Эх оронтой байснаас их мөнгөтэй байх нь дээр гэж үү

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

Сүүлийн үед гадаад мэдээнд албан татвараас болж иргэншлээ сольсон Францын жүжигчин Жерар Депардьегийн талаар их бичигдэж байгаа. Францын шинэ Ерөнхийлөгч Франсуа Олланд хэт баян иргэдийнхээ татварыг 75% болгож тогтоосон нь зарим нөхдийг эх орноо орхиход хүргэж байна.

Депардьег Оросын эрх баригчид талархалтайгаар хүлээн авч, ноён Путин өөрийн биеэр Сочид хүрэлцэн очиж, түүнд оросын иргэний үнэмлэхийг гардуулан өгсөн билээ. Тэр ч бүү хэл Мордовын соёлын яамны сайдын сэнтийг түүнд санал болгосон боловч тэрээр татгалзсан байна. Оросын иргэний үнэмлэхээ гардаж авсны дараа Саранск руу хүрэлцэн очиж, өөрийн мөрөөдлийн баатар, тариачдын бослогын удирдагч Емельян Пугачевын хөшөөг үзэж сонирхжээ.

Саранскт түүнийг дуу хуур, бүжиг наадамтай хөгжилдөн угтаж, шинэ орон сууцны түлхүүр гардуулж шагнасан аж. Депардье Мордовоос Цюрих рүү нисэн “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолд оролцох үедээ “Хэдийгээр оросын иргэний үнэмлэх авсан ч өөрийгөө франц гэж тооцсоор байх болно, тэгээд ч эх орноосоо явсан нь ганц татвартай холбоотой бус. Хэрэв татвараас болсон бол аль 20 жилийн өмнө явчих байсан.  Олон хүмүүс урьд нь явсан байгаа. Одоо та нар хамгийн баян 50 франц хүний жагсаалтыг хараарай. Тэднээс ердөө 20 нь л одоо Францад байгаа, бусад нь хилийн чанадад амьдарч байна” хэмээн ярьсан аж.

Энэхүү Депардьегийн жишээнээс харахад, хэдийгээр өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч хөрөнгө мөнгөө авч үлдэхийн тулд эх орноо орхиж байна гэж ойлгогдож байгаа. Эндээс, эх оронтой байсан нь дээр үү, эсвэл их мөнгөтэй байсан нь дээр үү? гэсэн асуулт урган гарч ирж байна.

Хэрэв манайханд ийм хоёр зам тулгарвал алийг нь сонгох бол? Одоо ч зарим нэгэн эрхмийг монголын газрын баялгийг гадныханд зарж, их мөнгө олоод гадаад руу зугатаад явчихлаа хэмээн сэжиглээд, цуурцгаагаад байгаа, хэр үндэслэлтэйг бүү мэд. Гэхдээ л олны үг ортой гэсэн айхтар теорем бий...

Депардье ч яахав, өөрийн хөлс, хүчээр олсон мөнгөө алдахгүйн тулд эх орноо орхиж гэж бодъё. Харин манай “сайхан гарууд” бол “буруу гарын” мөнгөө булаалгачихаас айн, гадаадыг зорьдог бололтой. Хэрэв тийм бол энд өдөр, шөнө мэт ялгаа оршиж байна.

Жишээ нь, экс-ерөнхийлөгч Н.Энхбаярын дүү Н.Энхтуяаг янз бүрээр бичээд байгаа. Ахынхаа хууль бусаар олсон их мөнгийг “угаадаг” байж байгаад Сингапураас алга болсон хэмээн, мөн Интерполоор эрэн сурвалжилж байгаа гээд. Эндээс харахад, энэ дүү нь олдоогүй цагт эксийг 100% буруугүй гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй болчихоод байна. Хэрэв үнэхээр л ямар ч гэмгүй байсан бол тэгж оргож, зайлах шалтаг байх уу? Харин ч бүр өөрөө хүрч ирээд энэ бүх худал үнэн нь мэдэгдэхгүй цуурхлыг нам дарах ёстой бус уу. Ганц Энхтуяа ч бус, өөр хэд хэдэн эрхмийн нэр дурдагдаад байгаа.

Энд л зарим нэгэн франц, монгол хүмүүсийн эх орноо орхих ялгаа гарч ирээд байна. Депардье хүссэн үедээ эх орондоо очиж чадна, харин Энхтуяатангууд насан турш нуугдаж, зугатаж амьдарна...

 Д.Мягмарсүрэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top