5386 осол гэмтэл бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 11

 

 

Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн өнөөдрийн хурлаар осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн явц, хэрэгжилт, үр дүн, Сайдын зөвлөлийн гишүүдийн ГССҮТ-д үйлчлүүлж буй иргэд болон хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзсан уулзалт, осол гэмтлийн талаарх сүүлийн үеийн статистик мэдээлэл, ГССҮТ-д хэрэгжиж буй Эрүүл мэндийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 375 тоот тушаалын хэрэгжилтийг тус тус хэлэлцжээ.

Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр нь осол гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан олон улсын жишигт ойртуулах замаар осол гэмтэл, хүчирхийллийн сөрөг үр дагаврыг багасгах зорилготойгоор хоёрдугаар үе шатаа энэ оноос эхлүүлээд явж байна. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр зам, тээврийн ослын улмаас нас барсан тохиолдол, хүүхдийн осол гэмтэл, түлэгдэл тодорхой хэмжээгээр буурсан ба гэмтэл согог, судлалын кабинетын тоо, орны тоо, эмчийн тоо тус тус ахисан үзүүлэлттэй гарчээ.

Улсын хэмжээнд сүүлийн 10 хоногийн байдлаар осол гэмтлийн өвчлөлийн 5386 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс хугарал гэмтлийн 1847 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын 34.3 хувийг эзэлж байна. Өвчлөлийг шалтгаанаар авч үзэхэд: осголт, хөлдөлт- 92, түлэгдэлт- 177, хугарал- 1847, хоолны хордлого-71, архины хордлого- 386 байна.

Бүртгэгдсэн осол гэмтлийн өвчлөлийн дийлэнх буюу 40.1 хувь нь ГССҮТ-өөс, 44.1 хувь нь нийслэлийн дүүргүүдийн эмнэлгээс, 15.8 хувь нь хөдөө орон нутаг, аймгуудаас ирсэн байна. Энэ хугацаанд осол гэмтлийн улмаас нас баралтын 26 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс зам тээврийн ослоор- 3, хөлдөлт осголтоор - 7, архины хордлогын улмаас-3, бусад эм, бодисын хордлогоор- 5, бусад ослын шалтгаанаар- 8 хүн тус тус нас барсан байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой 2013 оны 1 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд осол гэмтлийн өвчлөлийн 3327 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс хугарал гэмтлийн 786 тохиолдол бүртгэгдсэний дийлэнх 486 тохиолдол буюу 61.8 хувь нь халтирч унаснаас шалтгаалсан гэмтэл байна. Нийслэлийн дүүргүүдийн эмнэлэгт хугарал гэмтлийн 254 тохиолдол бүртгэгдсний 82.3 хувь нь хальтирч унаснаас үүссэн гэмтэл байна. Энэ хугацаанд түлэгдэлтийн 138 тохиолдол бүртгэгдэж, нийт осол гэмтлийн өвчлөлийн 4.0 хувийг эзэлж байна. Архины хордлогын 153 тохиолдол гарснаас 118 буюу 77.1 хувь нь нийслэлийн дүүргүүдийн эмнэлэгт бүртгэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Түүнчлэн “Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” сэдэвт мэдээлэл сургалт сурталчилгааны 3 дахь кампанит ажил 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл зохион байгуулагдахаар болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top