Хүлэмжийн хийний эсрэг Японтой хамтарна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

Байгаль орчин ногоон хөгжлийн  сайд С.Оюун, Япон улсаас Монгол Улсад  суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нар Монгол Улс болон Японы улсын Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл байгуулах” баримт бичигт гарын үсэг зурав.  Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 2009 оны 15 дугаар бага хурлаас дэлхийн агаарын температурын өсөлтийг аж үйлдвэр эрчимтэй хөгжиж эхлэхээс өмнөх үеийнхээс хэтрүүлэхгүй барих талаар улс орнууд нэгдсэн тохиролцоонд хүрсэн байдаг.

Уг зорилтыг биелүүлэхийн тулд агаарт ялгаруулж байгаа хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээг  одоо байгаа төвшнөөс хэд дахин бууруулах шаардлагатай юм байна. Энэ дагуу Япон улс “Хамтарсан кредит олгох механизм”-ыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тус улс 2020 он гэхэд өөрийн орондоо хүлэмжийн хийн ялгаралтыг 1990 онтой харьцуулахад 25 хувиар бууруулахаа албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Манай орны хувьд “Хамтарсан кредит олгох механизм”-ыг ашиглан эрчим хүч, зам тээвэр, барилгын салбарт сэргээгдэх эрчим хүч ашиглах, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн түлшийг солих зэрэг хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах ач холбогдол бүхий төслүүдийг Япон улсын өндөр технологи, тусламж, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх бололцоо бүрдэх юм.

Уг түншлэлийг байгуулснаар хамтарсан кредит олгох механизмыг хэрэгжүүлэх эрх зүйн ерөнхий суурь орчин бүрдэх бөгөөд уг механизмын хүрээнд хамтран ажилласнаар цэвэр хөгжлийн механизмын нэгэн адил хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж буй төслүүдэд ялгаралтын бууралтын баталгаажсан хэмжээгээр кредит буюу урамшуулал олгох боломж бүрдэнэ. Хамтарсан кредит олгох механизмын гол зорилго нь:

Нүүрстөрөгч бага ялгаруулдаг байгальд ээлтэй технологи, бүтээгдэхүүн, тогтолцоо, үйлчилгээ, дэд бүтцийг түгээн дэлгэрүүлэх болон хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь хөгжиж байгаа орнуудад Япон улсын зүгээс тусламж дэмжлэг үзүүлэх,

 Хөгжиж буй орны тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх,

Монгол зэрэг хөгжиж буй оронд хэрэгжүүлж буй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах буюу шингээж буй бодит хэмжээг тоон утгаар тооцоолох, энэ хувь хэмжээг олон улсын гэрээ хэлэлцээгээр хүлэмжийн хийн ялгаралтаа бууруулах үүрэг хүлээсэн тухайн дэмжлэг үзүүлсэн,  өндөр хөгжилтэй орон (тухайлбал Япон улс) үүргээ биелүүлэхдээ ашиглах,

 Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах буюу шингээлтийг нэмэгдүүлэх замаар дэлхийн дулааралтыг сааруулахад чиглэсэн дэлхий дахины хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц (НҮБУАӨСК)-ийн эцсийн зорилгыг биелүүлэхэд хувь нэмэр оруулах зэрэг  болно.

 Түүнчлэн ХКОМ нь манай орны хувьд 2011 онд УИХ-аар батлагдсан “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийн стратегийн 3-р зорилт болох “Байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл хэрэглээний үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх замаар хүлэмжийн хийн ялгаралтыг үе шаттайгаар бууруулж, нүүрстөрөгч бага ялгаруулдаг эдийн засагт шилжих эхлэлийг тавих” ажлыг хэрэгжүүлэх, мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 15-р бага хурлаас гаргасан Копенгагены тохиролцооны дагуу Монголын өргөн мэдүүлсэн “Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээ”-ний жагсаалтад багтсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд чиглэгдэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top