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн оюутнуудыг дадлага хийж мэдлэг чадвараа дээшлүүлэхэд туслана. 

Клин Энержи ХХК нь Салхит салхин станцын үйл ажиллагааг удирдан ажиллах 30-аад орон тоонд үндэсний мэргэжилтэн инженерийг ажиллуулах бөгөөд уг станцын үйл ажиллагаатай шууд бус хамааралтай нэмэгдэл ажлын байр бий болох нь тодорхой юм.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top