Эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид ээжтэйгээ хамт “хоригдож” буй нялх үрсийн талаар эртнээс асуудал хөндөгдөн яригдаж байсан боловч дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүргэжээ. Ойрын өдрүүдэд энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэлээн эрчимтэй яригдаж байгаа нь байдал жаахан ч атугай сайжрах болов уу гэсэн найдварын дөл сүүмэлзүүлж байна.
Одоогийн байдлаар тус хорих ангид 0-1 насны арван бяцхан хүүхэд “хүмүүжиж” байгаа ба мөдхөн ахиж 10-аар нэмэгдэх сурагтай байна. Эх нь хэдийгээр гэмт үйлдэл хийн хуулийн дагуу эрхээ хасуулсан байгаа ч эдгээр нялх үрс өөрсдийн эрхийг хязгаарлуулах гэм хийгээгүй баймаар. Эх сурвалжууд мэдээлж байгаагаар, эх нь хүүхдээ нэг нас хүртэл хамт байж болно хэмээн хуулиар зөвшөөрсөн хэрнээ эдгээр хүүхдүүдийн хоол хүнс, ахуйн хэрэгцээний зардал уг шоронгийн төсөвт суугддаггүй гэсэн хачирхалтай, хүн үнэмшмээргүй зүйл сонсогдож эхэллээ. Үүнээс үүдэн, эдгээр хүүхдүүд юу ч идэж ууж, хэрэглэдэггүй “зураг” юм уу, хаашаа юм гэсэн гажигтай асуулт тавимаар санагдав.
Хэрэв үнэхээр тийм бол арай ч дээ гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь. Бүхэл бүтэн улс байж аравхан нялх амьтныг тэжээхээс татганаж, гар татлаа гэж үү? Социализмын үед бол ганц айлд л ийм тооны хүүхдүүд өлсөж цангахгүй, идэж ууж, амьдарч болоод байсан.
Улсаас төсөв өгдөггүй болохоор хоригдлуудын хоолны шавхруугаар тэжээдэг гэнээ тэднийг, олигтойхон айлын нохойн гөлөгнөөс дор. Хоол унд нь л ийм байгаа юм чинь эрүүл ахуй, эмнэлгийн тусламж үйлчилгээ гэх мэт бусад зүйлсийн талаар ярихын ч хэрэг байхгүй. Шорон уртаашаа ердөө л ганцхан дотрын эмчтэй. Шоронгийн байр нь зориулалтын бус, хуучин цэргийн ангийн журмаар ашиглагдаж байсан байр болохоор стандартад нийцнэ гэсэн ойлголт үгүй, зай талбай, агаар хомс. Ийм л орчинд, хүний тоонд орж, хоол ундны мөнгө хүртдэггүй хэдэн “монголын ирээдүй” маань хүн болох дуртайдаа л өдрөөс өдөрт өсөн торниж байгаа аж.
Хувь заяаны учралаар ч юм уу, хоригдол ээжийн хүүхэд болж, хүмүүний орчлонд мэндэлсэн тэдний буруу гэж баймааргүй. Хоригдлын хүүхэд ч гэсэн хүүхэд. Тэд бусад хүүхдийн адил эрүүл аж төрөх наад захын эрхийг эдлэх ёстой!
Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )