Бусаддаа гай болохгүй байя л даа, жолооч нараа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

 

Жолооч нарыг эрэгтэй эмэгтэй гэж хүйсээр нь хоёр ангилна. Тус бүр нь дотроо нас, мэргэжлээрээ ялгарна.  Тэдгээр нь дотроо бас салаалаад явнаа.  Ингээд салаалаад байвал олон төрлийн жолооч бий. Гэхдээ бүх жолооч нарыг  ухамсартай ба ухамсаргүй жолооч гэж  үндсэнд нь хоёр ангилж байгаа юм.  

Ухамсаргүй жолооч гэдэгт бөгсний загатнаа нь гараагүй шинэхэн, залуухан, давхих дуртай нөхдүүд багтана.  Шар гэрлээр орж азаа үзнэ,  дургүй хүртэл шахна, сигнал хэрэглэхээргүй газар хэрэглэнэ, эгнээ байраа буруу эзэлнэ, давхар эргэнэ, хөгжмөө эцэст нь тултал чангалаад, хорвоогийн эзэн, зам дээр ганцаараа мэт авирлах нь тэдний нийтлэг зан төрх. Хэрвээ ямар нэгэн аваар осол гаргасан тохиолдолд утгаараа “новширч” бусдад гай болдог.  Ийм хүмүүс бол автобус, микроавтобус, том оврын машин, жийптэнүүд багтана.

Харин ухамсартай жолооч нар  дүрэм зөрчихгүй. Бусад жолооч нарт хүндэтгэлтэй хандана. Өөрөөр хэлбэл тэд юм үзэж, нүд тайлсан улс болохоор аливаад хүлээцтэй хандана.  Тэдний хувьд замын хөдөлгөөнд оролцохоосоо өмнө аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, өрөөл бусдад гай болдоггүйгээрээ сайхан. Ийм хүмүүс бол олон жил жолоо барьсан,  гадаад явж замын хөдөлгөөний гайхамшиг гээчийг мэдэрсэн улс багтана. Дундаж насныхан.

Тэгвэл дээр дурьдсний завсараар буюу ухамсартай жолооч болохоор төлөвшиж байгаа хэсэг бүлэг жолооч нар байнаа.  Тэд харин дүрмийг хааяа зөрчдөг, гэхдээ цөөн тохиолдолд. 100 грамм эсвэл  халбага шар айраг уусан үедээ жолоо барихыг завдана.  

Ухамсаргүй болон ухамсартай болохоор төлөвшиж байгаа нөхдүүд өнөөдөр зам тээврийн осол хамгийн ихээр  гаргадаг. Тэгэхээр бүгдээрээ л ухамсартай жолооч болчихмоор байгаа юм.  

Бид урьдаа нэг машин орууллаа гээд дэлхийн сөнөхчихгүй болохоор бусдыгаа хааяа ч гэсэн хүндлэхэд яахав дээ.  

Байрнуудын голд, гэр хороололд сигнал хэрэглэхгүй байхад биднээс гарз гарахгүй.  Сигналныхаа оронд  гэрлээ ашиглахад болчих асуудал.

Зарим нэгэн нь санаандгүй шахна.  Тэрэнд нь шаралхаж, өсөрхөн урд нь гарч замыг нь хааж “шогтоод” яахав дээ.  Мөрөөрөө явбал хэн хэнийх нь уур, нерв хөдлөхгүй, амар амгалан болчих хэрэг.

Зам түгжирлээ гээд урсгал сөрөх, эгнээ байраа буруу эзлэх нь цаг хэмнэж байгаа мэт санагдавч энэ чинь ухамсаргүй үйлдэлд л орно.

Энэ мэтчилэнгээр цөөнгүй “но” жолооч бид нарт байгаа.  Хэрвээ бид нар нэгэндээ хүндэтгэлтэй хандаад, ухамсартай, соёлтой замын хөдөлгөөнд оролцвол бүгдэд ашигтай, зас тээврийн осол ч бага гарна.  Энэ нийтлэлийг уншсан жолооч нар ядаж нэг өдөр ухамсартайгааар оролцохыг хичээвэл нэг ч гэсэн осол гарахгүй, эд хөрөнгөөр гэмтэхгүй гээд олон давуу тал гарна.

Жолооч нараа зүгээр л ухамсартай, бусаддаа гай болохгүй замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгоое.

Уриалга гаргасан А.Баярмаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top